Ерөнхийлөгч өө, хориг тавихаас бүү ай!

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өө, хориг тавихаас бүү ай!

Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн иргэн бүрт сар болгон 21 мянга, жилд нийтдээ 805 тэрбум төгрөгийг тараах тухай УИХ-ын шийдвэрт хориг тавих эр зориг Ерөнхийлөгчөөс гарах болов уу?

Энэ их мөнгийг тийм байдлаар тараах нь үр ашиггүй төдийгүй эдийн засагт сөрөг үр дагавартай гэдгийг уг нь гишүүд ойлгож байгаа. Улс төрийн амлалтдаа баригдан гаргасан энэ шийдвэрээсээ магадгүй зарим нь айж ч байгаа. Аз болж Ерөнхийлөгч хориг тавиасай гэж битүүхэн хүсч ч байгаа.

“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг сайн хүн болж бэлэн мөнгө тарааснаасаа илүү хохирол авчирна гэдгийг бүгдээрээ л ойлгоод байх шиг. Харин одоо энэхүү амлалтаасаа татгалзчих эр зориг гаргавал бэлэн мөнгө өгснөөс чинь илүү ихээр талархахад бид бэлэн байна.

Намууд нэг сая, 1.5 сая төгрөгийг иргэдэд өгнө гэж, энэ мөнгийг нь өгүүлнэ гэж Ерөнхийлөгч амлахын хувьд амласан. Гэхдээ буцаж болохгүй тийм чухал зүйл, амины үнэтэй андгай тангараг юм гэж үү? Мэдээж үгүй.

Бид үр хүүхдэдээ хэчнээн хайртай ч хайчаар тоглуулдаггүй. Ямар ч тэнэг хүн өөрийнхөө сууж буй мөчрийг хөрөөддөггүй биз дээ. Тэгээд яагаа вэ? Яагаад одоо тэр их мөнгийг үр ашиггүй хэлбэрээр цацаж, галаар наадах гээд байгаа юм бэ.

Дэлхийн банкнаас төсөвт өгч буй дүгнэлтээр бол бэлэн мөнгөний амлалтаас шалтгаалан өнөөдөр арав орчим хувьтай байгаа инфляци ирэх онд энэ байгаа дээрээ дахиад 15 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь эдийн засаг дахь цалин хөлс, үнийн дарамтыг өсгөхөөс гадна төгрөгийн бодит ханш огцом чангарахад хүргэнэ. Төгрөгийн бодит ханш чангарах нь экспортын салбарт сөргөөр нөлөөлдөг аюултай аж. Өөрөөр хэлбэл, олон улсын худалдаанд гарах боломжтой салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг байна. Учир нь тэдгээр салбарууд нь дотоодын түүхий эдийн үнэ өртөг нэмэгдэхтэй зэрэгцээд эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх боломжгүй, зөвхөн дэлхийн зах зээл дээр тогтсон үнээр л борлуулдаг.

Эдийн засагт эрэлт, нийлүүлэлт гэдэг ойлголт байдаг. Энэ хоёр зүйл юмны үнийг тогтоодог. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө нэмэгдэхийн хэрээр түүгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэсэн эрэлт өсөх ба энэхүү эрэлтийг нь гүйцэх нийлүүлэлт хэрэгтэй болно. Харин нийлүүлэлт нь эрэлтээ даган өсч чадахгүй бол юмны үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл эрэлт нь нийлүүлэлтээсээ их байвал үнэ өсч, эрэлт нь нийлүүлэлтээсээ бага байх тохиолдолд үнэ буурдаг. Одоо бол иргэдийн гар дээр бэлэн мөнгө өсөхийн хэрээр эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасах дүр зураг харагдаж байгаа. Дотоодын үйлдвэрлэл багатай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ Хятадаас голчлон импортолдог Монголд эрэлтээ гүйцэх нийлүүлэлтийг бий болгоно гэдэг амаргүй. Эцэстээ энэ 805 тэрбум төгрөг Эрээн рүү гараад дуусна гэж зарим хүмүүсийн хэлээд байгаагийн учир нь энэ.

Эрэлт, нийлүүлэлтийн хол зөрүү бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх тохиолдолд бид өмнө нь 500 төгрөгөөр худалдан авч байсан зүйлээ 1000 төгрөгөөр авдаг болно. Энэ нь бэлэн мөнгөний бодит үнэ цэнийг богино хугацаанд идэж, өнөөдөр улс төрийн хувьд ашигтай зүйл мэт боловч маргааш тэгж их хүсэх зүйл байхаа болино.

Өнөөдөр сар болгоны нэг л өдөрт ганцхан удаа авах 21 мянган төгрөгөөсөө илүү ихийг үлдсэн 29 хоногт нь буцааж төлөх болно. Үүнийг иргэд ойлгож байгаа. Анхнаасаа ч иргэд энэ мөнгийг улстөрчдөөс гуйгаагүй. Тэгэхээр Засгийн газарт ажиллаж байгаа хоёр нам эр зориг гаргаад энэ амлалтаасаа татгалзчихад уурсч, хорсох шалтгаан иргэдэд байхгүй. Үгүй гэхэд Ерөнхийлөгч тэдний гаргасан шийдвэр дээр хориг тавьчих. Хүмүүс бас л алга ташна. Та бүхнийг амласнаасаа буцдаг гэж гоочлохгүй, харин улс төрийн эр зоригтой гэж магтах болно.

Маргарет Тетчер анх эдийн засгийг либералчлах бодлогоо юунаас эхэлж байсныг та бүхэн мэдэж байгаа. Юун түрүүнд сургуулийн хүүхдийн үдийн цайнд өгдөг сүүг хасч, хатуу сэтгэлтэй төмрөөр хийсэн авгай гэж эхнэр хүүхнүүдэд хараалгуулж байсан гэдэг байх аа. Түүний улс төр дэх “төмөр хатагтай” гэдэг нэр үүнээс үүдсэн юм билээ. Английн эдийн засаг аажмаар эрүүлжиж, өнөөгийн голдрилоо олсны дараа түүх түүний гавьяаг үнэлсэн.

Үүнийг бодож, амлалтаасаа буцах эр зориг гаргаач гэж эрх барьж байгаа хоёр намын удирдлагаас гуйх байна. Эцсийн найдвар болгож, Ерөнхийлөгчийг хориг тавиач гэж мөн хүсэх байна.

Ерөнхийлөгч өө, та амласнаа буцаж нэр, нүүрээ барна гэж бүү ай. Таны ямар зөв юм хийснийг хэдхэн жилийн дараа бүгд ойлгоно. Хориг тавьж, улс төрийн эр зориг одоо л гарга.

З.БОРГИЛМАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж