“Гурван нэг”-ийн зарчмаар ажиллаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

“Гурван нэг”-ийн зарчмаар ажиллаж байна гэв

УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас "Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос /ХДХВ/ДОХ/ сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулга”-ын хариуг чуулганы хуралдаан дээр өгсөн байна.

Манай улсад анх 1992 онд Хүний дархлал хомсдлын вирусын халдвар бүртгэгдсэнээс хойш энэ оны эхний 11 сарын байдлаар 83 тохиолдол бүртгэгдээд байгаагийн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан, халдварын тохиолдлын 65.3 хувь 2007 оноос хойш оношлогдсон байна. Халдвар авсан хүмүүсийн  24 нь гадаад ажиллаж амьдарч байсан бол дөрөв нь гадаад орноос манай улсад түр оршин сууж байсан иргэдээс халдвар авсан нь тогтоогдсоныг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцуулгадаа дурьдав. Мөн халдвар авагсдыг насны хувьд ангилж үзэхэд тав нь 15-19, 15 нь 20-24, 24 нь 25-29, 12 нь 30-34, 13 нь 35-39, 12 нь 40-45, нэг нь 45-50 хүртэлх насны хүмүүс байгаа, халдвартай таван эхээс төрсөн таван хүүхэд халдваргүй амьдарч байгааг хэллээ.

     ХДХВ/ДОХ-той тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш нийгмийн бусад салбарын оролцоог шаардсан нэгдмэл үйл ажиллагааны асуудал болохыг НҮБ-ын ДОХ-той тэмцэх хөтөлбөрийн хурлаас Засгийн газар, хандивлагчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын энэ чиглэлийн үйл ажиллагааг зохицуулах, үр дүнг нь сайжруулах, өргөжүүлэх зорилгоор “Гурван нэг”-ийн зарчмыг баталсан. Энэхүү зарчмыг хэрэгжүүлснээр нөөцийг илүү үр ашигтай зарцуулж, үйл ажиллагааны үр дүнг нь нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж, улс орнуудад энэ зарчмыг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосны дагуу манай улс ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлага, нэгдсэн нэг төлөвлөгөө, нэгдсэн нэг хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоотой байхаар зохион байгуулж ажиллаж байгаагаа хэллээ.

Бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, оношлогооны чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс сайдын тушаалаар тусламж үйлчилгээний удирдамжийг шинэчлэн баталж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа кабинетыг өргөжүүлэн 3-5 эмчтэй диспансер хэлбэртэйгээр өргөтгөн зохион байгуулаад байна. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааны томоохон хэсэг нь үйлчлүүлэгчдийг сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамруулах явдал гэж үзэж 2008 оноос сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төвүүдийг бүх аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, зарим төрийн бус байгууллагын дэргэд байгуулж, түүнд ажиллах хүний нөөцийг бэлтгэн нийт 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулсан, эдгээр төв 2009 онд гэхэд давхардсан тоогоор 10 мянга гаруй хүнд үйлчилсэн байна. Мөн оношлогооны чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2009 онд ДОХ, сүрьеэтэй тэмцэх төслийн хүрээнд энэ вирусийн ачаалал үзэх оношлогооны тоног төхөөрөмжийг ХӨСТ-ийн нэгдсэн лавлагааны лабориторид суурилуулснаар эхээс хүүхдэд халдвар дамжсан эсэхийг илрүүлэх шинжилгээг урьд нь хүүхдийг төрснөөс хойш гурван сарын дараа хийдэг байсан бол одоо төрсний дараа гурав хоногт хийх боломжтой болсон. Түүнчлэн ухуулга сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг сайжруулахад анхаарч ирсний зэрэгцээ үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор найман аймагт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төсөл  хэрэгжүүлж, орон нутагт дөрвөн удаа сургалт зохион байгуулсан, нийт хүн амын дунд тандалтын судалгааг хоёр жил тутам явуулж ирснийг дурьдав.

Сайдын асуулгатай холбогдуулан гишүүн Р.Гончигдорж, Д.Очирбат, Ж.Батсуурь, Даш.Зоригт нарын асуултад Эрүүл мэндийн сайд болон тус яамны ажилтнууд хариулт өгөв. Дараа нь асуулга тавьсан гишүүн Г.Баярсайхан саналаа хэлэхдээ, дэлхий нийтийг түгшээсэн энэ аюулт өвчний талаар бид тайван суух арга алга. Өнгөрсөн оноос энэ халдварын гаралт дэлхийн хэмжээнд, тэр дундаа голомтын эх гэгдэж байсан орнуудад буурсан байтал эсрэгээрээ манайд өсөөд байна. Асуулга тавьж байсан үед манайд энэ халдварын 73 тохиолдол бүртгэлтэй байсан бол одоо 83 болчихоод байна. Засгийн газар асуулгын хариуд таван сарын дараа хариу өгч байгаа нь энэ асуудалд хангалтгүй анхаарч буйн илрэл гэж үзэхээс өөр арга алга гэлээ. Салбарын яамныхан халдварын хүрээг өргөнөөр харж, бодлогоо шинэчлэх шаардлагатай байна, цусны ийлдсийг нарийвчлан судалж халдвар хаанаас орж ирсэн, ямар замаар үүссэн генийн хэлбэрийг нь тодорхойлохгүйгээр үүнтэй тэмцэнэ гэж байхгүй, нөгөө талаар гоо сайхны мэс заслын аргаар үйлчилгээ хийж байгаа газруудын эрүүл ахуйн дэглэмд онцгой анхаарч хяналтыг сайжруулах хэрэгтэй байгааг санал болгосон тухай УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж