Нөхөн сэргээлт хангалтгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээлт хангалтгүй байна гэв

Дорнод аймагт Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” компани 2006 оноос газрын тосны хайгуул, өрөмдлөгө явуулж эхэлсэн. Тус компанийн ажиллагаа байгаль орчинд хор хөнөөл үзүүлж буй эсэх болон нөхөн сэргээлтийн ажлыг ямар төвшинд хийж байгаа талаар Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Ганбатаас тодрууллаа.

-Танай аймагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаа байгаль орчинд үзүүлж буй нөлөө ямар байна. Нөхөн сэргээлтээ хангалттай хийж байна уу?
-“Петрочайна дачин тамсаг” компани Нефтийн өрөмдлөг хайгуулын ажил явуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улсын Засгийн газар,  Газрын тосны хэрэг эрхлэх газар, БОАЖЯ-наас нөхөн сэргээлтийн болон бусад стандарт гаргахаар ажиллаж байгаа. Компаниуд  гурван хэмжээст хайгуулын талбай  дээрээ нөхөн сэргээлтийн ажлыг 100 хувь хийсэн гэж болно. Харин нефтийн өрөмдлөгийн цооног болон томоохон хайгуулын цооногуудад нөхөн сэргээлт хангалтгүй, зарим газраа огт хийгээгүй байна. Нийтдээ өрөмдсөн цооногийн 60 орчим хувийг дарж булах нөхөн сэргээлт хийгээгүй. Үүнийгээ ойрын хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөө өгсөн.

-Ер нь өмнө нь хийсэн нөхөн сэргээлтэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Нарийн тоог мэдэхгүй байна. Байгаль хамгаалах төлөвлөгөөнд нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийг тусгаж  баталдаг. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, баг бүрдүүлж ажиллах албатай болсон. Энэ алба маань нөхөн сэргээлтийн ажлыг мөн хариуцан ажиллаж байна. Ер нь мөнгө зарсан гэж байгаа ч нүд хуурсан  ажил хийх нь олонтаа. Тухайлбал, цооногийн том нүхийг булахдаа хөрсөнд бохирдол үүсэхгүйгээр тостой хэсгийг нь хаяхгүй, мөн  хаягдлын санг муу байгуулсан. Энэ нь хөрс, усанд аюул учруулж болзошгүй юм. Энэ талын санамж, анхааруулга, шаардлагыг удаа дараа хүргүүлсээр  байна.

-Газрын тосны компаниас гадна уул уурхайн чиглэлээр хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нөхөн сэргээлтийн ажил ямархуу байна  вэ?
-Дорнод аймгийн  Баяндун суманд алт олборлодог 6-7 компани бий. Эдгээр компаниуд төлөвлөгөөт нөхөн сэргээлтийн ажлаа үндсэндээ хийсэн. Ер нь нөхөн сэргээлтийн ажилд төр засаг, байгаль  орчны яам, орон нутгийн удирдлага, ард иргэд их анхаарал хандуулж, шаардлага өндөр тавьж байна. Тиймээс компаниуд ч хөрөнгө мөнгөө зарцуулах нь нэмэгдсэн гэж хэлж болно. Гэхдээ компани болгон биологийн нөхөн сэргээлтийг орхигдуулж байгаа нь үнэн.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж