Хоёр бүлгийн санал нэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Хоёр бүлгийн санал нэгджээ

Засварлага авах асуудал дээр хоёр бүлгийн санал нэгджээ

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг мөн өдөр хаалттай хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус бүр авч хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийв.

Тэрбээр “УИХ парламент ёсыг төлөвшүүлэх, төгөлдөржүүлэх асуудлаар өөрийгөө боловсронгуй болгох ёстой.  Түүн дотроо УИХ-ын байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг боловсронгуй болгох. Мөн УИХ-ын гишүүдийн үүрэг,  эрх,  хариуцлагын тогтолцоо, зохион байгуулалт,  хууль хэлэлцэх дэгийг боловсронгуй болгох ёстой гэдэг үүднээс Монгол Улсын Их хурлын тухай хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар тусгаж өгсөн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд чөлөөтэй асуулт асууж, саналаа хэлдэг. Тэгвэл үүнд өөрчлөлт оруулж, намын бүлгүүдийн дүгнэлттэй холбоотой асуудлаар тав хүртэлх гишүүн асуулт асуух, бүлгүүдээ төлөөлж гурав хүртэл гишүүн байр сууриа тодорхой илэрхийлж байх заалтыг хуулийн төсөлд оруулж өгч байна. Түүнчлэн УИХ-ын дотор хянан шалгах үйл ажиллагааг боловсронгуй болгохтой холбоотой нэлээн олон санал яригдсаныг  нээлттэй болгож үлдээлээ” гэсэн юм.

Тус бүлгийн хувьд хамгийн их цаг гарган ярилцсан асуудал нь завсарлага авах хугацааны тухай байжээ. Бүлгийн гишүүд “Хоёр бүлэг санал нийлээгүй асуудлаар завсарлага авснаар  асуудлыг хэдэн сар, хэдэн жилээр хэлэлцдэггүй. Үүнээс болж, улс орны амьдралтай холбоотой амин чухал асуудал шийдэхгүй хойшлуулдаг. Тиймээс завсарлагыг хугацаатай болгох ёстой” гэж үзжээ. Ингэхдээ завсарлагын нийт хугацаа 21 хоног байх боломжтой гэж үзсэн юм байна. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний боловсруулсан төслөөр намын бүлэг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан бол долоо хоног, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаас завсарлага авсан бол  тус бүр тав хоног завсарлага авч болох заалтыг тусгаад буй аж. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийнхний боловсруулсан энэхүү заалт хоёр намын бүлгээс үндсэндээ дэмжлэг авсан. Харин хуулийн төсөл батлагдсан нөхцөлд хэрэгжих хугацааг хэдийгээр тогтоох вэ гэдэг дээр бүлгүүдийн санал маргаантай байгаа ажээ. Тодруулбал, УИХ дахь Монгол Ардын намын бүлэг завсарлагын хугацааг одооноос хэрэгжүүлээд явах бололцоотой гэсэн байр суурь баримталж байгаа бол Ардчилсан намын бүлэг 2012 оны сонгуулийн дараа хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буй гэнэ.

Мөн бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн төсөл юм байна. Эл хуулийн төслийг бүлэг гурав дахь удаагаа хэлэлцэж буй. 

Бүлгийн гишүүдийн хувьд дээрх хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад ажилгүйдэл ядуурлын төвшин буурах ёстой.  Үүний тулд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн биржийг сайн ажиллуулах, төр,  хувийн хэвшлийн харилцааг сайжруулах, ажлын байр бий болгосон  нөхцөлд татварын урамшуулал, зээлийн хөнгөлөлт үзүүлдэг байх гэх мэтчилэн эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой гэсэн саналыг ч бүлгийн гишүүд гаргажээ. Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт ажлын байр бий болгох чиглэлээр 178 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаж өгсөн юм байна. Үүнийг үр дүнд хүргэхэд шинээр батлах энэхүү хуулийн төсөл үр дүнгээ өгөх учиртай. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр явуулж байгаа аргачлал, удирдлага менежмэнтээ өөрчилж, шинэ зохион байгуулалтад оруулах шаардлага байгаа талаар ч гишүүд хөнджээ. Өнөөдрийн төвшинд хөдөлмөр эрхлэлтийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хариуцаж буй. Гэвч хүн хүчний хүрэлцээ дутмаг аж. Иймд хөдөлмөрийн асуудал хариуцсан дагнасан цомхон агентлаг байгуулах,  ажил олгогч,  Үйлдвэрчний эвлэлийн байгууллага,  бусад төлөөллийг оролцуулсан Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн үндэсний хороо байгуулах, тус байгууллагыг хэнээр удирдуулах вэ гэдэг асуудал ч хөндөгджээ.  Тиймээс дээрх асуудлыг ажлын хэсэг нарийвчлан авч үзэж, саналын томъёоллоо нэгтгээд, дараагийн  бүлгийн хуралдаанд оруулж ирж, шийдвэрлүүлэх даалгаварыг авсан байна. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчид бүлгийн даргаас дараах асуултад хариулт авсан юм.

-Байнгын хороодын хуралдааныг хаалттай болгох тухай яриад байгаа. Энэ асуудалд бүлгийн гишүүд ямар байр суурьтай байна вэ?
-Ажлын хэсэг шийдэж өгөхийг хүссэн, дөрөв, таван асуудал дээр бүлэг голлож ярилцсан болохоор энэ асуудлыг яриагүй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр шийдчихнэ.

-Нийслэлийн Монгол Ардын намын Хяналтын хороо хуралдаад Ц.Шинэбаяр гишүүнийг Монгол ардын намаас  гарсанд тооцсон байна. Энэ асуудлыг бүлгээр хэлэлцсэн үү?
-Энэ асуудлыг бүлгээр хэлэлцээгүй. Бүлгээр энэ асуудлыг хэлэлцэх шаардлага байхгүй, мэдээлэл л авч байгаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж