З.Энхболд: Фракц бол аль ч намд байдаг

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Фракц бол аль ч намд байдаг

Одоогоос арван жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд  ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй. Энэхүү түүхэн өдөртэй холбогдуулж, УИХ-ын гишүүн З.Энхболдоос сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

-Ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулж байсан түүхэн өдрийг дурсахгүй юу. Таныг тэр үед тус намын анхны нарийн бичгийн даргаар томилогдож байсан гэдэг?
-УИХ-ын 2000 оны сонгуульд ардчиллын төлөөх намууд сонгуульд ялагдаж УИХ-д хоёрхон суудалтай болсон. Өмнөх парламентад 49 гишүүнтэй байсан юм. Тухайн үед Л.Гүндалай УИХ-ын сонгуульд нэр дэвших үедээ Ардчилсан намын гишүүн байгаагүй. Тиймээс 2000 онд Ардчилсан нам байгуулагдаад ердөө долоо хонож байхад гишүүнээр элссэн тухайгаа сая бүлгийн хуралдаанд  дурсаж байна билээ. Л.Гүндалайг Ардчилсан намын гишүүн болоход намын батлахыг нь өгч байсныг санаж байна. Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Ардчиллын төлөөх намуудыг нэгтгэх болсон гол шалтгаан нь ялагдал байсан. Дан дангаараа явах юм бол ялагдах юм байна. Эвтэй нэгдээд нийлээд явбал ялж  болдог гэдгийг 2004 оны сонгууль харуулсан. Өөрөөр хэлбэл, арван жилийн өмнөх үйл явдал зөв байжээ гэдгийг  монгол орны амьдралд гүйцэтгэж байгаа Ардчилсан намын үүргээс тодорхой харагдана. Энэ өдөр бол Ардчилсан нам шинээр байгуулагдсаны арван жил юм. Ардчилсан нам байгуулагдсан өдрийг 1990 оны тавдугаар 26-нд МоСДН-ын бүртгүүлсэн өдрөөр тооцдог. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн хамгийн эхний бүртгэлд байдаг. Ардчилсан нам  нэртэй болж шинэчлэн зохион байгуулагдсан өдрөөр тооцвол арван жил болж байгаа юм.

-Таван нам нэгдэхэд бэрхшээлтэй зүйл хэр байсан бэ. Тэр үед нэгдэн орсон намууд одоо Ардчилсан нам дотор фракц хэлбэрээр байх шиг?
-Биднийг бүтэлгүйтээсэй гэж боддог хүмүүс “Тал талаасаа нийлсэн юмнууд нэг л өдөр задраад унана даа” гэж муу ёрлодог байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл задралгүйгээр дотоод зөрчлөө тэвчиж Монгол Улсынхаа иргэдийг ажилтай, амьдралтай, хөрөнгөтэй байлгахын төлөө нэгдэж чадсан. Фракц бол аль ч намд байдаг. Түүнийгээ хүлээн зөвшөөрч ажиллаж чадах уу, чадахгүй юу,  дараад алга болгох уу гэсэн хоёр сонголттой. Ардчилсан нам  бол хүлээн зөвшөөрөөд явж байгаа нам.

-Танай намд хэдэн фракц байна вэ, таныг нэг фракцийнх нь толгойлогч гэдэг?
-Би бол фракцийн толгойлогч биш. Эрдэнийн хувь гэдэг клуб бол байгаа. Зорилго нь хамтарсан Засгийн газрын гэрээнд Эрдэнийн хувь тусаагүй байсныг тусгуулах зорилготойгоор байгуулсан. Тэр клубт бүх фракцийнхан бий.

-Ардчилсан намын үнэт зүйлийг бусад намууд дуурайн хуулбарлаж байна гэх шүүмжлэл гарах болсон. Үүнтэй та санал нэгдэх үү?
Тийм оролдлого МАН-ын зүгээс гарч байгаа. Тэр бол явцгүй л дээ. Яагаад гэхээр хэн ч итгэхгүй л дээ. Хэн ч юу ч гэж ярьж болно. Харин үйлдлээр нь үзэл баримтлал нь  өдөр болгон илэрч байдаг. Жишээ нь,  805 тэрбум төгрөгийг бэлнээр тараая гэхэд Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг “Бэлэн бусаар хүмүүст аж ахуй эрхлэхэд нь нэг удаа бөөнөөр нь өгч болно” гэдэг шийдвэрийг нэмж гаргуулсан. Иргэн баян бол улс баян гэдэг бодлогын илрэл. Харин МАН бэлнээр тараахыг урьтал болгосон. Тус нам бол улс баян гэдгийг илүүд үздэг

-Таван нам нэгдсэн зорилго биелэсэн үү?
-Сонгуулийн үр дүнг эргэн харах хэрэгтэй гэж бодож байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд 2004, 2008 оны сонгуулиуд болсон. Тэгэхэд бидний олсон амжилт 2000 оныхоос хамаагүй өндөр байна. Аливаа улстөрийн нам бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Засгийн эрх барих ёстой. Тэр үүргээ муугүй гүйцэтгэж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж