“Боруссия Дортмунд” лигийг итгэл төгс тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

“Боруссия Дортмунд” лигийг итгэл төгс тэргүүлж байна

Германы Бундеслигийн 15 дугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, ням гаригт “Нюрнберг”-ийн талбайд зочилсон “Боруссия Дортмунд” 2:0 харьцаатай ялалт байгуулснаар лигийн хүснэгтийг 10 онооны давуугаар тэргүүлж байна. Харин өнгөрсөн жилийн аварга “Баейрн Мюнхен” тэргүүлэгчээс 17 онооны алдагдалтай хүснэгтийн долдугаарт бичигдээд байгаа юм.
Лигийн 15 тоглолтоос 13-т нь ялалт байгуулаад буй “Боруссия Дортмунд” өдгөө 40 оноотой хүснэгтийн тэргүүн эгнээг эзэлж байна. Тэдний хувьд есөн жилийн дараа лигийн аваргын цом хүртэх боломж нь 100 хувь нээлттэй байгаа гэж болно. Залуу цэргүүдээр багаа бүрдүүлсэн “Дортмунд”-ын дасгалжуулагч Юрген Клопп багийнхаа амжилтын талаар “Улирал дуусахад өчнөөн тоглолт дутуу байхад энэ талаар ярих нь зохимжгүй хэрэг. Бидний хувьд цаашдаа сайн тоглох нь л чухал. Бүх л тоглолт сүүлчийнх гэсэн үг. Дараагийн тоглолт өмнөхөөсөө илүү чухал байдаг” хэмээжээ.
Харин удаахь байрт “Майнц” 30 оноотой эрэмбэлэгдлээ. Тэдний тухайд бямба гаригт “Айнтрахт Франкфурт” багт 2:1 харьцаатай хожигдсон байгаа.
Аваргаа хамгаалахаар өрсөлдөж буй “Баейрн Мюнхен”-ий тухайд бямба гаригт “Шальке 04”-ийн талбайд зочилж, 2:0-ээр ялагдсан юм. Тус тоглолтын дараа багийн дасгалжуулагч Луи ван Гааль “Хожигдол хэнд ч ирдэг. Гэхдээ Дортмундыг урт аялал хүлээж байна” гэжээ.
Бундеслигийн 15-р тойргийн тоглолтын дүн:
“Сент Паули” 1:0 “Кайзерслаутерн”
“Штутгарт” 1:1 “Хоффенхайм”
“Вольфсбург” 0:0 “Вердер Бремен”
“Айнтрахт Франкфурт” 2:1 “Майнц”
“Боруссия Мёнхенгладбах” 1:2 “Ганновер”
“Фрайбург” 1:0 “Гамбург”
“Шальке 04” 2:0 “Баейрн Мюнхен”
“Баейр Леверкузен” 3:2 “Кёльн”
“Нюрнберг” 0:2 “Боруссия Дортмунд”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж