Үндэсний бөхийн шинэ тэргүүн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн шинэ тэргүүн хэн бэ?

“Монгол бөх хэний ч оролцоогүйгээр хөгжиж ирсэн юм” гэж нэгэн улсын цолтон ярьж байлаа. Энэ үг үнэний ортой л байх. Гэхдээ одоогоос хориод жилийн өмнө байгуулсан Монголын үндэсний бөхийн холбоо гэж төрийн бус байгууллага үндэсний соёл, бахархлын амьд жишээ болсон үндэсний бөхийн спортыг өдий дайтай хөгжүүлэн, төлөвшүүлэхэд түлхүү нөлөөтэй оролцож ирсэн юм. Энэ хорин жилийн хугацаанд бөхийн ертөнцөд МҮБХ гэж байгууллага сайнаар дурсах ч зүйл хийсэн, садаа тотгор болох асуудал ч үүсгэсэн хэмээн бөхчүүд ярьдаг нь холбоондоо өгдөг хамгийн нийтлэг тодорхойлолт. Сайнтай, муутай байж сав дүүрдэг гэдэгчлэн нэгэн үе тамга, тэмдэг, сав байшингаа булаалдахдаа хүрч, үндэсний бөх мөхлөө, сэхлээ хэмээн талцаж байсан үе ч энэ хүрээллийнхэнд бий. Одоогоос дөрөв, таван жилийн өмнө өрнөж байсан энэ маргаан харьцангуй намжсан ч өнөөдөр дахиад бөхчүүд МҮБХ-ны удирдах байгууллага болох “Их Эе” хэмээх хуралдайгаа хийж, бөхийн тэргүүнээ сонгоно. Хуралд 200 төлөөлөгч оролцох гэнэ.

Аймаг, аймгаараа, цол зэргийнхээ эрэмбээр энэ хурлын бэлтгэл болгож, хуралдаж, ярилцсан сурагтай. Өмнөх буюу МҮБХ-ны IV “Их Эе” 2002 онд болж, энэ хурлаас хойш 2006 онд болох байсан V хурал тоймтой үр дүнд хүрэлгүй завсарласан гэхээр үндсэндээ бөхчүүд энэ удаагийн “Их Эе”-ийг найман жил хүлээсэн юм. Энэ хугацаанд МҮБХ-той хамгийн ширүүн тэмцэлдсэн хүмүүс бол Р.Нямдорж тэргүүнийг тамга, тэмдгээ өг хэмээн хэсэгтээ бужигнаан үүсгэсэн улсын заан Ж.Ганболд, Д.Амгаа, улсын начин Ц.Дуламсvрэн нарын фракц юм. Тэд 2002 оны “Их Эе”-д Б.Сүхбаатар гэж хүнийг МҮБХ-ны тэргүүнд сойж, бөхийн холбооны Р.Нямдорж тэргүүнийг огцруулах талаар нэг хэсэг тууштай хөөцөлдөж байгаад эвээ ололцсон. Харин МҮБХ-ны бодлого, Монгол бөхийн дүрэм журам, ёс зүйг хамгийн ихээр эсэргүүцсэн бөхчүүдээр дархан аварга Х.Баянмөнх, даян аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох нарыг нэрлэж болно. Энэ үзэл бодолдоо үнэнч гэдгээ нотолж, даян аварга А.Сүхбат цэл залуугаараа зодог тайлж, дархан аварга Х.Баянмөнхийн хүү, улсын гарьд Б.Гантогтох заал танхимын барилдаан бүү хэл, наадамд зодоглохоо больсноор энэ фракцын дуу хоолой бүдгэрсэн. Нөгөөтэйгүүр, 2000 гарсаар яригдаж эхэлсэн даваа бүрийг цолтой болгох асуудал, барилдааныг цаг хугацаатай болгож, барьц сонгодог болох гээд бөхчүүдийн дунд хамгийн ихээр маргаан дагуулсан асуудлууд өнөөдөр нэгэнтээ шийдэгдэж, бөхчүүд ч тэр өөрчлөлтдөө дасан зохицсон болохоор энэ удаагийн хурлын гол шийдэх асуудал нь ирэх дөрвөн жилд МҮБХ-ыг хэн удирдах вэ гэсэн асуултын хариуг олох явдал болж байна.

Р.Нямдорж: МҮБХ гэж байгууллагыг бий болгож, өнөөдрийг хүртэл сайн, муутай нь чирч яваа энэ хүн хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гол дүр. Одоогоос 20 жилийн өмнө МУИС-д багшлахын хажуугаар эрдмийн цол зэрэг горилж явсан Р.Нямдорж гэж хүнийг өмнөө байгаа бусад зорилгоо орхиж, зөвхөн бөхөд ажил, амьдралаа зориулах сонголт хийхэд нь түүний ах, улсын заан Р.Давааням агсан нөлөөлсөн гэдэг. Тэр цагаас хойш МҮБХ гэж байгууллагыг хөл дээр нь босгохоос эхлээд монгол бөхийн гэсэн бүхэнд ухаан бодлоо зориулах ганцхан сонголттойгоор өнөөдрийг хүртэлх 20 жилийн турш энэ хүн МҮБХ-г удирдаж иржээ. Өөрийг нь эсэргүүцэж, шүүмжилсэн олон нийтийн өмнө хэзээ ч бууж өгөлгүй, хэзээд өөрийнхөөрөө ажиллаж, алдаж онож ирсэн Р.Нямдорж тэргүүнийг энэ удаагийн Тэргүүний сонгуульд дахин нэр дэвшүүлэх хүн олон байгаа нь гарцаагүй. Магадгүй түүнийг өөрийн саналаар тэргүүний сонгуульд нэр дэвшихгүй байх магадлалтай гэлцэх хүмүүс байгаа ч өөрийн 20 жилийн хөдөлмөр, хойшид хийхээр төлөвлөсөн ээлжит шинэчлэлийнхээ төлөвлөгөөг тэр тийм ч амархан тавиад өгчих хүн бас биш юм.

Д.Мягмар:
Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Д.Мягмар МҮБХ-ыг анх байгуулалцсан хүмүүсийн нэг. МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзантай нэг нутаг усных болоод ч тэрүү, санаа бодол нийлдэг, тэгээд ч бөхийн холбоог төдийгөөс өдий хүртэл хамтран удирдаж яваа гээд одоогийн МҮБХ-ны үйл ажиллагааг хамгийн ихээр дэмжин ажилладаг бөхчүүдийн нэгээр түүнийг нэрлэнэ. 1990 онд болсон МҮБХ байгуулах анхны хурлыг зохион байгуулж, энэ хурлаас одоогийн тэргүүн Р.Нямдоржийг удирдлагаараа сонгоход хүчин зүтгэсэн, өнгөрсөн 20 жилийн хугацаанд МҮБХ-ны тэргүүлэгч гишүүнээр ажилласан гээд анхдагчдын нэг болсон Д.Мягмар зааныг энэ удаагийн “Их Эе”-д үндэсний бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшүүлэх тухай яриа бөхчүүдийн дунд сонстож байна. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж өөрөө Д.Мягмар зааныг дэмжиж байгаа гэх сураг ч байх. Ямартай ч нягт нямбай зантай, үндэсний бөхийн холбооны ил боловч далд харагддаг энэ эрхмийг өнөөдөр бөхчүүдийн тэргүүнээр сонгогдлоо гэхэд гайхах зүйлгүй бололтой.

Б.Бат-Эрдэнэ: Үндэсний бөхийн дэвжээнээс бөхийнхөө хувьд холдсон дархан аварга Б.Бат-Эрдэнийг үндэсний бөхийн бодлого тодорхойлогчийн хувиар эргэж ирэх тухай яриа бөхчүүдийн дунд таржээ. Монгол бөхийн босоо аварга гэгддэг энэ хүн мөн л одоогийн удирдлагуудтай гар, сэтгэл нийлж ирсэн бөхчүүдийн нэг. Монгол бөхийн дүрэм журмыг “дархан аварга Б.Бат-Эрдэнэд зориулагддаг байсан” хэмээн хардаж сэрдэх хүмүүс байдаг ч яахын аргагүй нэгэн цаг үеийг эзлэн төрсөн энэ хүчтэнд Монгол бөхийн төлөө зориглож хийх ажил, бодсон санасан зүйл байдгийг үгүйсгэх аргагүй юм.

Р.Сэддорж: Үндэсний бөхийн ертөнцөд шинэ залуу хүчтэнүүд үе үеэ даган төрдөг шиг удирдан, чиглүүлэх авьяастай залуу боловсон хүчин бөхчүүдийн дундаас тодорч гарсан нь аймгийн заан Р.Сэддорж юм. Үндэсний бөхөд “менежмент” гэдэг үгийн утга учрыг харуулж, үзэгчийн тоо цөөрөөд байсан барилдааны урсгалд салхи оруулсан түүнийг “Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөл” байгуулан удирдаж байснаар нь хүмүүс сайн танина. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны нэр хүндийг ч, үзэгчдийн тоог ч суга өсгөсөн нь түүний менежментийн үр дүн байсан юм. Одоогийн ид сайн барилдаж байгаа улсын начин, заан цолтнууд, аймаг, цэргийн цолтой шижигнэсэн залуус Р.Сэддоржийн менежмент хийсэн барилдаанд нүдүүлсний хүчинд эр бяр тэгширсэн гэхэд буруудахгүй. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөлийг чинээнд нь тултал удирдаж байгаад одоогийн тэргүүн Р.Нямдоржтой үл ойлголцсоны улмаас эрч хүчтэй энэ залуу үндэсний бөхөд өгч байсан сэтгэлээ түр зуур завсарлаад байгаа. Үндэсний бөхийн мэдээллийн төв байгуулж, “Монгол бөхийн аян”-ыг орон даяар эхлүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийг бөхчүүдийн бай шагнал, барилдаанд анхаардаг болгож, сүүлд “Аваргуудын зөвлөл” хүртэл байгуулан ид хийж бүтээх дээрээ байсан аймгийн заан Р.Сэддорж өдгөө өөр салбарт хүч сорьж, “Тавантолгой транс” компанийг удирдаж яваа. Өнөө, маргаашгүй АНУ-д суралцахаар явах гэж байгаа болохоор энэ удаагийн “Их Эе”-д залуу үеийн төлөөлөл хэмээн онцолж байсан Р.Сэддорж оролцохгүй нь бололтой.  

Өнөөдөр монгол бөхийн “Их Эе” хуралдана. Энэ бол спортын төдийгүй, уламжлалт ёс заншлын хөгжил, хөдөлгөөнтэй хамаатай томоохон үйл явдал юм. Бөхчүүдийн хувьд тэргүүнээ сонгох, дүрэм журмаа хэлэлцэх гээд шийдэх асуудал бишгүй байх байлгүй. Харин үзэгчдийн зүгээс өнөө цагт хамгийн ихээр шүүмжлэл дагуулах болсон бөхчүүдийн өөрсдийнх нь ёс зүй, гэм шийтгэл, жудаг ёсны тухай нэг мөр шийд гараасай гэж хүсч байгаа гэдэгтэй санал нийлэх хүн олон болов уу гэж бодож байна. Эхэнд хэлсэнчлэн, монгол бөх хэний ч оролцоогүйгээр хөгжиж ирсэн ч хамгийн ихээр оролцож байгаа бөхчүүдийн жудаг ёс, зан чанар, эрэмбэ, дэгийн асуудал эмзэг сэдэв болоод байгааг анхаарах биз ээ. 

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж