Серби Дэвисийн цомд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Серби Дэвисийн цомд түрүүлэв

ITF буюу Олон улсын талбайн теннисний холбооноос зохион байгуулдаг эрэгтэй теннисчдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт өнгөрөгч өдрүүдэд Сербийн нийслэл Бельград хотноо болж өнгөрлөө.
Шийдвэрлэх тоглолт өчигдөр болж, ганцаарчилсан төрөлд Виктор Троицки 6-2; 6-2; 6-3 харьцаагаар дараалан гурван сетэд Францын Майкл Льодраг буулган авснаар багтаа ялалт авчирчээ. Ийнхүү Сербийн теннисчид дэлхийн есөн удаагийн аварга Францын багийг ерөнхий дүнгээр 3-2 харьцаатай хожиж, түүхэндээ анх удаа Дэвисийн цомын тэмцээнд аваргалсан юм. Тоглолтын дараа Троицки “Амьдралын минь хамгийн гайхалтай, итгэмээргүй мөч” хэмээжээ.
Бельград Аренад Троицки ялалт байгуулсны дараа цэнгэлдэхэд цугласан үзэгч, хөгжөөн дэмжигчид нутгийнхаа теннисчдэд баяр хүргэж, түүхэн ялалтыг хамтдаа тэмдэглэжээ.
Тус тоглолтын өмнө Новак Жокович Францын Гейл Монфилсийг ялснаар тооны харьцааг 2-2 болгосон юм. Жоковичийн хувьд Дэвисийн цомын тэмцээний ганцаарчилсан төрөлд хийсэн зургаан тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулсан. Тэрбээр “Үнэхээр түүхэн үйл явдал болж байна. Хувь хүний хувьд төдийгүй багийн хувьд, улсын хувьд агуу ялалт боллоо” гэжээ.
Анх 1900 онд Дэвисийн цомын тэмцээнийг зохион байгуулснаас хойш АНУ-ын теннисчид хамгийн өндөр амжилт гаргажээ. Тэд өнгөрсөн хугацаанд 32 удаа түрүүлж, 29 удаа үзүүрлэсэн бол Сербийн баг Дэвисийн цом хүртсэн 13 дахь улс болж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж