Ким Юү-на ДАШТ-ий хөтөлбөрөө зарлав

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Ким Юү-на ДАШТ-ий хөтөлбөрөө зарлав

Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юү-на ирэх оны гуравдугаар сард Токио хотноо болох 2011 оны уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлэх хөтөлбөрөөсөө танилцууллаа. Түүний гэрээт агентлаг “All That Sport”-ын мэдэгдсэнээр “Ванкувер-2010” олимпийн аварга Ким богино хөтөлбөртөө “Жизель” балетын хөгжмийг сонгосон бол чөлөөт үзүүлбэрээрээ дамжуулан төрөлх нутагтаа хүндэтгэл үзүүлж, Өмнөд Солонгосыг магтан дуулах гэнэ. Чөлөөт үзүүлбэртээ тэрбээр солонгосын ард түмний уламжлалт “Ариран” дууны аянд гулгах аж.

Хоёр үзүүлбэрт хоёуланд нь Дэвид Уилсон дэглэгчээр ажиллах юм. Ким Юү-нагийн хувьд сүүлийн дөрвөн жилийн турш түүнтэй хамтран ажиллаж байгаа билээ. Тэрбээр “Анх удаагаа би бүжгэн жүжгийн аянд гулгах гэж байна. Өөрийнхөө бас нэгэн талыг нээх сайхан завшаан гэж бодож байгаа” хэмээжээ.

Харин Дэвид Уилсоны хэлснээр Кимийн чөлөөт үзүүлбэр нь эх орондоо бичсэн хайрын захиа байх гэнэ.

Дашрамд сануулахад, өнгөрсөн аравдугаар сард дасгалжуулагчаа сольж, АНУ-ын мэргэжилтэн Петер Оппегардтай хамтран ажиллах болсон Ким аравдугаар сараас эхлэн Олон улсын уран гулгалтын холбооны дэлхийн чансааг тэргүүлэх болсон юм. Тэрбээр мөн эмэгтэйчүүдийн төрөлд богино хөтөлбөр, чөлөөт үзүүлбэр болон нийлбэр оноогоор дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж