Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Онцлох нийтлэл

News.mn, “Ардын эрх” сонин ирэх жил иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгохоор улсын төсөвт тусгасан 805 тэрбум төгрөгний асуудлаар цуврал нийтлэл, хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулж буй. Энэхүү сэдвээр иргэдэд ийн мөнгө олгох нь эдийн засагт ямар нөлөөтэй, иргэдэд хэр наалдацтай болох талаар болон үүгээр өөр ямар бүтээн байгуулалт хийж болох талаар хөндөж байгаа юм. Энэ талаарх цуврал нийтлэлийг та бүхэн уншсан байх. УИХ ирэх жилийн төсвийг арваннэгдүгээр сарын 25-нд баталсан. Хуульд заасан ёсоор хууль хүчин төгөлдөр ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Энэ хугацаа ирэх долоо хоногт дуусч байгаа юм. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт манай нийтлэлчийн бичсэн нийтлэлийг News.mn онцолж байна. 

Хориг тавихад долоохон хоног үлдлээ

Дахиад л нөгөө “хараал идсэн” төсөв. Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас 2011 оны нэгдсэн төсвийг баталсан. Долоохон хоногийн өмнө бөөн хөл хөөрцөг, уур унтуу болж, хурал чуулганаа давхцуулан уралдаж байсан УИХ, Засгийн газар одоо “айдгаа авдрандаа” хийсэн шиг нам налайж, гөв гөлийж орхилоо. Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн царайтай өдөр тутмынхаа ажлыг үргэлжлүүлж байна. Төсвийн алдагдал болгон баталсан 799 тэрбум төгрөгөөс сар бүр 21000 төгрөгийн “хувь хишиг” хүртэж, амьд­ра­лаа гийгүүлэхээр болсон иргэд л харин улам ихээр бухим­даж байна. Засгийн газраас боловсруулж, ард иргэд, төр засгийн хооронд гал авалцуулсан энэ салан задгай төсөлд ”тос” нэмэн байж алдагдлынх нь хэмжээг оруулж ирсэн төслөөс даруй 1,3 хувиар ахиулан батал­сан УИХ-ын гишүүдийн зарим нь харин өнгөрсөн борооны хойноос цув хэрхэн нөмөрч, “энэ ёстой муухай жишиг тогтлоо шүү” гэсэн хоосон гаслангаар хувийнхаа тоглолтыг ахиулахаа мартсангүй.

Улсын төсөв гэдэг айл өрхийн тө­сөв­­тэй л адил. Орлого зарлага нь тэн­­цэж, болж өгвөл орлогоо ахиу­хан тавьж, зарлагаа хумьж байж ирээ­дүйдээ хөрөнгө оруулж, хуримт­лал бий болгох ёстой. Тэгж байж айл өр­хийн амьдрал жилээс жилд ахиж дэвш­дэг. Харин манай Засгийн газ­раас боловсруулж, УИХ-аар батал­сан ирэх жилийн “өрхийн” тө­сөв маа­нь үүний эсрэгээр явж бай­на. Өм­нөх жилүүдэд ч бас л алдаг­дал­тай явж ирсэн боловч энэ жи­лийнх шиг төсвийн орлогынхоо 30 гаруй хувийг халамжид тараах, түү­нийхээ эх үүсвэрийг ирээдүйд орж ирэх орлогоосоо урьдчилгаа болгон зээлэхээр хуульчилж байсан нь түүх үгүй. 2011 оны төсвийн нийт алдагдал 779,9 тэрбум төгрөг. Харин иргэн бүрт сар бүр өгөх 21000 мянга дээр оюутнуудад сургалтын төлбөрт өгөх 500 мянган төгрөгийг нэ­мэ­хэд 805,2 тэрбум төгрөг болж бай­гаа. Өөрөөр хэлбэл иргэдэд бэлэн мөн­гө тараах улстөрчдийн увайгүй ам­лалтын араас хөөцөлдөж, Хүний хөгж­лийн сангийн тухай хуульд яаран сандран өөрчлөлт оруулаагүй бол төсөв алдагдалгүй гарч болохоор байв.

Гэтэл УИХ дахь МАХН-ын бүлгийн УИХ-д төсвийн төсөл орж ирэхийн өмнө л гэв гэнэт улстөрчдийн суган доогуур гэнэт шургаад ороод ирсэн хуулийн хэрэгжилтийг хангах гэж Засгийн газар чухам махаа идэж, маяагаа зулгаах шиг болно лээ. Эхлээд Хүний хөгжлийн санд төвлөрөх мөнгө болон төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг зах зээл дээр гаргах замаар энэ мөнгийг босгоно гэж Засгийн газраас оруулж ирсэн төсөлд тусгасан байсан. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” компани дэлхийн зах зээл дээр хувьцаагаа гаргах нь байтугай хөрөнгө оруулагчтай хийх гэрээ нь бэлэн болоогүй учраас УИХ төсвийн төслийг “Эх үүсвэргүй төсөв баталдаггүй” гэж цэцэрхээд эхний удаад буцаасан билээ. Харин хоёр дахь удаагаа оруулж ирэхдээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс экспортолдог зэсийн баяжмал дээр нөөцийн төлбөрийг 18 хувь хүртэл өсгөх замаар шийдсэн.

Иргэн бүрт сар бүр 21000 төгрөг олгох тухай Хүний хөгжлийн сангийн хуульд оруулсан өөрчлөлтийг тун саяхан намрын чуулганаар баталсан. Оюутнуудын сургалтын төлбөрт олгох 500 мянган төгрөгийн хувьд ч бас л Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын хичээлийн шинэ жилийн нээлт дээр бас нэг цочир хийсэн мэдэгдлээс үүдэлтэй. Энэ мэтээр толгойдоо жаахан “халуунтай” улстөрчдийн улс төрийн элдэв болчимгүй акциудаас болж улсын төсөв гэдэг тоглоом тохуу болж хувираад байгаа нь энэ. Тиймээс УИХ, Засгийн газрын энэ даажинтай тохуутай байдалд “хазаар” болох үйлдэл хэрэгтэй байна, Ерөнхийлөгч өө.

Тэгэхдээ төсвийн хуульд тэр чигт хориг тавьж “гал асаах” биш, харин Хүний хөгжлийн сангийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, хувь хишиг болгон түгээх 21000 төгрөгт л хориг тавиад өг. Тэгээд үүнийгээ ард түмнийхээ эрх ашиг, ирээдүйн төлөө хийсэн хязгаарлалт гэдгийг хэлж өг, тэд лав ойлгоно. Байгалийнхаа баялгаас иргэддээ хувь хүртээх нь хэдий сайхан санаа ч түүнийгээ ингэж үнэгүйдүүлж, эдийн засгаа хорлох замаар шийдэж болохгүй. Хүн алдаж болох ч бүхэл бүтэн дөрвөн жилээр алдах эрхгүй. Дэлхийн хөгжил цаг минутаар урагшилж байхад бид дөрөв дөрвөн жилээр үсэрсэн ухралтууд хийгээд байх нь хэнд маань ашигтай гэж. Хуулийн төсөл боловсруулсан МАХН-ын бүлгийнхэн ч, дэмжиж баталсан Ардчилсан намынхан ч аль аль нь үүнийг эрхбиш ухамсарлаж байгаа. Ганцхан сонгуулийн өмнө адгаж тараасан 1,5 сая төгрөгийн батламж нь сонгогчдынх нь өмнө энэ хүмүүсийг гарцгүй шахаж байна. Харин тэдний ганц гарц нь Ерөнхийлөгч та.

Төсвийн хуулийг УИХ долоохон хоногийн өмнө баталсан. Түүнд хориг тавихад танд долоохон хоног үлдлээ, Ерөнхийлөгч өө.

Б.СЭМҮҮН


2010 оны 12 сарын 1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж