Хятад эдийн засгаа хөргөх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Хятад эдийн засгаа хөргөх хэрэгтэй

БНХАУ дэлхийн эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлөхгүйгээр инфляцийн төвшингөө буулгаж, дотоодын эдийн засгийн өсөлтийг бууруулах шаардлагатай байна. Ингэхэд маш нарийн ажиллагаа шаардлагатай юм. Хөгжингүй эдийн засгийн бүсүүдийн өсөлт харьцангуй удааширч байгаа нь нууц биш. Олон улсын валютын сангийн тооцоолсноор 2011 оны аж үйлдвэрлэл чинээлэг орнуудын хувьд ердөө 2.2 хувь байна гэсэн бол БНХАУ-ынх дангаараа 9.6 хувьтай байна гэжээ.

Энэ долоо хоногт гарах тайланд БНХАУ-ын арваннэгдүгээр сарын импортын өсөлт нь экспортынхоос илүү гарах магадлал өндөр байгаа юм. Гэхдээ л экспортын биет хэмжээ нь импортын хажууд үлэмж их байх нь тодорхой байна. Өнгөрсөн сарын гадаад худалдааны зөрүү улам ихсэнэ гэж “Reuters” агентлагийн эдийн засагчид үзэж байгаа тухай мэдээлсэн нь Хятад улсыг гадаад худалдааны ашгийн төлөө юанийн ханшийг бууруулах ёстой хэмээн шүүмжлэгчдийн “бууг сумалсан” явдал боллоо.

Хятадын эрх баригчид инфляцийн тогтоон барихаар кредитийн салбарт шинэчлэл хийсний дараа дотоодын эрэлт ямар байх нь дэлхийн эдийн засгийн анхаарлын төвд буй юм. Тус улсын инфляцийн талаарх мэдээлэл ирэх долоо хоног хүртэл гарахгүй ч эдийн засагчдын тооцоолж буйгаар хэрэглээний өртгийн индекс арваннэгдүгээр сарын хэмжээнд 5.0 хувь байх аж. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сард хэдийнээ 4.4 хувь байсан инфляцийн хэмжээ улам донсолгох юм.

БНХАУ-ын Коммунист намын тэргүүлэгчид баасан гаригт илүү нарийн мөнгөний бодлого боловсруулж, шинэ системд шилжих болсон тухай зарласан билээ. Энэ нь эдийн засгийн өсөлтийг удаанаар ч болов багасгах шаардлагатайг эрх баригчид анзаарсаныг харууллаа.

“Хятад улс бодлогын хүүгийн төвшинг нэмэх нь тодорхой. Гэхдээ хэзээ, хэр хэмжээгээр гэдэг нь асуултад хариулт алга. Харин “илүү нарийн мөнгөний бодлого” гэдэг үг нь эрх баригчдын сонирхлоос хамаарч ямар ч утга илэрхийлж болох юм. Тус улсын хувьд мөнгөний нийлүүлэлтийг багасгаж, зээлийн олголтод дахин хязгаарлалт хийж эдийн засгаа хөргөх арга авах болов уу” хэмээн Лос Анжелес дахь “ISI Group”-ын БНХАУ-ыг хариуцсан салбарын тэргүүн Дональд Страсжейм хэлж байна.


Урд хөршийн хувьд хэдийнээ зээлийн бодлогод өөрчлөлт хийгээд байгаа билээ. Өнгөрсөн сард инфляцийг бууруулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор зээлийн бодлогын хүүгийн төвшинг нэмсэн. Тус улсын хувьд 2007 оноос хойш нэг ч удаа хүүгийн төвшинг өсгөж байгаагүй юм. БНХАУ-ын Ардын банк хүүгийн төвшинг 5,31 хувиас 5,6 хувь хүртэл, харин нэг жилийн хадгаламжийн хүү 2,25-2,5 хувь болж байгаа аж. Гурав дахь орон сууцаа авах гэж байгаа иргэдэд зээл олгохыг түр зогсоож, олгох зээлийн нийт хэмжээг хязгаарласан юм. Орон нутгийн засаг захиргааг зээл олгохыг хориглож, мөнгөн хуримтлалаа нэмэгдүүлэх даалгавартай аж. Үүний үр дүнд жилийн өмнө шинээр зээл авалтын хэмжээ 34 хувь байсан бол аравдугаар сард 18 хувьд ч хүрээгүй байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын томоохон хотуудад инфляци өсч байгаа. Харин хүүгийн төвшинг нэмсэнээр банкны зээл олголт буурч, эдийн засгийг хөргөх ач тустай хэмээн Засгийн газар үзэж байна. Хятадын эдийн засаг харьцангуй тогтвортой хөгжлийн бодлого баримталж эхэлж буйгийн ачаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 онд 10 хувь, 2011 онд 9,5 хувь байж, 2012 онд есөн хувьд барих зорилготой аж. Хүүгийн төвшинг нэмж байгаа нь 2008 оны арваннэгдүгээр сард боловсруулсан дөрвөн триллион юанийн хөгжлийн хөтөлбөрийн дуусгавар болж буйтай давхцаж байгаа ч инфляцийн өсөлт, өмчийн зах зээл, банкны кредитийн хувьд харьцангуй асуудалтай буй. Инфляцийн төвшин өссөнөөс дунд болон урт хугацааны зээл авалт багасч, өмчийн үнэ өсчээ.
Инфляцийн өсөлт зөвхөн санхүүгийн зах зээл, хүнсний үнээр зогсохгүй цаашид бусад салбарт ч нөлөөлөх болж байгаа нь Засгийн газрыг бодлогоо өөрчлөх хэрэгтэйг сануулж байна хэмээн Бээжин дэх “IHS Global Insight” компанийн эдийн засагч Сьянфан Рений хэлэв.

Бусад орнуудын хувьд ч Хятадын эдийн засгийг хэт халалтаас болж сүйрэхийг хүсэхгүй байгаа юм. Европын холбооны хувьд БНХАУ нь худалдааны хамгийн том түнш бөгөөд эдийн засгийн хэт халалт нь огцом уналтыг дагуулвал хэдийнээ өрийн асуудлаас болж хүнд байдалд буй Европын орнуудад ч халтай. Европын коммиссын тооцоолсноор БНХАУ-аас хийсэн импортын хэмжээ өнгөрсөн онд 215 тэрбум евро байсан бол экспорт нь 80 тэрбумаас ч илүү байсан юм. Герман бол Европын аж үйлдвэрлэлийн гол бүс, нэг ёсондоо тус тивийн эдийн засгийн зүтгүүр гэгддэг орон билээ. Гэтэл арваннэгдүгээр сард Германы  импортын хэмжээ экспортынхоос илүү өссөн байгаа юм. Эндээс харахад Хятадын уналт Европыг донсолгох аюултай. Харин Европт уналт үүсвэл АНУ гээд дэлхийн хамгийн том эдийн засгийн бүсүүд ч хүнд байдалд орж байгааг сүүлийн үеийн үйл явдлууд харуулсан билээ.

АНУ-ын гадаад худалдааны тайлан баасан гаригт гарах бөгөөд өмнөх сарынхтайгаа ижил байх төлөвтэй байгаа юм. Аравдугаар сард тус улсын гадаад худалдааны зөрүү 44 тэрбум ам.доллар байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж