Хулсны баавгайг аврах боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Хулсны баавгайг аврах боломжтой

Мөхлийн ирмэг дээр ирээд буй амьтдаас ядаж аврага панда буюу хулсны баавгайг аварч болох нэгэн найдвар гарч ирлээ. Эрдэмтэд хоёр жилийн турш үржлийн явцыг судалж, маш чухал баримт нээжээ. Зарим хүмүүсийн хэлж буйгаар шинэ арга замын ачаар одоо тусгай газар 300 пандаг  үржүүлээд байгаа ба цаашид зэрлэг байгальд нь тавьж ч болох аж. БНХАУ-ын Ченгду панда үржүүлгийн судалгааны төвийн эрдэмтдийн  нээлтийн ачаар 15 жилийн дотор эхний пандаг байгальд нь тавих юм байна. Байгальд одоо үсрээд л хэдхэн мянган панда байдаг гэдэг тоо байдаг. Олон жилийн турш энэ амьтныг мөхлөөс аврахаар эрдэмтэд уйгагүй ажиллаж, пандаг үржүүлэхээр оролдсоны эцэст 1963 онд анхны пандагийн бамбарууш хүний хараа хяналт дор мэндэлж байв. Гэхдээ тоо толгойг нь цаашид нэмэгдүүлэхэд хүндрэл их байдаг юм.

Эмэгчин панда жилд ердөө 72 цагийн турш л ороо нь ордог ба үүний 12-24 цагийн дотор л хээл тээх боломжтой байдаг. Иймээс яг энэ мөчийг нь олохын тулд өдөр бүр шээсний шинжилгээ авах, гормоны төвшинг хянах зэрэг маш нарийн ажиллагаа шаардлагатай юм.  Гэхдээ энэ нь панда үржүүлэх асуудлуудын ердөө эхлэл юм.

Байгаль дээрээ биш болохоор хулсны баавгай төдийлөн хээлтэх хүсэлгүй байдаг. Тиймээс Ченгдугийн эрдэмтэд эрэгчин пандагийн байгаа газар тохирох эмэгчний үнэртэй хулс зэрэг тавьж, байгаль дээрээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг зорьдог байна.

Үүнээс гадна эрэгчин баавгайн чив богинохон байдаг тул яг тогтсон нэг байрлалаар хээлтэх ёстой байдаг аж. Гэтэл ажиглалтаас харахад хорионд буй хулсны баавгай үүний талаар мэдэхгүй байх нь элбэг байдаг гэнэ. Иймээс эрдэмтэд пандад “сексийн хичээл заах”  дүрс бичлэг үзүүлэхээс эхлээд дур хүсэл өдөөгч виаграг хүртэл ашиглаж үзсэн байна. Ихэнхи аргууд ч амжилт олоогүй юм. Эрэгчин, эмэгчингийн уулзалт догшин ширүүн болж, цус гаргах ч тохиолдол олон байжээ. Үүнээс болж эрдэмтэд зохиомлоор үр тогтоох аргад найдах нь ихэссэн юм.

Хээлийн хугацаа нь 11 долоо хоногоос эхлээд 11 сарын турш ч үргэлжлэх боломжтой төдийгүй төрөхийн өмнөхөн л үр тогтсон байгааг мэдэх боломжтой аж. Ченгду төв нь энэ тал дээр хамгийн гаршсан байгууллага юм. Ихэнхи панда хоёр бамбарууш төрүүлдэг ч нэгийг нь л халамжилдаг байна. Учир нь панда өөх хуримтлуулах чадваргүй бөгөөд хоёр бамбаруушийг сүүгээр хангаж чадахгүй гэсэн судалгаа байдаг юм. Иймээс эрдэмтэд гологдсон бамбаруушийг тэр дор нь эхээс нь салган, инкубаторт бойжуулдаг аж. Эх баавгайн тэжээж буй бамбаруушийг мөн инкубаторт оруулж, байнга хяналтанд авдаг ба энэ үеэр гологдсон бамбаруушийг ээжээр нь өсгөх аргаар хоёуланг нь өсгөдөг юм. Энэ аргаар хоёр бамбаруушийн амьд гарах магадлал 98 хувьтай болдог аж. Өнгөрсөн жилийн байдлаар 1987 онд байгуулагдсан Ченгбу төв ганцаараа 168 бамбарууш өсгөөд байгаа юм.

Одоо эрдэм шинжилгээний төвүүд дээрх хулсны баавгайн тоо толгой хангалттай их болсон бөгөөд байгальд нь дахин тавих хөтөлбөрийг эхлүүлэх цаг болсон гэж зарим эрдэмтэд үзэж байгаа юм. Эдгээр төвүүд өөрсдийн өсгөсөн пандаг дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд “түрээсэлж”, олсон мөнгөөрөө Хятадын Сычуаньд хулсны баавгайг нутагшуулахаар тусгай дархан цаазат газар худалдан авсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж