Мэргэжлийн бус захирлуудыг албаас нь чөлөөлсөн гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн бус захирлуудыг албаас нь чөлөөлсөн гэв

Баасан гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Э.Бат-Үүл нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Монголын иргэний агаарын тээвэр, Иргэний нисэхийн ерөнхий газар, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар нэн даруй шалгуулж, дүнг нь Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх талаархи асуулга"-ын хариуг сонсов.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар эхлээд авлигатай тэмцэх талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, авлигын эсрэг хийх тэмцлийг үр дүнтэй болгох чиглэлээр Засгийн газраас авч буй арга хэмжээ болон энэ талаар цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар гишүүдийн асуулгад хариулт өгөв. Засгийн газар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хүнд суртал, чирэгдлийг халах, ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчийн ёс зүйг төлөвшүүлэх, мэдээллийг нээлттэй болгох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд анхаарч байна. Энэ үүднээс төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цэвэр тунгалаг байлгах, хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий сайдын 2008 оны 9, 2009 оны 14 дүгээр захирамжаар Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа. Мөн төрийн байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх зарчмыг үндэслэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг Засгийн газраас баталсан ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэдэг болсон, яамд, агентлагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталж хэрэгжүүлснээр авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож буй ажилд зохих ахиц гарч байна. Тухайлахад, байгууллага бүр уг төлөвлөгөөний биелэлтийг зохион байгуулах ажлыг нэг ажилтанд хариуцуулж ажлын байрны тодорхойлолтод нь тусган авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчилд орохгүй байх, хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн бодитой гаргах, ёс зүйн чиглэлээр шаардлагатай сургалтыг албан хаагчдын дунд тогтмол зохион байгуулж байгааг тэмдэглэлээ. Мөн төрийн албан хаагчдын ёс зүйн зарчмыг саяхан шинэчлэн боловсруулж баталсныг дурьдав. Манай улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх талаар ахицтай ажиллаж, олон улсын баталгаажуулалтыг хөндлөнгийн аудитын байгууллагаар хийлгэхэд 18 шалгуур үзүүлэлтээс 13-ыг нь хангасан дүнтэй гарч шаардлагыг бүрэн хангахад ойртсон орны тоонд багтсаныг сайд энэ үеэр хэлэв.   

Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Монголын иргэний агаарын тээвэр, Иргэний нисэхийн ерөнхий газар, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар шалгуулж, дүнг нь Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх талаар хариулахдаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаа, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйлдвэрлэл-санхүүгийн байдлыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2009 онд шалгасан. Мөн ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран тус нийгэмлэгт 2008 онд аудитын шалгалт хийж, хараат бус аудиторын зөвлөмж гаргуулсан. Тус яам дээрх хоёр газар болон МИАТ компанийн үйл ажиллагааг олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар шалгуулах талаар холбогдох арга хэмжээ авах саналтай байгаа.

Эрдэс баялаг, эрчим хүчний яам 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “Багануур”, “Шивээ овоо”, “Эрдэнэс МГЛ”, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр төлөвлөн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Эрчим хүчний компаниудыг олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар шалгуулж, үйл ажиллагаанд нь бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт хандаж хүсэлт тавиад байгаа.    

Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 2009 оны санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлтийг үндэслэн тэдгээрийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний биелэлт болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тайлагналтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж дүнг хорооны хурлаар хэлэлцээд 20 гүйцэтгэх захиралд Хөдөлмөрийн хуулийн дагуу, зарим гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авсан. Төрийн өмчийн хороо 2008-2010 оны эхний таван сарын байдлаар 21 хүнийг төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж оронд нь мэргэжлийн хүмүүс томилох асуудлыг шийдвэрлэснийг дурьдав. Цаашид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг хэрэгжүүлэхэд олон улсын нэр хүндтэй аудитын компаниар ажлыг нь үнэлүүлж зэрэглэл тогтоох, дүгнэлт гаргуулах нь чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа, энэ үндсэн дээр үндэсний ауидитын салбарын олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэдгээ хэллээ.    
 
     Энэ асуудалтай холбогдуулан гишүүн Я.Батсуурь, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр, Н.Ганбямба, Ц.Сэдванчиг, Р.Гончигдорж нарын асуултад Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар болон яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн Я.Батсуурь саналаа хэлэв. Авлига нь манай нийгэмд тулгамдаад байгаа нэн эгзэгтэй асуудлын нэг болоод байхад хамтарсан Засгийн газрын зүгээс энэ үүнтэй тэмцэх ажил хангалтгүй байна. Авлигатай тууштай тэмцэхийн тулд юуны өмнө илрэл бүрт нь хариуцлага тооцдог байх, нөгөө талаар эрх зүйн шинэтгэлд анхаарч УИХ, Засгийн газар хамаг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлдэг явдлыг багасгах, УИХ-ын хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай. Парламентад олонхи болсон нам нь төрийн хяналтыг хэрэгжүүлдэг гол байгууллага болох үндэсний аудитын газрын удирдлагад өөрийн намын хүнийг томилуулдаг явдлыг болиулж сөрөг хүчинд шилжүүлэх, иргэний төлөөллийг оролцуулдаг байх эрх зүйн зохицуулалттай болмоор байна. Түүнчлэн төрийн албаны ажилтнууд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хуультай болох, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж авлига авсан, өгсөн хоёрыг хоёуланг шийтгэдэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байгааг тэрбээр хэлсэн талаар УИХ-ын Хэвлэлийн албанаас мэдэээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж