Оны шилдэг оюутнууд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Оны шилдэг оюутнууд тодорчээ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алма матер” ёслол саяхан болсон байна.  Оюутан залуучуудыг улс орныхоо амьдралд идэвхтэй байр суурь эзлүүлэх, улс орны шилдэг сэхээтнүүд болон төрөн гарахад дэмжлэг үзүүлэх, олон нийтэд таниулах зорилготой оны шилдэг оюутан шалгаруулах “Алма Матер” ёслол 1993 оноос эхлэн 18 дахь жилдээ болж байгаа.  Өнгөрсөн хугацаанд улсын болон хувийн их дээд сургуулийн 500 гаруй шилдэг оюутан уг шалгаруулалтад өрсөлдөж байжээ. Шилдэг оюутанд нэр дэвшигч нь  гурван улирал дараалан  95-аас дээш үнэлгээтэй суралцсан, эрдэм шинжилгээ судалгааны ажилд амжилт гаргасан, нийгэм олон нийтийн идэвхтэй, бусдыгаа манлайлагч байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм. 

Энэ жилийн хувьд  эхний шатанд төрийн болон хувийн өмчийн  19 их дээд сургуулийн 41 оюутан  материалаа ирүүлснээс удаах шатанд 17 оюутан шалгарчээ. Эдгээр оюутнуудаас СЭЗДС-Бизнесийн эдийн засгийн дөрөвдүгээр дамжааны оюутан  С.Өнөр, ЭМШУИС-АУС-ын сургуулийн зургадугаар дамжааны оюутан Ц.Буянтөгс, Отгонтэнгэр их сургуулийн олон улсын эрх зүйн гуравдугаар курсын оюутан Ү.Амарбат, МУИС-ийн НШУС-ийн улс төр судлалын тэнхмийн оюутан Х.Баттогтох нар оны шилдгийн шилдэг оюутнаар тодорчээ. Харин оны шилдэг оюутнаар ЭМШУИС-ийн нүүр ам судлалын тавдугаар курсын оюутан О.Цэцэн, ИЗИС-Чингэс-тур сургуулийн оюутан Б.Ууганцэцэг,  ШУТИС Холбоо мэдээлэл технологийн сургуулийн цахилгаан холбооны дөрөвдүгээр дамжааны оюутан С.Түмэндэмбэрэл,     мөн сургуулийн цахилгаан холбооны дөрөвдүгээр  дамжааны оюутан А.Мөнхбаяр нар шалгарсан байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж