Оросын гайхамшиг Олег Безинских энгийнээс энгийн

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Оросын гайхамшиг Олег Безинских энгийнээс энгийн

Энэ сарын 7,8-ны өдрүүдэд болох “Cosmo show “-ны онцгой зочдын нэг Оросын төдийгүй дэлхийн дуурийн од Олег Безинскихийн талаар  уншигчиддаа хүргэж байна.

Өөрийгээ энгийнээс энгийн хүн хэмээн тодорхойлдог ч тоглолтынх нь тасалбар барагтай бол олддоггүй Оросын гайхамшиг Олег Безинскихийн  урлагийн од болох зам Самарийн урлагийн коллежоос  эхтэй.  Тэрбээр коллежоо гайхалтай амжилттай төгссөнийхөө дараа  Псков хотын телевизэд ажиллангаа  Ленинградын урлагийн коллежид тайзны найруулагч болохоо суралцаж байжээ.

Коллежоо төгсдөгийн даваан дээр Безчинкихийг  Санкт Петрбургийн консерваторид элсүүлэхээр нэрийг нь өгчээ. Олегийн  баритон болон тенор хоолойг сонсоод шүүгч нар шалгалтанд тэнцлээ гэж хэлэхэд тэрбээр шүүгчдэд хандан “эмэгтэй хүний” өөр хоолойгоор дуулъя гэж “зөрүүдэлжээ”. Шүүгчид үүнийг сонсоод инээлдсэн боловч дуулж эхлэхэд нь инээлдэхээ больсон байна. Ингээд Безинских Санкт Петрбургийн консерваторид тэнцэж  профессор Виктор Юшмановын шавь болжээ. Олег Консерваторийн 140 жилийн түүхэн дэх хамгийн анхны, бас цорын ганц контртенор болсон юм.

Харин одоо бол Орост төдийгүй Европт  түүнийг  шагшин магтдаг. 1994 онд Польшид болсон олон улсын  «Wratislavia cantans» наадамд оролцсоныхоо дараа Олег бие даасан концертонд бэлтгэж, анхны «The Music of my soul» цомгоо гаргасан юм. 1998 онд Безински Берлинд болсон Саксонийн гүнж  Maria Antonia Walpurgis-ын «Talestri» дуурийн дэлхийн нээлтэд уригдан оролцсон байна. Түүний дуулахыг сонсоод 70-80 оны үеийн Оросын дуурийн алдартнуудын нэг Галина Вишневская “Оросын гайхамшиг” хэмээсэн юм.  Олегийг  алдарт Гайа Канчели  «Diplipito»-оо дуулсан  Мстеслав Ростроповын нэрэмжит олон улсын хөгжмийн  наадамд урьж, Москвагийн удирдаач Антон Шароев  «Alcide» дуурьтаа тоглуулж байв. Мөн  Санкт Петрбургийн  хөгжмийн зохиолч  Петр Геккер «Jerusalem» -ыг Олегт зориулан бичиж байжээ.  Безинских  «Klezmer trio» -ийн тусламжтайгаар «Бартитоноос сопран хүртэлх еврей аялгуу»-тай CD гаргасан юм. 2001 онд Олег Санкт Петрбургийн өсвөрийн найрал хөгжимчидтэй хамт Америк руу аялж байжээ.  2002 онд  Марински театрынхан түүнийг  «Tsar Demian»  хэмээх орчин үеийн дуурьтаа урьж тоглуулсан байна.

Түүнээс гадна Walt Disney Company түүнээс Mickey Mouse болон «Цасан цагаан ба долоон одой”-н ханхүүгийн дууг орос хувилбараар  дуулж  өгөхийг хүсчээ.  2002 онд Оросын телевизээр  Олег Безинскихийн тухай «Оросын гайхамшиг » нэртэй нэвтрүүлэг гарч байсныг одоо ч олон хүн санадаг.

Олег багш нарынхаа тусламжтайгаар ур чадвараа дээшлүүлэхээр байнга хичээллэж, хоолойны дасгал, техник дээр ажилладаг байна. Тэрбээр уран бүтээлч хүнд энэ хамгийн чухал гэж үздэг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж