Гадаадын хөрөнгө оруулалт найм дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Гадаадын хөрөнгө оруулалт найм дахин нэмэгджээ

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН ТОЙМЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын төлбөрийн тэнцлийн тоймыг танилцууллаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын урсгал данс 214.4 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдал 149 сая ам.доллараар нэмэгдсэн байгаа юм. Энэ онд урсгал дансны алдагдал их хэмжээгээр нэмэгдсэн бол ирэх онд улсын төсвийн алдагдал нэмэгдэнэ. Эдгээрээс үзвэл төрөл бүрийн алдагдлаар дүүрэн он цаашид ч үргэлжлэх бололтой. Манай орлогын данс мөн л алдагдалтай гарсан гэдгийг тус банкны тоймоос харж болно. Цэвэр орлогын данс 74.6 сая ам.долларын алдагдалтай гарахад Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийнхэн, иргэдийн авсан гадаад зээл болон харилцах хадгаламжийн хүүгийн төлбөрт 24.3 сая ам.доллар, хөрөнгө оруулалтын ногдол ашигт 16.8 сая ам.долларыг төлсөн зэрэг нь голчлон нөлөөлсөн байна. Хэдийгээр алдагдал их гарсан ч тайланд хэд хэдэн таатай мэдээлэл бас байгаа юм. Тухайлбал, манай улсын шууд хөрөнгө оруулалтын данс 454.9 сая ам.долларын ашигтай гарчээ. Үүнд ашигт малтмал, уул уурхайн салбарт орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 342.3 сая ам.долларт хүрсэн нь голлох нөлөөг үзүүлжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад манай улсад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалт найм дахин нэмэгдсэн гэсэн таатай үзүүлэлт байгаа бөгөөд энэ нь ирэх онуудад улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа билээ.

Манай улс Засгийн газрын шугамаар болон түүний баталгаатайгаар хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас энэ оны гуравдугаар улирлын байдлаар 25.03 сая ам.доллартай тэнцэх гадаад валютын зээлийг авсан байх юм. Харин өнгөрсөн онуудад авсан зээлийнхээ 19.1 сая ам.долларын үндсэн өрийг буцаан өгчээ. Манай улс энэ онд валютын орох урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор урьд өмнө байгаагүй их нөөцийг хуримтлуулаад байгаа. Одоогийн байдлаар валютын цэвэр албан нөөцийн хэмжээ нэг их наяд 360.3 сая ам.доллартай тэнцэж байна хэмээн Монголбанкнаас мэдээлсэн юм.

ЭКОНОМИКС ҮҮССЭНИЙ 20 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт нэгэн тэмдэглэлт ой тохиов. Манай улсад эдийн засгийн онол буюу экономикс үүсч хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Тиймээс уг ойг тохиолдуулаад МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас санаачлан СЭЗДС, ХААИС, ШУТИС болон бусад хувийн их, дээд сургуулиуд хамтран “Эдийн засгийн хөгжил-бизнесийн орчин” хурлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зохион байгууллаа. Манай улсад эдийн засгийн онолын хичээлийг 1990 оноос өмнө зааж байсан боловч 1991 оноос шинэчлэлийг эхлүүлсэн хэмээн үздэг аж. Мөн энэ үеэс эхлэн дэлхийн түвшний судалгааг сургалтын хөтөлбөртөө тусгаж эхэлсэн юм байна. Хурлын үеэр эдийн засгийн салбарын багш нар “Улсын төсөв, эдийн засгийн бодлогыг хэн нэгэн хүний цээжний бангаар биш эдийн засгийн онол, томъёоллын дагуу боловсруулах хэрэгтэй. Намуудын амлалттай холбоотойгоор инфляци нэмэгдэх болсон. УИХ, Засгийн газар бодлогоо буруу боловсруулж байна” гэдгийг онцолж байсан. Уг нь одоогийн УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа, тэр дундаа эдийн засгийн бодлогыг боловсруулж байгаа хүмүүсийн олонхи нь МУИС-ийн ЭЗС-ийн төгсөгчид байдаг аж. Бас сургуульдаа тодорхой хэсэг нь багшилж байгаа. Гэтэл багш нарынх нь “Манай сургуулийг төгсөгчид яам, тамгын газруудад томоохон албан тушаал хашиж байгаа” хэмээн бахархан ярих тэр эрхмүүдийн боловсруулсан төсөв, эдийн засгийн бодлогод алдаа их байдаг нь хүн бүхний шүүмжлэх зүйл болоод байна. Тиймээс эдийн засгийн  онолын багш нарт  намын ашиг сонирхлын төлөө бус онолын мэдлэгээр асуудлыг боловсруулдаг, зургаа дахь мэдрэхүйтэй, ирээдүйн нөхцөл байдлыг таамагладаг эдийн засагчийг бэлтгэх шаардлага тулгарч байгаа бололтой.

ТӨГРӨГИЙН ХАНШ ЧАНГАРСААР БАЙНА

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 1255 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш зогсолтгүй унасаар байна. Арилжааны банкууд өчигдөр ам.долларыг 1222-1226 төгрөгөөр авч 1235 төгрөгөөр арилжаалж байлаа. Харин Монголбанкинд ам.доллар 1233.06 төгрөгийн ханштай байсан юм. Цаашид ам.долларыг хэдэн төгрөгт хүрэхийг таамаглах аргагүй байгаа хэмээн банкирууд хэлж буй аж. Харин холбогдох газраас нь одоогийн байдлаар үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Зөвхөн ам.доллар төдийгүй бусад гадаад валютын ханш ч бага, багаар буурсаар байгаа. Арилжааны банкууд өчигдөр еврог 1640 орчим төгрөгөөр, хятадын юанийг 185 төгрөгөөр, английн фунтыг 1940 төгрөгөөр, оросын рублийг 39 төгрөгөөр арилжаалж байв. Валютын ханш суларч байгаагаас үүдэлтэйгээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ажилчдын цалин тодорхой хэмжээгээр буурч байгаа аж. Гэсэн хэр нь импортын барааны үнэ буурах хандлага төдийлөн ажиглагдахгүй байгаа юм.

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж