“Хямдхан” төсвийг хямраасан баярууд

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Хямдхан” төсвийг хямраасан баярууд

Шинэ он, шинэ жил айсуй. Нэгэн онд бүтээсэн хийснээ тооцож, томъёолж амжаагүй байтал арванхоёрдугаар сар гар­чихлаа. Ганган гацуур, гоёл чимэглэлээр шинэ оныг төсөөлдөг ч гацууртайгаа зүс булаалдан гоёх адын хүсэл хүүхэд багачууд төдийгүй хүүхэн болгоныг нөмөр­дөг гэвэл хилсдэхгүй. Эрчүүд ч шинэхэн хослолоо өмсөх нэгэн боломж нь шинэ жилийн баяр байдаг. Үүнийг наймаачид овжноор ашиглаж, шинэ жилийн гоёл чимэглэлийг ихээр базаажээ. Нийслэлийн хамгийн хөл ихтэй газар “Нарантуул” захаас эхлээд захын дэлгүүр, гэр хорооллын ТҮЦ-т хүртэл шинэ жилийн саа, гацуурын чимэглэлүүд, тоглоом зарж эхэлжээ. Ноднингийн шинэ жилээр 500-800 төгрөгөөр худалдаалж байсан гацуурын чимэглэл энэ жил 1200-1500 төгрөг болон үнэ нь нэмэгджээ. Гацуур модны тухайд ч хямд төсөрхөн нь ховор байна. Хамгийн бага 50 см-ийн гацуур л гэхэд 15 мянган төгрөг ажээ. Харин шалнаас тааз хүрсэн 2,20-2,80 метрийн өндөртэй гацуур модыг 100-120 мянган төгрөгөөр худалдан авч болох юм байна.

Бүсгүйчүүдийн гоёлын даа­шинз­ны хамгийн хямд нь л 80-100 мянган төгрөг байх бөгөөд фирмийн даашинз гэвэл саяд дөхөх ажээ. Хамгийн төсөрхнөөр шинэ жилийн гоёлоо бэлтгэе гэхэд даашинз, гоёлын шаахайтайгаа 250-400 мянгад эргэлдэж байна. Мэдээж энэ хэмжээний бэлтэй хатагтай нар тийм ч олонгүй. Ганцхан үдэш бусдаас дутахгүй гэхдээ сарын цалингаа зарцуулах зоригтой эзэгтэй эгэл борчууд дунд ховор. Харин баячуудын хүрээлэл дотор бол энэ байтугай гоёлоор ганцхан үдшийг чимэх бэлтнүүд зөндөө.

Эрчүүдийн хувьд брэн­дийн хослолоор биеэ чимж хүүхнүүдийн нүд унагахыг хүсэхгүй өнгөрөх нь үгүй. Хүмүүсийн гоёж, гоодох хүслийг дэлгүүр хоршооныхон ашиглахыг хүснэ. Эрэлт ихсэхээр нийлүүлэлт нэмэгддэг нь зах зээлийн хууль боловч гадаад улс оронд баяр ёслолын үеэр зарладаг хямдрал, хөнгөлөлт манайд эсрэгээрээ үйлчлэх нь харамсалтай. Ноос ноолууран эдлэл, гар утасны опера­тор компаниудаас эхлээд бая­рын хямдрал зарлаж, хэрэг­лэгч­дэдээ элдэв бэлэг бари­хаар сурталчлаад байгаа ч хэрэглэгчид нь сэтгэл дундуур байна. Учир нь тэдний олонх нь бүтээгдэхүүнийхээ үнийг ердийн үеийнхээс өсгөж, өссөн үнээс нь хямдрал зарласан байх юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ буцаагаад ердийн үнээр нь борлуулж байж хямдрууллаа хэмээн зар түгээж буй нь хэрэглэгчдийг хууран мэхэлсэн хэрэг хэмээн тэд үзэж байгаа юм. Манайхан шинэ он, шинэ жилийг хамгийн сайхан баярт тооцдог. Гэр бүлээрээ баярлаж цэнгэхийн дээр ганган гацуур, гоёхон чимэглэлүүд нь өнгө нэмдгээс тэр биз. Шинэ жилийн баярын сэтгэгдэл арилж амжаагүй байхад залгадаг нэгэн баяр бол Монголын уламжлалт цагаан сар юм. Энэ жилийн хувьд цагаан сар бүр ч эрт тохиохоор байна. Төсгбаясгалантын зурхайд бууснаар хоёрдугаар сарын 4-ний өдөр золгоно. Тэгэхээр өвлийн баярыг хаврын баяр залган авна гэсэн үг. Олон жарны турш тэмдэглэж заншсан уламжлалт баяраараа элгэн саднаараа уулзаж, өтгөсөө хүндэлж, нялхсаа таних боломжийг жилдээ нэг удаа олгодог билээ. Гэсэн хэдий ч жил ирэх бүр цагаан сарын төсөв зардал нэмэгдсээр, зон олны нуруун дахь ачааг улам хүндрүүлсээр байгаа нь үнэн юм. Хөдөө орон нутгийнхан намрын хайлганд идээ цагаагаа бэлтгэчихдэг бол хот орон газрынхан сар шинийн өмнөхөн л бэлтгэлээ базаадаг.

Гэтэл энэ жилийн хувьд цагаан идээний үнэ ханш тэнгэрт хаджээ. Одоогийн байдлаар л гэхэд хорхой ааруул кг нь 8000 төгрөг, монгол шар тос кг нь 9000 төгрөг, аарц кг нь 2000 төгрөгт хүрчихээд байна. Энэ үнэ хоёр сарын дараа хэд болон нэмэгдэхийг таашгүй. Ийм л өртөг зардал өндөртэй баярууд шил даран хүлээж байна, биднийг.  Гоёж гоодох, наргиж цэнгэх нь хүний бса нэгэн хэрэгцээ. Тэгэхээр баяраас татгалзана гэж юу байхав. Харин өрх гэрийнхээ болон улс орныхоо хэмжээ хязгаартай төсөвт багтаан төсөрхөөн аргаар сайхаан баярлаж сурахсан.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж