Хордлогонд хэн буруутай вэ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Хордлогонд хэн буруутай вэ

Химийн хорт болон аюултай бодис алдаглаа, хурааж авлаа, хоргүйжүүллээ гэх мэдээлэл сүүлийн үед байнга гарах боллоо. Энэ хэмжээгээр амьдарч буй газар нутаг, бидний эрүүл мэнд их, бага хордсоор байгааг илтгэнэ. Манай улсад ашиглахыг хязгаарласан 100 гаруй төрлийн бодисын жагсаалт байдаг. Жишээлбэл, хэн бүхний “танил” болсон мөнгөн усыг ашиглахыг хориглосон. Ялангуяа уул уурхайн салбарт алт олборлоход ашиглахгүй байхыг хязгаарласан. Гэтэл сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудаас гадна гар аргаар алт олборлогчид мөнгөн ус хэрэглэж, газар нутгийн хөрс шороог бохирдуулах, хордуулж, өөрсдийгөө ч хорлож хордуулсаар байна.
Улcын хэмжээний химийн хорт бодисын өнгөрсөн оны тооллогын явцад ажлын хэсгийнхэн иргэдээс 35 кг мөнгөн ус, 1200 кг цианид натри хурааж авчээ. Тэрчлэн мөнгөн ус, цианид натриар бохирдсон 200 мянган тонн шлам байгааг тогтоосон байна. Мөн 37.35 га талбай дан ганц мөнгөн усаар бохирдсоныг шинжлэн тогтоожээ. Хорт бодис алдагдана гэдэг нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний  асуудал байх ёстой. Хонгорчуудыг химийн хорт бодист хордсон, хордоогүй гэх мэдээлэлд эцсийн цэг тавьж амжаагүй байтал Түнхэл тосгонд давтагдаж болзошгүй байдал нүүрлээд байна. Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар Гачууртын аманд үйл ажиллагаа эрхэлж буй компанийн ойролцоо нутагладаг иргэдийн биеэр тууралт гарч, гол горхины усыг уусан мал хорогдож байгаа аж. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж үзлэг шалгалт хийсэн эмч нар сар гаруй хугацаа өнгөрөхөд нэг ч удаа байр сууриа илэрхийлсэнгүй.
Дорнод аймгийн Баяндун сумын “Цагаанчулуут”, “Нэмнэ” хэмээх байгалийн сайхан бүрдсэн, цэцэг ногоо алагласан нутаг байв. Харин өнөөдөр алт гэгч үнэ цэнэтэй эрдэнийг газрын хөрсөндөө хадгалж байсан энэ газар нутаг алтны уурхай, гар аргаар алт олборлогчдын “ач тус”-аар гол горхи, мод цэцэггүй нүцгэн хөндий болж хувираад байна. Хаа сайгүй хүний гараар сийчиж орхисон хар нүх.  Нэг пенциллины шилтэй мөнгөн усыг 100 мянган төгрөгөөр худалдан авч алтаа угаан, нэг, хоёр сая төгрөгийн ашиг олж, түүнээс хэд дахин илүүтэйгээр хордсон нутаг нугаа үр удамдаа үлдээж буйгаа ухамсарлахгүй байгаа нь эмгэнэлтэй. Тухайн газар нутаг бохирдож байгаа талаар нутгийн удирдлагуудад мэдээлэл хүргэдэг ч харсан ч хараагүй дүр эсгэн нэг удаагийн үзлэг, шалгалт нэрээр хэд гурван иргэдийг торгосноор асуудлыг шийдвэрлэх нь цөөнгүй. Тухайн газар нутгийн томоохонд тооцогдох Улз голын урсгалын гольдролыг таслан, нуур үүсгэж, өнөөх мөнгөн усаар алт угаах иргэд хаа сайгүй. Энд өвөлдөө мянга гаруй, зундаа түүнээс ч олон “нинжа” цугладаг гэнэ. Хордуулсан усаа орчин тойрондоо асгах, ууршуулах зэргээр эдгээр иргэдийн дунд хордсоноо эс мэдэн хангай газрын байгалиа хар нүх, хатсан шороогоор сольсон “хамуутнууд” олон.
Нөгөө талаар, химийн хорт бодис зарж борлуулагчид байгааг гар аргаар алт олборлогчид нуухгүй байгаа. Үүний нэг жишээ нь Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг “Богд-Ар” орон сууцны хороололд өнгөрсөн онд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тэнхун” компанийн ажилчид бортоготой мөнгөн ус зөөвөрлөж яваад унагаж хагалсан агаад тухайн байрны үүд орчимд 20 ам.метр газар бохирдуулсан. Энд дан ганц мөнгөн ус ч байсангүй. Цагдаагийнхан хятад иргэдийн байрнаас 5-20 кг-аар савласан 26 төрлийн химийн хорт шингэн болон нунтаг бодисуудыг илрүүлэн хурааж авчээ.  Энэ мэтчилэн манай улсын байгаль орчин болоод иргэдийн эрүүл мэндийн асуудалд хяналт байгаа эсэхэд эргэлзэхэд хүрчихээд байна.
Манай улсад химийн хортой болоод аюултай бодисыг хэрэг­лэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс гадна хяналтгүй худалдан борлуулагчид олон байгааг дээрх үйлдлүүд харуулж байна. Үүний цаана мэдээж хилээр оруулж ирэхийг хориглосоор байтал ороод ирээд байгааг хууль хяналт, хил гаалийнхантай холбож ойлгохоос аргагүй. Хил, гаалийнхан химийн хорт бодисыг мэддэггүй биш байлтай. Эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд оруулчихдаггүй л баймаар.  Одоогоор гол ус ширгэж, байгаль орчин бохирдоод байгааг уул уурхай, гар аргаар алт олборлогчидтой холбон тайлбарлаж,тэднийг буруутгаж байгаа. Тэдгээрийн алтаа угаах мөнгөн ус, цианидийг нийлүүлэгчид болон хил, гаалийг чангатгахгүйгээр эл асуудлыг таслан зогсоож чадахгүй гэдгийг дээрх байдал харуулж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж