Тасганы овоо орчмыг хязгаарлалтын бүсэд хамруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Тасганы овоо орчмыг хязгаарлалтын бүсэд хамруулна

Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль УИХ-аар батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнө нь Засгийн газрын тогтоол, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  хурлын шийдвэр, УИХ-аас баталсан хөтөлбөрүүд нэлээд бий ч, яг энэ асуудлыг зохицуулсан хууль байгаагүй гэнэ.

Тиймээс Ерөнхийлөгчийн боловсруулсан хуульд гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээгээ сайжруулах. Гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоож, стандартын шаардлага хангасан зуух, нар, салхины эрчим хүч, байгальд ээлтэй хямд халаалтын шийдлүүдийг ашиглах. Ингэсний үндсэн дээр эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг 50 хүртэл хувиар бууруулах урамшууллын систем тогтоох. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологи, санаачилгыг нэвтрүүлэх. Хамгийн гол нь энэ хууль, тогтоомжийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Өөрөөр хэлбэл хуулиар үүрэг хүлээгээд биелүүлээгүй зөрчил хоёр удаа гаргавал албан тушаалаас халагдах хүртэл хариуцлага тооцдог байх заалтыг энэ хуульд тусгасан байна.

Мөн хязгаарлалтын бүсийг нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар батална. Хамгийн гол нь Улаанбаатар хотын төв хэсэг рүү орж ирдэг утааны эх үүсвэр болсон  3-4 хорооллын эцэс, Телевиз, Тасганы овоо, Дэнжийн 1000, Зуун айл, Сүхбаатар дүүргийн 9-10 хорооны айлуудыг хязгаарлалтын бүсэд багтаана. Стандартын шаардлага хангасан зуух, цахилгаан дулааны хэмнэлттэй технологи, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглаж хотын утааг багасгах талаар 2011-2012 оны өвөл тодорхой хэмжээний үр дүн гаргах зорилго агуулсан. Энэ хуулиар Засгийн газарт нэлээд том үүрэг өгөгдсөн. Тухайлбал, нар, салхи, газрын гүний дулаан болон  сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагууруудыг  гааль болон НӨАТ-аас чөлөөлнө. Үүнийг Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах журмаар шийднэ. Утааг бууруулахаар стандартын зуух, гэрийн бүрээс авсан, байшингийнхаа дулаалгыг  хийсэн айл өрхийн хүмүүсийг хувь хүний албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж байгаа. Бас утааг бууруулах ажилд тодорхой хандив өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудыг тэр хэмжээгээр нь орлогын албан татвараас чөлөөлнө. Хууль энэ маягаар хэрэгжинэ” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж