
“Гуанжоу-2010” Азийн наадам, залгуулаад Абу Дабигийн гран-при улмаар Сувоны дэлхийн цомд зодоглосон Монголын жүдочид тэмцээний дараа олон улсын тамирчдын нэгдсэн бэлтгэлд оролцоод шууд Японыг зорино. Токио хотноо IJF-ийн “их дуулга” ангилалд багтах, 150 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн энэ сарын 11-13-ны хооронд болох бөгөөд манай жүдочид тус тэмцээнд оролцоод 18-нд эх орондоо ирэх юм.
Сувоны “Дэлхийн цом”-ын тэмцээний хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр буюу 3-нд хөнгөн жингийн барилдаанууд болж, аваргууд тодорсон байгаа. Эдгээр жинд манай жүдочдоос Д.Төмөрхүлэг /60 кг/, Ч.Болдбаатар/ 60 кг/, Г.Болдбаатар /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, Б.Батгэрэл /66 кг/, Д.Бат-Эрдэнэ /73 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, Г.Одбаяр /73 кг/, Х.Цагаанбаатар /73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Бат-Эрдэнэ /48 кг/, Б.Солонго /52 кг/, А.Сарангуа /57 кг/, Т.Баттөгс /57 кг/, Д.Сумъяа /57 кг/, С.Энхзаяа /63 кг/, М.Нямжаргал /63 кг/ нар барилдсан юм.
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг аваргын алтан медаль хүртсэн. Тус жинд нийт 16 жүдоч барилдсан бөгөөд манай тамирчин В хэсэгт сугалаа таарч, Энэтхэгийн бөхийг цэвэр, ОХУ-ын бөх Людмила Богдановаг юүкогоор ялснаар хэсгийн аварга болжээ. Улмаар БНСУ-ын жүдоч Чун Жу-Ёнг цэвэр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд манай тамирчин мөн Өмнөд Солонгосын бөх Шин Сён-минг цэвэр ялж, аваргалсан байна.
Харин эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-д барилдсан залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг бүх барилдаандаа буюу дараалан дөрвөн барилдаанд өрсөлдөгчдөө цэвэр ялснаар мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Улмаар аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Чой Гван-Хёнд вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медалийн тавцанд гарсан. Мөн 60 кг-д Д.Төмөрхүлэгийн хамт өрсөлдсөн Ч.Болдбаатарын тухайд хэсгийн аварга болж, улмаар мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөхөд ялагдсанаар хүрлийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэрбээр Канадын бөх Серхио Пессоаг вазари үнэлгээгээр ялж, хүрэл медаль хүртсэн байна.
Мөн энэ жинд манай тамирчдаас Г.Болдбаатар өрсөлдөж, эхний барилдаандаа Ганын бөхийг ялсан ч хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Чойд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Ийнхүү энэ удаагийн дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон манай гурван бөх гурвуул БНСУ-ын бөх Чой Гван-Хёнд дийлдлээ. Энэ өдөр мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Солонго, 57 кг-д Д.Сумъяа нар хүрэл медалийн эзэд болсон. Харин тэмцээний хоёр дахь буюу 4-нд эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан Э.Энхбат мөнгө, -100 кг-д Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд хүч үзсэн Э.Энхбатын хувьд В хэсэгт сугалаа таарч, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хонгконгийн бөхийг цэвэр, дараа нь БНСУ-ын бөх Ким Кван-Хог мөн цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө мөн БНСУ-ын жүдоч И Кюн-Вонг юүкогоор ялсан боловч аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Камил Магомедовт цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн тавцанд гарчээ. Харин -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн D хэсэгт барилдаж, эхний барилдаандаа хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Сун Чан-Хунг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөө Францын бөхөд вазари үнэлгээгээр ялагдсанаар дагах барилдаанд зодоглох эрхтэй болжээ. Улмаар Чехийн Лукаш Крпалекийг цэвэр ялж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Иван Першинг мөн цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн болсон байна.
Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын жүдочид:
Алтан медаль:
М.Уранцэцэг – эмэгтэй, 48 кг
Мөнгөн медаль:
Д.Төмөрхүлэг – эрэгтэй, 60 кг
Э.Энхбат – эрэгтэй, 90 кг
Хүрэл медаль:
Ч.Болдбаатар – эрэгтэй, 60 кг
Б.Солонго – эмэгтэй, 52 кг
Д.Сумъяа – эмэгтэй, 57 кг
Б.Тэмүүлэн – эрэгтэй, -100 кг
С.Цэлмэг