“Оюутолгой”-н ТУЗ уу, Монголын Засгийн газар уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ТУЗ уу, Монголын Засгийн газар уу?

Баахан хэл амны бай болж бай­гаа “Оюутолгой” ХК-ийн Тө­лөө­лөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн хурал маргааш бол­но. Өнгөрсөн долоо хоногт бу­юу арванхоёрдугаар сарын 1-ны өдөр болсон хурлын та­лаар компанийн зүгээс ямар нэ­гэн мэдээлэл гаргаагүй, асууж лавлахаар монгол голдуу эрх­мүүд “гэрэвшиж” дөлөөд бай­гаа болохоор Оюутолгойн 34 хувиа монголчууд   “тавиад туу­чихаж” гэсэн дуулиан дээр улам тос нэмж байна. Дал­дуурхан хийсэн Хувь ний­лүүлэгчдийн гэрээ ёсоор “Оюу­толгой” ТУЗ дангаараа да­вуу эрхтэй хувьцаа гаргах эрх­тэй. Үүгээр далайлган ихээ­хэн хэмжээний давуу эрх­тэй хувьцаа гаргаснаар Мон­голын Засгийн газрын эзэм­шил “хайлж урсах” нь гэсэн мэдэгдэл монголчуудыг цочирдуулж байгаа юм. Төсөрхөн УИХ-аар зэсийн үнэ 5000 ам.доллараас давсан тохиолдолд хүдэр, баяжмал зэрэгт өндөр хувийн татвар ногдуулахаар болсон нь Оюутолгойд үйлчлэхгүй гэсэн нь монголчуудын уур унтууг хүргээд байгааг ч хэлэх үү.

Харин энэ удаад “санхүүгийн аргаар” арайчүү тогтоосон 34 хувиа алдах нь гэсэн айдас нөмөрч байна. Үүнийг УИХ-ын нэр бүхий эрхэм гишүүд барим тавин ярьж, хариуд нь Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан гол эрхмүүдийн нэг Д.Зоригт сайд “Үгүй ээ, тийм биш” гэж хэчнээн бүлтэгнэсэн нь ч хайнааг нь хагалах тулхтай хариулт алга.

ТУЗ-ийн есөн гишүүн 4:5 гэсэн харьцаагаар давуу эрхтэй хувьцаа гаргахаар шийдсэн гэж байгаа. Эсрэг санал өгсөн нь Монголын гурав /П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд/ нар дээр хэдийгээр “Рио Тинто”-г төлөөлж байгаа ч элэг нь хаачихав гэж ТУЗ-ын дарга Я.Батсүх нь давуу эрхтэй хувьцаа гаргахыг эсэргүүцсэн бололтой. Нэгэнт “элэг”-ээрээ талцаад шахуу монголчууд хүний цөөнөөр шийдвэрт нөлөөлж чадаагүй гэсэн дүр зураг харагдаад байгаа болохоор яг юу болсон, цаашид хэрхэх вэ гэдгийг  “хүний цөөнөөр бөөрөлхүүлэхгүй” гэсэн ясанд нь шингэсэн зангаар харж байна, монголчууд. Ядаж байхад “дээрэлхүүлсэн” байж болох монгол эрхмүүд дуугардаггүй. П.Цагаан зөвлөх лав ханиад туссан шалтгаанаар сэтгүүлчдийн “хөл”-өөс дайжин, монголчууд бид хоорондоо хэрэлдээд байхаар гадныхантай яаж хэл амаа ололцох вэ дээ гэсэн маягийн зүйл хэлж байгаа сурагтай.  

Хоёр гол тоглогч Д.Зоригт сайд болон уур ихтэй байгаа гишүүдийн тайлбар нь жирийн иргэд ойлгоход жаахан төвөгтэй, тэнгэр, газар шиг зөрөөтэй. Хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгааг хэлэхэд хэцүү. Ямар ч гэсэн давуу эрхтэй хувьцаа гээч юм гарахад жирийн монгол хүний миний баялгийн эзэн байх эрхтэй харшлах, эсвэл холтлох зүйл байна уу гэдгийг л ойлгохыг хүсч байна, олонх жирийн иргэд.

Давуу эрхтэй хувьцааны нэгжийн үнэ нэг сая ам.доллар. Үүнээс нэлээд хэсгийг нь Хятадын “Чанелько” худалдаж авсан гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл давуу эрхтэй хувьцаа гэж юу вэ?
Давуу эрхтэй хувьцаа гэдэг нь саналын эрхгүй байдгаараа энгийн хувьцаанаас ялгаатай. Гэхдээ компани ашигтай ажиллаагүй байсан ч тайлант хугацаанд тодорхой хэмжээний ногдол ашиг авдгаараа онцлог. Эрсдэл үүссэн ч тодорхой хэмжээний ногдол авах боломжтой гэдгээрээ зээлтэй ч бас ойролцоо юм шиг. Тийм учраас монголчууд баахан давуу эрхийн хувьцаа гаргаад хүүгээс ялгаагүй дарамт гарч ирнэ. Чингээд монголчуудын ашгаас холтолчихно гэсэн айдас байгаа юм уу даа. Энд бас 34 хувийг эзэмшигч ч 64 хувийн эзэмшигч ч ялгаагүй хувь хувьдаа таарсан болгоомжлол буй нь тодорхой.

Харин “Рио”, “Айвенхоу” хоёр яагаад давуу эрхтэй хувьцаа гаргахыг чухалчлаад байна вэ гэдгийг сонирхвол компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа тохиолдолд хувиа давуу эрхийн хувьцаа гаргах буюу ногдох хувиудаа барьцаалан зээл авах хувилбар бий гэсэн маягтай тайлбар сонсогдов. “Оюутолгой”-н зүгээс Монголын Засгийн газрын 34 хувь хэзээ ч хөдлөхгүй, хайлж урсахгүй, давуу эрхийн хувьцаа гаргаж байгаа нь харин ч энэ хувийн халдашгүй дархан байдлыг хамгаалж буй хэрэг. Зардал өсч, ашиг буурах ахул Монголын тал ч хөрөнгө оруулагчдын тал ч хувь хувьдаа хүртэх ашиг нь адилхан л буурна шүү дээ гэж тайлбарлаж байна.

Харин энэ мэтийн тайлбарыг сонсохыг ч хүсэхгүй бөгөөд Хувь нийлүүлэгчдийн гэрээг хуйвалдан хийж “Рио”, “Айвенхоу” хоёрт илүү боломж олгосон, энэ чигээр байвал монголчууд оюу шиг эрхэм баялгынхаа голыг гадныханд нь алдах нь гэж үзэж буй эрхмүүд бий. Сэрэмж илүүдэх нь үгүй. Хөрөнгө оруулагчид хар толгой, харагдаж буй ашгаа бодохоос биш “Тэнэг хүний хоолыг булаагаад яах вэ” гэж монголчуудыг хөөрхийлнө ч гэж юу байх вэ? Тийм учраас хоёр талаас дэлэм, сөөм зөрөөтэй тайлбар хийж байгаа ч монголчууд нөхцөл байдал, нуугдаж буй айдас, боломж бүхнийг мухарлан шалгах, байр сууриа хамгаалах, байж болох боломж болгоныг харах ёстой нь зүй. Бидний өмнөөс хэн ч үүнийг хийхгүй шүү дээ. Тиймээс маргааш болох “Оюутолгой” ТУЗ-ын хурлыг ч анхааралтай харах нь зүй биз ээ.

Дээр цухас дурдсан өсөн нэмэгдэх роялтийн татвар Оюутолгой ХК-д хамаарахгүй гэж байгаа нь ч эрхэм гишүүдийн эгдүүг хүргэж “Тэгж яривал Хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчил гэж Засгийн газартаа үүрэг өгнө. Өөрчилж чадахгүй бол хаана л биз, манай баялгийг канадууд “үүрээд” гараад явж чадахгүй юм байгаа биз дээ” гэсэн хилэнт үг чулуудаж байна. Чингэвэл ч үнэхээр асуудал хурцтах нигууртай буй за.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж