УИХ-ын дарга БНСУ-ын “Жүн Ан Илбо” сонинд ярилцлага өгөв

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга БНСУ-ын “Жүн Ан Илбо” сонинд ярилцлага өгөв

-Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас ямар арга хэмжээ  зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-1990 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд хоёр орны хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ. Өнгөрсөн хугацаанд парламентын дарга нар, Байнгын хороодын дарга нар, парламент дахь бүлгүүдийн  удирдлагуудын түвшинд айлчлалууд  тогтмол хэрэгжиж  ирсэн.

Монгол Улсын Их  Хурлын дарга нар 1994,2000,2006 онд БУСУ-д албан ёсоор айлчилсан. БНСУ-ын талаас БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Жун Гю 1999, Үндэсний Ассамблейн дарга Лим Чхэ Жөн 2007, БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын бүлгийн төлөөлөгчид 2006,2007,2009 онд манайд айлчлаад байна.

2010 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг  тэмдэглэх арга хэмжээний хүрээнд хоёр  орны хууль тогтоох  байгууллагын дарга нарын харилцан айлчлал, яриа хэлэлцээ нь ач холбогдолтой тул бид БНСУ-ын Үндэсний Ассамлейн дарга Ким Хюнг О-г Монгол Улсад айлчлуулахаар төлөвлөж байна. Энэхүү айлчлал нь хууль тогтоох байгууллагуудын харилцаа  үүнийг дагаад хоёр улсын нийт хамтын ажиллагаанд  чухал  ач  холбогдолтой гэж  үзэж байна. Хоёр  улсын парламентууд цаашид дээд, өндөр хэмжээнд улс төрийн яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх, өндөр дээд  хэмөжээний айлчлалын давтамжийг  хадгалах болно. Хөрөнгө  оруулалт, эдийн засгийн болон соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд  парламент хоорондын болон  парламентын гишүүдийн холбоо харилцаа нэн чухал  юм.

-Солонгост 30 мянга гаруй монгол иргэн амьдарч, хоёр  орны хөгжилд  зохих хувь нэмэр оруулж байна. БНСУ-ын Засгийн газар монголчуудын нийгмийн халамжийн ямар  асуудалд анхаарал хандуулахыг Та  хүсч байна вэ?

-Манай олон иргэд БНСУ-д  ажиллаж амьдарч өөрсдийн төдийгүй Монголд үлдсэн гэр  бүлийнхээ ахуй амьдралд багагүй хувь нэмэр оруулж байгаа. Манай иргэдийг  БНСУ-д ажиллах боломжийг олгож, Монгол  ажилчдын  квотыг  бууруулахгүй байгаад бид  Солонгосын төр засагт талархаж байдаг. Энэ нь хоёр  орны харилцааны  нэгэн томоохон салбар болоод  байна.

Энд  ажиллаж амьдарч  байгаа иргэдийн нийгмийн  халамж, хамгааллын тухайд  гэвэл  дараахь асуудлуудыг анхаарах хэрэгтэй гэж боддог.

Гадаадын ажилчид, түүний дотор монголчууд БНСУ-ын жижиг үйлдвэрүүдэд буюу  5-50 ажилчинтай аж ахуйн нэгжүүдэд илүүтэй их ажилладаг бөгөөд тэдгээрт үйлдвэрлэлийн осол хамгийн их гардаг байна. Мөн Солонгосын үйлдвэрлэлийн ослын тогтолцооны дагуу гадаад ажилчны эдлэх эрх  хязгаарлагдмал байдаг бололтой.

Иймд  үйлдвэрийн ослоос  урьчилан сэргийлэх зорилгоор ажлын  орчныг сайжруулах, ажилчдын хөдөлмөр хамгааллыг сайтар хангах талаар  Солонгосын ажил олгогчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа. Мөн БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад  осолд  орсон  манай  иргэдийг эрүүл мэндийн  үйлчилгээнд хамруулах асуудлаар хоёр талын салбарын яамд  ярилцах шаардлагатай байна. Ажил олгогч, ажилчны  хооронд байгуулдаг хөдөлмөрийн гэрээнд  тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр  хамгаалал,  эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг асуудлыг нарийвчлан тусгах, уг гэрээг  байгуулахад  2 талын төрийн байгууллагуудын зүгээс илүүтэй хяналт тавьдаг  механизмыг бүрдүүлэх  чиглэлд ажиллах хэрэгтэй байх.

Мөн БНСУ-д  ажиллаж байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах, ажлын нөхцөл, нийгмийн  хамгааллын  талаарх хамтын  ажиллагааг сайжруулах, ялангуяа хүний эрх талаас асуудлын хөндөж солонгос иргэдтэй гэрлэсэн монгол иргэдийн эрхийг хамгаалах, үр  хүүхдүүдээ  монгол хэл  соёлд сургахад дэмжлэг үзүүлэх гээд бидэнд ярих зүйлүүд олон байгаа болохоор  Монгол  Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд  байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн зохицуулалтыг  эргэн харж, өнөөгийн байдалд  тохируулан боловсронгуй  болгох шаардлагууд тавигдаж байна.

-Манай улс Монголын ашигт малтмалын  салбарыг сонирхдог. Ялангуяа Тавантолгойн ордыг ашиглах асуудалд ихээхэн анхааралтай хандаж байна. БНСУ оролцох  боломжийг  Та хэрхэн  үзэж байна вэ?

-Ашигт малтмалын тухай хуулийг  1997 онд шинэчилснээс хойш гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай улсын уул  уурхайн салбарыг ихээхэн сонирхох болж Оюу  толгой зэрэг дэлхийд томоохонд тооцогдох ордууд нээгдсэн. Мөн урьд нь  улсын  төсвийн хөрөнгөөр хайгуулыг хийж нөөцийгнь тогтоосон  томоохон  ордууд байгаа. Үүнийг нэг нь Таван толгойн орд. Тавантолгойн ордыг ашиглахад хамтрах санаа манай хоёр хөрш БНХАУ, ОХУ-аас гадна Солонгос, АНУ, Япон зэрэг 8 улсын  томоохон  компаниуд  илэрхийлээд байна.

Одоогоор Засгийн газар уг ордыг хамтран ашиглаххөрөнгө  оруулагчийг шалгаруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Таван толгойн  ордыг ашиглахад цахилгаан  хангамж, төмөр зам зэрэг дэд бүтцийн томоохон байгууламжууд  баригдана. Мөн нүүрсээ зөвхөн түүхийгээр нь бус угаан баяжуулах, коксжуулах, төмөр хайлуулах зэрэг нэмүү  өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон цогцолбор үйлдвэрүүд баригдана.

Дээрх  олон асуудлыг  шийдвэрлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт  шаардагдахаас гадна хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай шинэ технологи нэвтрүүлэх болно. Засгийн  газар дээрх томоохон цогцолборыг барьж байгуулах, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа хамгийн тэргүүний технологитой, хөрөнгө  санхүүгийн боломжтой,харилцан  ашигтай ажиллах нөхцлийг  авч  үзэх учиртай. Дээрх нөхцөл шаардлагыг Солонгосын компани  хангаж энэтөслийг хэрэгжүүлэхэд  оролцох байх  гэдэгт итгэлтэй байна.

-Монголын ашигт  малтмалын салбарт  оролцох сонирхолтой Солонгосын компаниудад  Та юу гэж зөвлөх бол?

-Одоогийн байдлаар манай улсад хайгуулын 3000 гаруй, ашиглалтын 1000 гаруй тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр  байна. Зарим  тусгай  зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа эрчимтэй явагдахгүй байгаа нь хөрөнгө мөнгөний гачигдал, техник, технологийн дутагдлаас хамаарч байна.

Өнөөдөр манай улсад 10 гаруй нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдаж байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн анхан шатны боловсруулалт  хийсэн баяжмал  маягаар экспортод гарч  байна.

Цаашид  нөөц  нь тогтоогдсон ашигт малтмалын орд  газруудыг ашиглалтанд оруулахаас  гадна одоо  ажиллаж байгаа үйлдвэрүүд дээр технологийн шинэчлэл хийх, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарах шаардлага байгаа бөгөөд 2015 он хүртэл зэс   хайлуулах үйлдвэр, зэсийн хүдрийг уусган баяжуулж катодын зэсийн  үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, молибдений баяжмалыг гүн боловсруулах, төмрийн хүдэр,  түүний баяжмалыг боловсруулж металл хийц үйлдвэрлэх, фосфоритийн бордоо үйлдвэрлэх, ураны ордоо ашиглан уран  баяжуулах, цаашилбал эрчим хүч гарган авах нөхцөл боломжийг  судлах, цахим техникийн зориулалттай газрын ховор элементийн ордуудаас эцсийн бүтээгдэхүүн гарган авах чиглэлээр ажиллахыг  чухалчилж байна. Дээрх  чиглэлээр танай улсын хөрөнгө  оруулагчид ажиллах боломжтой.

Иймд  танай компаниудыг манай улсад очиж ашигт малтмалын салбарт ажиллах боломжийн талаар сайтар судлахыг зөвлөх байна.

-Манай улс технологийн өндөр хөгжилд хүрч, саяхан Ойрхи Дорнодод атомын эрчим хүчий станц байгуулахаар боллоо. Танай улсад энэ чиглэлийн технологийг экспортлох боломжийгТа юу гэж  үзэж байна вэ?

-Өнгөрсөн онд манай улс Цөмийн энергийн тухай хуультай  болж, мөн энэ салбарт баримтлах бодлогын баримт бичгийг батлан мөрдүүлж эхлээд  байна. Манай улсад өнөөдөр 60 орчим мянган тонн ураны нөөц байгаа. Одоо  энэ нөөцийг  баталгаажуулах ажил хийгдэж байна. Эхний ээлжинд нөөц нь тогтоогдсон ураны ордуудыг  ашиглаж,  анхан шатны боловсруулалт хийж “шар кейкийн” баяжмал үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.

Цаашид боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, улмаар цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ өнөөдөр хараахан тэр түвшинд хүрээгүй байна.

-Солонгосын Хойгийн байдал даамжирч байна. Умард Солонгосын одоогийн байдлыг Та юу гэж үзэж байна  вэ?

-Солонгосын хойгт итгэлцлийн байдлыг буй болгох хэрэгтэй. Иймээс Солонгосын хойгийн аюулгүй байдлын  асуудлаарх олон талт болон хоёрталын яриа хэлэлцээнд оролцогч талууд  асуудалд уян хатан,  тэвчээртэй хандаж, хэлэлцээнийширээнд эргэн сууна гэдэгт бид  найдаж байна.

-Солонгосын Хойгт тогтвортой байдлыг хангахад Монгол Улсын оролцооны тухай хэлж өгнө үү?

-Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаарх  6 талт хэлэлцээнд оролцдоггүй ч уг яриа хэлэлцээг амжилттай болгоход өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай маргаантай аливаа асуудал байхгүй, түүнчлэн Умард Солонгостой уламжлалт сайн  харилцаатай орны хувьд бүс нутгийн яриа хэлэлцээнд  өөрийн хувь нэмрийг оруулах бүрэн боломжтой гэж үздэг.

Монгол Улс Хойд Солонгосын цөмийн  хөтөлбөрийн асуудлыг зургаан талт хэлэлцээний хүрээнд  шийдвэрлэх, БНАСАУ-ыг аль болох  олон талт  яриахэлцээ, хамтын ажиллагаанд “татан оролцуулах”, ганцаардуулахгүй байх бодлого баримталдаг. Манай улс 2007 онд Япон-БНАСАУ-ын  харилцааг хэвийн болгох  ажлын хэсгийн уулзалтыг өөрийнн оронд  хүлээн авч байсан удаатай. Бүс нутгийн энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн аливаа уулзалтыг өөрийн  оронд хүлээж авахад бид  хэдийд ч бэлэн байна.

-Хоёр  улс  түүхийн эртний  хэлхээ  холбоотой. Цаашид талууд  түүх, соёлын салбарын  харилцааг хөгжүүлэхэд юу шаардлагатай гэж Та  үзэж байна вэ?

-Манай хоёр орон,  ард түмэн  олон  зуун жилийн  тэртээгээс түүх, соёлын нягт хэлхээ холбоотой явж ирсэн. Бидний өвөг дээдсийг угсаа гарал  нэгтэй гэж үздэг нийтлэг ойлголт ч байдаг. Монголчууд эрт дээр  үеэс танай орныг солонготой зүйрлэн “Солонгос” хэмээн нэрлэж ирсэн. Байгалийн сайхан энэхүү үзэгдэлтэй зүйрлэн ийнхүү нэрлэж ирсэн нь монголчуудын Солонгос оронд  ханддаг сэтгэлийн нэгэн илрэл гэж үзэж  болох юм. Манай хоёр орны харилцаа ээдрээ нугачаа ихтэй түүхийн явцад тодорхой  шалтгааны улмаас тасалдаж, сэргэхийн аль алиныг туулсан.

Хоёр  орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан зорчих, тодорхой хугацаагаар оршин суух,  ажил хөдөлмөр эрхлэх, суралцах иргэдийн  тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, худалдаа, эдийн засаг,  соёлын харилцаа өргөжсөнтэй холбогдуулан БНСУ-ыг мэддэггүй, солонгосын бараа бүтээгдэхүүн хэрэглэдэггүй , солонгосын дэлгэцийн  урлагийг мэддэггүй монгол  хүн гэж бараг байхгүй  гэж  хэлж  болно.

Түүх,  соёлын салбарын харилцааг хөгжүүлэхэд  манай улс дахь Солонгос судлал, БНСУ дахь Монгол судлалыг төр засгийн  зүгээс хөхиүлэн дэмжих, оюутан сурагчдыг харилцан сургах, судлаач эрдэмтдийн солилцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг.

Дашрамд дурдахад энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн  ойг угтан бид 2010 оныг “Монгол дахь Солонгосын жил”, 2011 оныг  “Солонгос дахь Монголын жил” болгон тэмдэглэхээр тохироод байгаа. Энэ нь хоёр орны түүх соёлыг  харилцан сурталчлах, ард  түмнүүдийн  харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болох сайхан боломж гэдгийг хэлмээр байна. Энэ хүрээнд хоёр  тал урлаг соёл, эрдэм шинжилгээний олон арга хэмжээ зохион  байгуулахаар төлөвлөөд байгаа.

УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж