Ложистикийн төв байгуулахад 71.6 сая ам.доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Ложистикийн төв байгуулахад 71.6 сая ам.доллар зарцуулна

УИХ дахь Арчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа нийт таван асуудлыг авч хэлэлцсэнээс нэгийг нь хойшлуулжээ. Тодруулбал, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хойшлуулсан юм байна. Санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт зааснаар 13 сая ам.долларыг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Хүнс,  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай бүлгийн хуралдаанд оролцож, энэ талаар тодорхой мэдээлэл өгөх байсан ч ирээгүй тул эл асуудлыг хойшлуулах үндсэн шалтгаан болжээ. Харин Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд олгох нэмэлт Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг тус бүр дэмжсэн. Нөхцөл нь боломжийн гэж үзэж. Тухайлбал, “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд долоон сая орчим еврог Борнуурын сангийн аж ахуй, Партизаны сангийн аж ахуйн хооронд авто зам барихад зарцуулах аж. Гол нь энэ ажлыг нэг жилийн дотор багтаан дуусгах ёстой гэсэн зарчмын саналыг бүлгийн гишүүд гаргажээ. Мөн Замын-Үүд боомтод баригдах Ложистикийн төв байгуулахад шаардагдах нийт өртөг нь 71.6 сая ам.доллар. Үүнээс 26.6 сая ам.доллар нь төсөв дээр шийдэгдэх ёстой. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ. Тиймээс зээлийн хэлэлцээрт тусгасан шиг энэ ажлыг гүйцэтгэхэд 3-4 жил шаардана гэснийг Засгийн газрын зүгээс хурдавчлуулж, хугацааг богиносгон хурдан хугацаанд хийж дуусган ажлыг эхлүүлэх ёстой гэсэн байр суурийг бүлгийн гишүүд мөн гаргаж, олонхийн дэмжлэг авчээ. Ингэхдээ ажлыг шуурхайлах чиглэлээр Засгийн газар төлөвлөгөө гаргаж, улмаар гүйцэтгэгч талд хяналт тавьж ажиллах бол УИХ Засгийн газарт хяналт тавина. Энэ нь зээлийг үр дүнтэй ашиглахад дэмжлэг болно гэж үзсэн юм байна. Түүнчлэн урт хугацаатай хөнгөлөлттэй зээл хэрэгжих болуут маш олон төслийн баг байгуулагддаг. Тэдгээр нь өндөр үнэтэй машин унаж зээлийн ихэнх хэсгийг урсгал зардалд зарцуулж, үргүй зардал ихээр гаргадаг тул энэ талын алдааг гаргуулахгүй байх тал дээр Засгийн газар хяналтаа чангатгах ёстой гэж үзсэн юм байна. Эдгээр мэдээллийг бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд өгсөн. Түүнээс дараах асуултад тайлбар авсан юм.

-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн долоо хоногт нэр бүхий хоёр сайдад хариуцлага тооцох шаардлагатай байгаа талаар албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Хоёр сайдын нэг нь танай бүлгийн гишүүн. Энэ асуудлыг бүлгээр авч хэлэлцсэн үү?

-Энэ долоо хоногт УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, иргэн Н.Лхагважаваас гаргасан гомдлыг авч хэлэлцэнэ. Хоёр сайдын асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо Засгийн газраас урьтаж шүүрч аван хэлэлцэх тухай асуудал байхгүй болов уу. Яагаад гэвэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёр сайдад хариуцлага тооцох тухай асуудлыг Засгийн газрын тэргүүнд явуулсан учраас гэсэн хариулт өгсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж