
“Метрополис” диско клубт өчигдөр “Татар ажиллагаа” уран сайхны киноны уран бүтээлчдийн party боллоо. Киноны гол дүрд тоглосон дуучин Б.Амархүүг Монголд ирсэн учир энэ party-г хийж байгаа аж. Шоу оройн 19.00 цагт эхлэх байсан ч 21.00 цагт “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны киноны дөрвөн гол дүр болох бүтэлгүй залуучууд өнөөх банк дээрэмдэхдээ өмсдөг бэлтгэлийн цамцтайгаа буугаа барьсаар тайзнаа гарч ирэн шоуг эхлүүлсэн. Номер нэг, номер хоёр, номер гурав, номер дөрвийн хамт тайзнаа киноны найруулагч Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал, М.Энхжаргал, кик боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан болон арын албаныхан бүгд гарч ирэн шоуг эхлүүлэв. Шоуны үеэр цугласан залуусын дунд сонирхолтой, хөгжөөнтэй тэмцээнийг зохион байгуулж, ялагчид “Татар ажиллагаа” киноны уран бүтээлчдийн гарын үсэгтэй зурагт хуудас бэлэглэв. Party-ны гол эзэн дуучин Б.Амархүү залууст зориулан “Лето”, “Подмосковные вечера” дуугаараа бэлэг барьсан. Мөн “Гурван охин” хамтлагтай хамтран шинэ дуугаа ирсэн зочдод зориулсан юм. Шоуны үеэр “Татар ажиллагаа” киноны уран бүтээлчид залуустай нэгдэн бүжиглэж, зургаа авахуулж нэгэн үдшийг доргио өнгөрүүллээ.
М.Урин