Б.Наранбаатар Бундеслигт есөн барилдаанаас найм яллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар Бундеслигт есөн барилдаанаас найм яллаа

Германы Зарбрукен хотын бөхийн чөлөөт барилдааны “KSV Kollerbach” клубтэй гэрээ байгуулсны дагуу Бундеслигт зодоглож буй Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар бямба гаригт сүүлийн буюу ес дэх барилдаанаа хийж, найм дахь ялалтаа авлаа. Гэрээний дагуу есөн тойргийн барилдаанд зодоглосон тэрбээр өнөөдөр эх орондоо ирж байгаа юм. “KSV Kollerbach” баг улирлын барилдаан дуусахад хоёр тойрог дутуу байхад шигшээд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд манай тамирчны хувьд эх орондоо хэд хоног амраад буцаад Германд очиж, шигшээ барилдаанд зодоглох ажээ.
Германы Бундеслигт 20 клуб лигийн журмаар өрсөлддөг бөгөөд нэг багаас чөлөөтийн тав, сонгомол бөхийн таван жинд тамирчдаа сойдог юм. Сүүлийн тойрогт “KSV Kollerbach” клуб “KSV Aalen 05” багтай өрсөлдөж, нийлбэр дүнгээр 22:11 харьцаатай ялалт байгуулжээ. Харин Б.Наранбаатар чөлөөт бөхийн 60 кг-д Германы бөх Амиран Картановыг ялж, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулсан байна.
Бундеслигийн плей-оффын барилдаанууд энэ сарын 11-нд эхлэх бөгөөд Б.Наранбаатар гавьяатын баг “1. Luckenwalder SC” багтай хөлбөмбөгийн лигийн адилаар хоёр барилдаан хийх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж