805 тэрбум төгрөг Эрээнийг л хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

805 тэрбум төгрөг Эрээнийг л хөгжүүлнэ

“Монголын ирээдүй судлал” нийгэмлэгийн тэргүүн Ц.Дэмбэрэл:

-Иргэдэд сар тутам олгох 21 мянган төгрөг гэдэг бол бага мөнгө биш. 805 тэрбум төгрөгийг дэд бүтцэд зориулах учиртай. Гэхдээ мянганы зам мэт үр дүн нь хожуу гарах зүйлд биш шүү дээ. Шуудхан хэлэхэд Улаанбаатарыг тэлэхэд тэр мөнгийг зориулбал илүү үр өгөөжтэй. Эхний ээлжинд хотын зүүн баруун зах руу зам тавьж, шугам сүлжээг байгуулж орхивол барилга байгууламж аяндаа босно. Нийслэлээс баруун зүүн тийш тавьчихаад байгаа гол төмөр зам, авто замаа дагуулан дэд бүтцийг хөгжүүлж хотоо өргөжүүлэх нь илүү оновчтой. Ингэж гэмээнэ хотын төвийн ачаалал, агаарын бохирдол гэхчилэн сөрөг саад бүхнийг бууруулж болох юм.

-Иргэдэд сар тутам 21 мянган төгрөг олгох нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Тэр  мөнгө Эрээний барааг худалдан авахад,  Хятадын зах зээлийг хөгжүүлэхэд л зориулагдана гэсэн үг шүү дээ. Иргэдэд бэлэн мөнгө тарааснаар Эрээн л хөгжинө.

-Зарим эдийн засагч нар энэ мөнгийг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд, аж үйлдвэрийн парк байгуулахад зориулах учиртай гэж байсан?

-Манай улсын хувьд жижиг, дунд үйлдвэрлэл илүү зохимжтой. Түүнээс бус том үйлдвэр бариад дэлхийн зах зээл дээр өрсөлдөнө гэдэг бүтэхгүй зүйл. Тэгээд ч монголчууд чинь академик сэтгэлгээтэй, бүтээлч бус шинжтэй ард түмэн шүү дээ. Монгол хүмүүст тархи толгойны ажил л илүү зохино. Үүнийгээ ашиглан хөгжих ёстой. Жишээ татахад гутлын үйлдвэр байгууллаа гэхэд ямар загварын, ямар материалын гутал байх вэ гэдгийг монгол хүн зохион бүтээхээс бус гутал үйлдвэрлэгч нь монгол хүн байж таарахгүй. Харин оюуны хөдөлиөр эрхлээд хүн удирдаад явах чадвар монголчуудад бий. Тиймээс монгол хүнийхээ оюун ухааны сэтгэлгээний онцлогт түшиглэн хөгжих ёстой юм.

Эдийн засгийн өсөлтөөс давсан амлалт амжилт авчрахгүй

 “Нээлттэй нийгэм форум”-ын менежер Н.Дорждарь:

-Иргэдэд бэлнээр мөнгө тарааж буй нь уул уурхайн баялгийг жинхэнэ эздэд нь хүргэж буй нэг хэлбэр гэж ойлгож болох юм. Нөгөө талаас төр засаг иргэдийн итгэлийг хүлээж чадахгүй байгаагаас улстөрийн амлалт өгсөн, түүнийгээ биелүүлэх гэж бэлэн мөнгө тараахад хүрч буй нь нууц биш. Тиймээс тарааж болохгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ ийн бэлэн мөнгө тараах нь инфляцид сөргөөр нөлөөлдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Манай улсын хувьд саяхнаас л мөнгөтэй болж байгаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр урсгал зардал өсөх болсон. Гэвч энэ бол таатай зүйл биш. Дээр нь хөрөнгө оруулалтын үр ашиг сайнгүй байгаа гэхчлэн бодож болгоох зүйл их байна. Иргэдэд өгч буй мөнгийг хавтгайруулан олгох нь ч буруу. Хүн амын тодорхой хэсэг зорилтот бүлгүүдэд хандсан байсан бол илүү өгөөжтэй байх байлаа. Эдийн засгийн өсөлтөөс давсан бэлэн мөнгөний амлалт амжилт авчрахгүй.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ИРГЭДЭД ЭРГЭЛЗЭЭ ҮНЭХЭЭР БАЙНА

-Сонгуулийн амлалттай холбоотойгоор бий болсон 805 тэрбум төгрөгийг тараах төсвийн хуулийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ -аас улсын төсвийг батлахдаа хүний хөгжил сангаас тараах мөнгийг авах хоёр сонголттой байх боломжийг олгосон. Иргэд маань сар бүр 21 мянган төгрөгөө авах, эсвэл олуулаа хамтран саналаа нэгтгээд ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл бий болгох чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бол 250 мянган төгрөгөө нэг дор авах бололцоотой байгаа.

Гэхдээ яг өнөөгийн нийгмийн амьдралд хүмүүсийн хэрэгцээ шаардлага илүү байгаа учраас хүмүүс бэлнээр нь мөнгөө авах сонирхолтой байхыг үгүйсгэхгүй.

Иргэд ард түмний зүгээс нэг болгоомжилж буй болгоомжлол нь өвч хувьчлалын зарим алдаатай холбоотой. Өмч хувьчлал гэж өмчийг эзэнд нь ойртуулж байгаа зүйл л дээ уг нь. Гэтэл нөгөө хувьцаат компани, хувь эзэмшиж буй компаниуд нь хувь эзэмшиж буй хүмүүсийнхээ эрхийг зөрчих, ашиг сонирхлыг нь хангахгүй байх байдал, жижиг хувьцаа эзэмшигчдийг шахдаг. Өмч хувьчлалын дүр зураг өнгөрсөн хорин жилийн хугацаанд иймэрхүү дүр зурагтай явлаа. Тиймээс иргэд энэ болгоомжлол, эргэлзээнээс үүдэлтэйгээр “бүгдээрээ санаа оноогоо нэгтгээд дахин хөрөнгө мөнгөө нийлүүлээд үйл ажиллагаа явуулах, тэндээсээ шударгаар ашиг хүртэж чадах болов уу, үгүй болов уу” гэсэн эргэлзээ үнэхээр байгаа юм.

Ерөнхийлөгч мөнгө тараах энэ хуульд хориг тавих тохиолдолд хүлээж авах уу?

– Яг ямар үндэслэлээр тавих эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Үндэслэл эрх зүйн талаас нь харах байх. 

Г.БАЯРСАЙХАН: ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИБАЛ ДЭМЖИНЭ

– Энэ чинь улс төрийн амлалт шүү дээ. Тэгэхээр амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэх хэрэгтэй л болж таарч байна. Хамгийн гол нь улс төрчид дахин ийм амлалт өгөхгүй байх хэрэгтэй. Улс төрчдийн ийм популист амлалтаас болж улсын эдийн засагт хүнд ачааг үүрүүлж байна.

– Энэ амлалтаас одоо буцах замгүй болсон хэрэг үү?

– Ёс зүйн талаас нь харвал хэцүү л дээ. Хэрвээ амлалт өгчхөөд “чадахгүй боллоо, болих нь зүйтэй” гэвэл ёс зүйгүй хэрэг болно. Хүний итгэлийг хуурч авсан, ялалтыг хулгайгаар авсан зүйл болчхоод байгаа юм.
Гэхдээ иргэний зориг гаргах арга зам бий. Тэр нь “ард иргэд минь, бид та нарт хүчрэхгүй амлалт өгсөн юм байна. одоо энэ нь улс орон, эдийн засагт хүнд ачааг үүрүүлэхээр болж байна. ийм замаар хөгжихгүй юм байна” гээд үнэнээ хүлээх хэрэгтэй.

Уг нь энэ их мөнгөөр бид олон асуудлыг шийдэж болно. Улаабаатарын утааны асуудал, орон сууц, ядуурал, ажлын байр бий болгох, замын асуудлыг шийдчих бололцоо байгаа.

Одоо иргэддээ тарааж өгч байна. үр дагавар нь хоёр оронтой тоотой инфляцийг бий болгоно. Тэгэхээр үүнийг нь бид сайн бодолцох, аль болох бага хохирол хүлээх талаар хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Монгол банкны туршлагатай банкир Пүрэвдорж гуай инфляци өсөхийг сануулсан шүү дээ.

– Ерөнхийлөгч энэ хуульд хориг тавих тохиолдолд хүлээж авах уу?

– Хэрвээ тийм зүйл болбол би хувьдаа дэмжинэ гэж бодож байна.

Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг:Энэ мөнгө иргэдийн амьдралыг өөрчлөхгүй

 -Иргэн бүрт мөнгө өгөх гэж байгааг би буруу гэж хэлэхгүй. Мөнгө өгөх нь зөв. Гэхдээ мөнгө өгнө гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Хэрвээ өмнө нь өгч байсан бэлэн мөнгө шигээ хавтгайруулж олгох юм бол ердөө хэдхэн хүнсний дэлгүүрийг дэмжсэн ажиллагаа болоод л дуусна. Эдийн засгийн хувьд ямар ч утга учиргүй болчихно. 20 000 төгрөг бол иргэдийн амьдралыг өөрчлөх мөнгө биш шүү дээ. Дөрвөн ам бүлтэй айл байлаа гэж бодъё. Энэ айл 80 000 төгрөгтэй болно, хүнсний дэлгүүрээс нэг удаадаа 60 мянган төгрөгөөр хүнсээ базаадаг байсан бол 20 000 төгрөг илүү болж байгаа биз. Үүгээрээ хүн илүү их хэмжээний гурал мах авдаггүй, хүүхдүүддээ чихэр жимс аваад эсвэл архи аваад уучихдаг л байхгүй юу.

Тэгвэл иргэн бүрт таван сая төгрөг өгнө гэвэл дөрвөн ам бүлтэй айл нийлүүлээд байр худалдаж авна, эсвэл машин авна. Эсвэл садан төрлөөрөө нийлж байгаад нэгнийгээ гадагш гарахад зориулна. Гэтэл 20 мянган төгрөгөөр яах юм бэ, энэ мөнгө иргэдийн амьдралыг өөрчилж чадахгүй.

Тэгэхээр ирэх жилээс олгох мөнгийг хэрхэн иргэдэд өгвөл илүү үр дүнтэй вэ гэвэл иргэдийг урамшуулах байдлаар олгох хэрэгтэй. Хэлний сургалтад суух эрхийн бичиг, эсвэл спорт клубийн жилийн эрх ч гэдэг юм уу. Эсвэл гадаад хэл сайн сурсан хүнд өгнө гэх мэтээр авах хүмүүст жаахан хөлс гаргасан, хөдөлмөрч байдлыг дэмжих зорилгоор, урт хугацааны хэрэгцээнд зориулан өгөх нь зүйтэй. 

УИХ-ын гишүүн С.Оюун: 700 мянган ажлын байр гаргаж болно

-Ирэх оны төсөвт сэтгэл дундуур байгаа. Иргэдэд сар бүр тарааж өгөх бэлэн мөнгөнд нийтдээ 805 тэрбум төгрөг тусгасан. Энэ мөнгийг “Хүний хөгжил сан”-гийн орлогоос гаргана гэж байгаа ч тус санд төвлөрөх орлого тодорхой биш. Томоохон ордуудын стратегийн хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа хэлбэрээр мөнгө авч, орлогын эх үүсвэр бий болгоно гэдэг сөрөг талтай. Үүнийхээ хариуд Монголын Засгийн газар тэдэнд гэрээний давуу нөхцөлийг өгөх барьцаанд орохыг үгүйсгэхгүй.

Иргэдэд 70 мянган төгрөг тараасны дараа судалгаагаар архидан согтууралт 30 хувиар нэмэгдсэн байсан. Гэтэл гэмт хэргийн 70 хувь нь архидан согтуурснаас үүддэг гэдэг статистик бий. Ирэх онд иргэн бүрт олгох 21 мянган төгрөг эдийн засгийн хувьд инфляци хөөрөгдөхөөс эхлээд хор хохиролтойгоос гадна нийгмийн сөрөг үзэгдлийг араасаа дагуулна гэдгээс би эмээж байна. Энэтхэгт хөдөөгийн ядуу иргэдэдээ Засгийн газар нь жилд 100 ажлын хоног гаргаж өгөх хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Энэ туршлагаас бид суралцаж болмоор санагдсан. Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108 мянган төгрөгөөр тооцоолбол 805 тэрбум төгрөгөөр 700 000 ажлын байр гаргаж болохоор байна. Өөрөөр хэлбэл жилд 700 мянган хүнээр ямар нэг ажил хийлгээд 108 мянган төгрөгийг өгөхөд жилд 805 тэрбум төгрөг хангалттай хүрэлцэнэ. Монголд хийх ажил зөндөө байна. Зам, барилгын ажил, үгүй ядахад гэр хороолол, гудамж талбайн хур хогийг цэвэрлүүлээд хөлс өгч болно шүү дээ. Ингэвэл бэлнээр тараах гээд байгаа тэр мөнгөний ард тодорхой хэмжээний баялаг бүтээгдэнэ. Мөн ажилгүй, ядуу иргэдэд хуваарилагдаж чадна.    

/Голомт банкны эдийн засагч, судлаач Д.Нямдаваа: Эрэлт өсөх байх

-Иргэдэд сар бүр 21 000 төгрөг тарааж эхлэнгүүт анхдагч хэрэглээнд зориулах төлөвтэй байгаа. Тухайлбал мах, гурил худалдаж авна, иргэдийн амьжиргаа маш муу байна шүү дээ. Тэгэхээр энэ мөнгийг өгөх нь буруу гэж би боддоггүй, харин ч зөв. Тэдэнд энэ мөнгө нэмэр болох ба үүнтэй зэрэгцээд эрэлт өсөхөөр байгаа юм. Үүний зэрэгцээ төр засгийн зүгээс нийлүүлэлтийг дэмжих үйлдвэрлэлийн бодлогыг явуулах зүйтэй болов уу. Тухайлбал, мах гурилын үнийг тогтвортой байлгахад чиглэсэн үйлдвэрлэл.

Уг нь иргэд энэ мөнгөө хадгалбал хамгийн зөв арга болох юм. Гэхдээ иргэдийн амьжиргаа маш муу байгаа болохоор ингэх боломж байхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж