Себастьян Веттель шилдэг уралдааны нисгэгчээр тодров

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Себастьян Веттель шилдэг уралдааны нисгэгчээр тодров

Лондон хотноо болсон AUTOSPORT сэтгүүлийн нэрэмжит шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр Себастьян Веттель 2010 оны Олон улсын шилдэг уралдааны нисгэгчээр тодорсон байна. “Формула нэг”-ийн улирлын хамгийн сүүлийн гараа болох Абу Дабигийн гран-при уралдааны өмнө дөрвөн нисгэгч аваргын төлөө өрсөлдөж байсан бөгөөд Веттель сүүлийн гараанд түрүүлснээр “Формула нэг”-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсон билээ.

Өдгөө 23 настай Герман нисгэгчид шагналыг нь “Формула нэг”-ийн 13 гран-пригийн ялагч Дэвид Коултхард гардуулан өгсөн байна. Сануулахад, 2009 онд Веттель түүнийг орлож, Red Bull багт ирж байсан билээ. Веттель “Үнэхээр ачаалалтай сар болж өнгөрлөө. Гэхдээ бас хамгийн ихээр сэтгэл догдлуулсан сар байлаа. Жолооны хүрд маань одоо ч зогсч амжаагүй л байна” хэмээн ярьжээ. Autosport сэтгүүлийн оны шилдэг уралдааны нисгэгчийн төлөө Веттелиэс гадна Фернандо Алонсо, Дарио Франчитти, Льюис Хэмильтон нарын шилдгүүд мөн өрсөлдсөн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж