DJ Амай: Блог миний дотны найз

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

DJ Амай: Блог миний дотны найз

“Монгол блогчид-2010” ёслолын арга хэмжээний үеэр блогийн ертөнцийн акулуудын нэг, дэлхийг тойрон аялагч DJ Амайтай уулзаж,  “Монгол блогчид 2010” ёслолын ажиллагааны талаар сэтгэгдлийг нь сонслоо.
-Соёлын тухай гэхээр зөвхөн дуу хөгжим, уран зохиол гэсэн ойлголттой байдаг. Харин өнөөдрийн энэ арга хэмжээ миний ирснээс хойшхи маш сайхан үйл явдал болж байна. Монголын залуучууд дотоод сэтгэлээ нээж, түүнийгээ бусадтай хуваалцахаас гадна олж мэдсэн шинэлэг мэдээллүүдээ түгээх гарцыг албан ёсоор сурталчилж байна л даа. Засгийн тэргүүн хүрч ирээд залуучуудыг дэмжиж байна гэдэг маань залуу үетэйгээ шинэ холбоог бий болгож байна гэж дүгнэж байна. Ийм төрлийн арга хэмжээг олноор зохион байгуулах хэрэгтэй. Зөвхөн блог биш ерөнхийдөө интернэт хэрэглээ, соёл урлаг, кино гээд. Монголын залуучууд оюун санаагаа тэлэх гарц юм шүү дээ. Дашрамд, энэ арга хэмжээнд оролцож, тусалж дэмжсэн байгууллагуудад хувиасаа баярлалаа гэж хэлмээр байна. Манайд 90-ээд оноос хойш төр засаг нийгмийн оюуны тал дээр санхүүжилт байхгүй, бодлого алдагдсан. Одооноос манай бизнес бүлгийнхэн нийгмийн оюун санааг хөгжүүлэх, ялангуяа нийгмийн идэвхтэй ажил хийдэг залуучуудын оюун санааг хөгжүүлэх талаар дэмжиж байгаань анзаарагдаж байна.
-Та дэлхийг тойрон аялж байхдаа блогтоо байнга мэдээллээ тавьж байсан нь их сонирхолтой байсан?
-Блог бол миний найз. Өөртөө тулгамдсан элдэв асуудлыг огт танихгүй соёл иргэншилд огт танихгүй үндэстний хүнтэй ярина гэдэг их хэцүү байсан. Блог хөтөлснөөр надад ямар асуудал байгаагаа бичгээр илэрхийлж, миний блогийг уншдаг байсан хүмүүс хариулт бичдэг байсан. Өөрөөр хэлбэл, миний хамгийн дотны найз байсан. Би блогтой найзлаад бараг таван жил болж байна.
-Та бас ном гаргасан. Эхний ном хүмүүст их таалагдсан байна лээ. Үргэлжлэлийг нь бичиж байгаа гэл үү?
-Монголын залуучуудад ойлгуулахыг хүсч буй зүйлээ илэрхийлэхийн тулд зүгээр оюун санаандаа орсон хамаагүй зүйлийг цуглуулж бичих биш, жинхэнэ утгаараа мэдээллийг цуглуулж, баримтжуулах юм. Тиймээс ном бичих нь бусдадаа ойлгуулах, илэрхийлэхийг хүсч буй зүйлээ түгээх шинэ хэлбэр гэж олож байгаа. Тэгэхээр зөвхөн интернэт хэрэглэгч биш жирийн хэрэглэгч ч гэсэн блогийн тухай цаасан хэлбэрээр унших боломжтой болж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж