Н.Энхбаяр дарга МАН-аасаа гарах бодолгүй байгаа гэсэн

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр дарга МАН-аасаа гарах бодолгүй байгаа гэсэн

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг Монгол Ардын намаас хасчээ гэх мэдээлэл тархсан юм. Үүнтэй холбогдуулж, Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дарга н.Дондогоос дараах тодруулгыг хийсэн юм.

-Нийслэлийн Монгол Ардын намын Хяналтын хороо хуралдаад УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг намынхаа гишүүнчлэлээс хассан гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн Монгол Арлын намын Хяналтын хороо хуралдаад Ц.Шинэбаярыг намаас хассанд тооцсон шийдвэр гаргасан. Ц.Шинэбаяр удаа дараа “би Монгол Арлын намын гишүүн биш, тэр намд элсэн ороогүй. Элсэн орох ч үгүй гэсэн. Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр намын Ерөнхий нарийн бичгийн даргад шаардлага хүргүүлсэн. Тэр шаардлагадаа “Намайг Монгол Ардын намын гишүүн биш байхад Монгол ардын намын гишүүн мөн болгож надтай холбогдуулан янз бүрийн асуудал ярьж, хугацаа өгсөн. Хяналтын Ерөнхий хороогоор хэлэлцүүлж намайг хасах гэсэн байна. Намын гишүүн биш байхад намайг хасах гээд байна гэх утга бүхий шаардлага байсан. Ер нь бол хуулийн дагуу МАХН-ын бүх гишүүд Монгол Ардын намын гишүүн болж байгаа. Яагаад гэвэл нам нэрээ өөрчилсөн. Улсын дээд шүүхээс өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Монгол Ардын нам 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан. Гишүүдийн тоог 161.300 гээд тодорхой бичсэн байгаа. Энэ тоонд Ц.Шинэбаяр болон штаб дотор байгаа бүх хүмүүс орж байгаа юм. Хууль зүйн үүднээсээ МАХН-ын гишүүд Монгол Ардын намын гишүүн байна гээд байхад МАХН-ын удирдлагууд тусдаа тасраад Монгол Ардын нам байгуулсан гэж буруу тайлбарлан асуудалд хандаад байна. Тийм учраас Ц.Шинэбаяр гишүүнтэй намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга ч уулзсан. Монгол Ардын нам биш гэдгээ ч удаа дараа мэдэгдсэн. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдсэн.  Энэ бүхнийг үндэслээд Монгол Ардын намын дүрмийн 6.1 дэх хэсэгт Монгол Ардын намаас гишүүн өөрөө сайн дураар гарч болох тухай заалт байгаа. Түүнийг нь үндэслэсэн.

-Ц.Шинэбаяр гишүүнтэй адил байр суурьтай гишүүд нэлээдгүй байгаа. Тэр хүмүүсийг яах вэ?
-Өчигдрөөс бусад гишүүдтэй намын удирдлагууд уулзаж эхэлсэн. Н.Удвал болон тэр штаб дээр ажиллаж байгаа болон дүүргүүдийн зохицуулагч нартай уулзана. Хэрвээ тэд энэ ажлаа үргэлжлүүлнэ, МАН-ын гишүүн бишээ гэх юм бол намаас гарсанд тооцсон шийдвэрийг гаргана.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг яах вэ?
-Н.Энхбаяр даргатай хоёр гурван хоногийн өмнө намын дарга уулзсан. Намын даргад Н.Энхбаяр дарга “Одоохондоо Монгол Ардын намаасаа гарах бодолгүй байна. Гэхдээ миний  хэлж байгаа үг Монгол ардын намаас гарахгүй гэсэн үг биш. Үйл явдлын өрнөлийг харна” гэсэн юм билээ. Н.Энхбаяр дарга Монгол Ардын намаас гарна гэвэл хүсэлтийг нь ёсоор болгох нь мэдээж хэрэг.

Хууль эрх зүйн талаасаа МАХН гэдэг нэрийг ашиглаж болохгүй. Улстөрийн намын 15.6 –д “Тухайн нам өөрчлөн байгуулагдаж нэрээ сольсон тохиолдолд хуучин нэр, бэлэг тэмдэг, туг далбааг санал нэгдээгүй гишүүд болон бусад хүмүүс дураар ашиглахыг хориглоно” гэсэн заалт байгаа. Түүнээс гадна МАХН-ын бэлэг тэмдэг, туг далбаанд зохиогчийн эрхийн гэрчилгээг 2004 онд МАХН-ын удирдах зөвлөлийн нэр дээр авсан байдаг. Зохиогчийн эрхийг зөрчин хэн нэгэн ашиглах юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тийм учраас бид МАХН-ын түр штаб гэдгийг нийслэлифйн Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчихөөд байна. МАХН-ын гэсэн нэрийг ашиглаад байгаа үйл ажиллагааг зогсоож өгөөч гэж хандсан. Бэлэг, тэмдэг, туг далбааг ашиглаж байгааг зогсоон хуулийн дагуу хурааж аваач ээ гэж шүүхэд хандсан.

-МАХН-ын штабынханд МАХН-ын гишүүний батлах байгаа шүү дээ?
-МАХН Монгол ардын нам болсон тул намын батлах шинээр хийнэ. Намын шинэ батлахын загвар гарсан. Он гарангуут бүх гишүүдэд тараана гэж тохирсон.

-Монгол Ардын намын дүрмэнд намаас хөөх гэсэн ойлголт байхгүй биз дээ?
-Хөөх гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Сайн дураараа гарах, гарсанд тооцох гэсэн хоёр заалттай. Гарсанд тооцно гэдэгт намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулсан хүнийг гарсанд тооцоод гишүүнд буюу анхан шатны байгууллагад мэдэгдэнэ гэсэн заалт байдаг.

Ер нь танай намын Хяналтын Ерөнхий хороо намынхаа удирдлагаас хэр хараат бус байж чаддаг вэ?
-Бодлогын төвшинд намынхаа удирдах зөвлөл, намын дарга нартайгаа зөвшилцөх зүйл байдаг. Түүнээс бус гарч байгаа шийдвэрт тэд нөлөөлдөггүй.

-С.Молор-Эрдэнийг шүүхэд өгсөн гэж байсан. Энэ хүн нам бус гэсэн байхаа?
-Одоогийн байдлаар С.Молор-Эрдэнийг шүүхэд өгсөн байгаа. Яагаад гэвэл С.Молор-Эрдэнэ бол манай намын гишүүн биш. Ногоон намын Сүхбаатар дүүргийн намынх нь дарга. Өөр намын гишүүн штаб дээр очиж суучихаад МАХН-ын гишүүн шиг манай гишүүдтэй хамтарч ажиллаад, хамаг үймээнийг тариад сууж байна. Тийм учраас  бид хамгийн эхлээд энэ нөхрийг өгөх ёстой юм байна гээд шүүхэд өгсөн. Бид С. Молор-Эрдэнэд арга хэмжээ авахуулах гэж өгөөгүй. МАХН-ын түр штаб гэдэг нэрийг хэрэглэхгүй байх, хоёрдугаарт нь МАХН-ын бэлэг тэмдэг, туг эмблемийг ашиглахыг зогсоохоор шүүхэд хандсан. Өөр намын нэрээр хэн нэгнийг бүртгэх нь бидэнд хамаа байхгүй.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж