Арванхоёрдугаар сарын 5

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 5

Арванхоёрдугаар сарын 5-ны баяр

Сайн дурынхны олон улсын өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд Засгийн газруудад хандан Сайн дурынхны олон улсын өдөр (International Volunteer Day) буюу дэлгэрэнгүйгээр эдийн засаг ба нийгмийн хөгжлийн нэрийн өмнөөс (International Volunteer Day for Economic and Social Development) гэсэн тодотголтой баярыг тэмдэглэх саналыг дэвшүүлсэн юм. Волонтерүүд гэх эдгээр хүмүүс өөрсдийн чөлөө цагаа нийгмийн сайн үйлсийг бүтээхэд зориулдаг. Сайн дурынхны дэлхийн тунхаглалд тэд өөрийн хүч чадал ба авьяасаа нийтийн төлөө зориулахдаа шан хангамжийг  хүлээгүй гэжээ.

Тайландын ван IX Рамын төрсөн өдөр

Өнөөдөр Тайландад IX Рама (Rama IX) ван Пумипон Адуньядетын (Phumiphon Adunyadet, 1927 он) төрсөн өдрийн том баяртай. Пумипон Адуньядет  ван нь Тайландыг 1782 оноос хойш захирч ирсэн Чакри овгийнхны залгамжлагч юм. Тэрээр 1927 онд Кембрижид төрөөд 19 насандаа Чакри омгийн ес дэх ван болсон байна. Улс төрийн боловсролыг Швейцарид аваад дөчөөд оны сүүлчээр Францад сууж байсан Тайландын Элчин сайдын охин Сирикит Китиякаратай (Sirikit Kitiyakara) гэрлэсэн байв. 1950 онд хаан ширээнд суужээ

Вангаа тайчууд ихээхэн хүндэтгэж үздэг бөгөөд тэр хүн ч өөрөө том авьяастай ван. Жааз хөгжмийг Бенни Гудментай хамтран тоглож байв. Тайландын сүлд дуугч зохиогч хөгжмийн зохиолч, зураач, гэрэл зурагчин, хиймэл бороо оруулах  технологийн талаар хэд хэдэн патент авсан бөгөөд вангийн ордны нохойны амьдралын тухай комикс бичин зуржээ.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Бангкокын Royal Plaza талбайд Вангийн гвардийн элитийн анги хаандаа үнэнч байх тангараг өргөх ёслолтой.  Тавны өдрийг бүх орон даяараа баярлан тэмдэглэдэг.Вангийн төрсөн өдөр нь Тайландын эцгүүдийн гэсэн давхар баяр болдог.

Үйл явдал

Гектор Берлиозын «Зөгнөлт яруу тунгалаг найрал хөгжим» анх тоглогдов

1830 он: Парис хотын консерваторид Гектор Берлиозын «Зөгнөлт яруу тунгалаг найрал хөгжим» бүтээл «Жүжигчний амьдралын урьдатгал» гэсэн давхар нэрийн дор анх удаагаа тоглогдсон байна. Концертын дараа 27 настай хөгжмийн зохиолч “Надад зэрлэг амжилт байлаа” хэмээн найз Ферранд бичсэн байжээ. Гектор Берлиозын «Зөгнөлт яруу тунгалаг найрал хөгжим» нь дэлхийн хөгжмийн урлагийн сонгодог бүтээл юм. Хөгжмийн агуулга нь түүний өөрийн намтрын хэсэг ба Английн жүжигчин эмэгтэй Генриетта Смитсонд дурласан түүх юм. Уран бүтээлчийн ганцаардал гэсэн нэгдсэн сэдэв ба бүр үргэлжилбэл “алдагдсан мөрөөдөл” болно.

Найрал хөгжим таван хэсгээс бүтэх ба тэрээр тус бүрт нь нэр өгч богино хэмжээний уран зохиолын урьдатгал бичсэн байв. “Мөрөөдөл, тачаал” гэсэн эхний хэсэгт нь уран бүтээлчийн дурлалыг өгүүлнэ. Тэр мөрөөдөл нь яруу найрагч мансууруулах ундаа ууснаар түүнд хайртай эмэгтэй нь янз бүрийн дүрээр харагдан залуу хардах сэтгэлд зүдэрч байдаг. Шүтэгч нараар хүрээлүүлсэн эмэгтэй түүнээс улам ч холдсон мэт. “Багт наадам” гэсэн хоёрдугаар хэсэгт нь гол баатар хайртай эмэгтэйгээ тэр үеэр хараад уулзахаар тэмүүлсэн ч тэр нь дахин холдож, сэтгэлийн шарх үлдээдэг. “Тал дахь үзэгдэл” гэсэн  гуравдугаар хэсэгт яруу найрагч алсад малчдын тоглолтыг сонсоно. Хайртай эмэгтэй нь гарч ирээд түүнд дахин найдвар төрүүлдэг. Гэхдээ тэрээр түгшүүрт аянгын чимээг сонсоод сэтгэлээсээ тэр бүсгүйг бүрэн холдуулан  үнэнч биш байсных нь төлөө шийтгэл үзүүлэхээр шийднэ. “Цаазын тавцанд” гэсэн дөрөвдүгээр хэсэгт нь яруу найрагчийг хайртыгаа хөнөөсөн гэж цаазаар авах ёстой болсон байдаг. Сүүлчийн мөчид нь тэр эмэгтэйн дүр тодрон гол баатар үхэл ч түүнийг мартуулахгүй гэдгийг ойлгодог.

Тавдугаар хэсгийн “Дуулиант шөнийн зүүд” хэсэгт үхлийнхээ дараа баатар түүнийг оршуулах гэж байгаа нас барагсдын цугларалтад орсон байдаг. Тэнд талийгаач эмэгтэй нь гарч ирээд түүнийг сүүдрийн ертөнцөд мөрдөн мөшгөх болно. Гэнэтхэн жүжигчин эмэгтэй түүний өрөөнд ирсэн байх ба энэ үеэр баатар нь хүнд зүүднээсээ салан сэрдэг…

Москвагийн дэргэд Улаан арми сөрөг довтолгоонд оров

1941 он: Агуу эх орны дайны явцад Зөвлөлтийн арми Москвагийн дэргэд сөрөг довтолгоонд орлоо. 1941 оны аравдугаар сарын эхээр Гитлерийн арми Москваг эзлэх «Тайфун» нэртэй байлдааны ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэд хүчтэй цохилтоор Москваг хааж байсан Зөвлөлтийн армийг Браянск ба Вязьмагийн дэргэд бүслэн устгаад Москваг хойд ба өмнө хэсгээс нь тойрон бүслээд эзлэх гэсэн юм. Гитлерийн арми 1941 оны есдүгээр сарын 30-нд ерөнхий довтолгоогоо эхлэн Смоленскийн районд фронтыг сэтлэн Вязьмагаас баруун тийш Зөвлөлтийн дөрвөн армийг, Брянскийн орчим хоёр армийг бүслэн авсан байв. Гэвч бүслэгдсэн арми бараг хоёр долоо хоногийн турш немцын 20 дивизийг барьж чадсан юм. Энэ хүнд үеэр Ленинградын фронтоос Георгий Жуковыг дуудан авчирч Баруун фронтын командлагчаар томилсон байв. Арваннэгдүгээр сарын эхээр немцийн довтолгооны бараг бүх чиглэлд тогтоосон байлаа. Тэд сарын дундуур дахин довтолгоонд орсон ч амжилт олж чадсангүй. Арванхоёрдугаар сарын 5-нд Зөвлөлтийн арми сөрөг довтолгоонд орон Германы цохилтын хэсгүүдийг бут ниргэн анх удаа энэ дайнд немцийн армид томоохон хохирол учруулсан байв. Москвагийн дэргэд германчууд хагас сая хүн, 1300 танк, 2500 их буу, 15 мянга гаруй машин техник зэргээ алдсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж