Их Британи хамгийн их зээлтэй улс

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Их Британи хамгийн их зээлтэй улс

Дэлхий нийтийг нөмөрсөн эдийн засгийн хямралын үеэр Европын холбоо Олон улсын валютын сантай хамт­ран гишүүн орнууддаа хямралаас ангижруулах сан­хүүгийн тусламжийн багц гэгчийг гаргаж байсан билээ. Ингэснээр хямралд өртсөн орнууд зээл авч дампуурлаас ангижрах завшаан тохиожээ. Европын холбооны тус­ламжийн багцийн зар­цуулалтыг олон нийтэд тай­лагнажээ. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Европын холбоо гишүүн орнууддаа нийт 4.5 триллион еврогийн дэмжлэгийг зээ­лийн шугамаар үзүүлсан аж. Зээл авсан орнуудын жагсаалтыг Их Британи манлайлав. Албаны хү­мүүсийн мэдээлснээр Их Британийн 2008 оны арав­дугаар сараас энэ оны аравдугаар сарыг хүртэл авсан зээлийн хэмжээ 850.3 триллион евро болжээ. Гэсэн ч Их Британи эдийн засгийн хямралаас бүрэн гараагүй бөгөөд энэ нь улстөрчдийнх нь өрсөлдөөний гол амлалт болсоор байгаа юм. Удаах байранд саяхан банк сан­хүүгийн салбар нь элгээрээ мөлхөх шахсан Ирланд улс орсон байна. Хэдийгээр тус улс өөрсдийн хүчээр хөл дээрээ зогсоно гэж мэдэгдсэн ч Европийн холбоо болон Олон улсын валютын сан хүчээр 723.3 триллион ев­рогийн зээл өгсөн юм. Харин хоёр жилийн өмнө төсвийн алдагдлаас үүдэлтэй өрөөс болж улс үндэстнээрээ дам­пуурах дөхсөн грекчүүд ердөө 78 триллион еврогийн зээл авсан байх юм. Тухайн үед Грекийн Засгийн газар гуйж, гувшиж байж зээл авсан бөгөөд Герман тэргүүтэй Европийн хэд, хэдэн орон зээл олгоход дургүйлхэж байсан билээ. Дани улс 599.7 триллион еврогийн зээл авсан байна. Өмнө нь зээл өгөхийг эсэргүүцэж байсан Герман улс 592.2 триллионы зээл авч хямралаас ангижирчээ. Харин өөрсдийн хүчээр хямралаас гарна гэж амлаж байсан Португаль улс 20.5 триллион еврогийн зээл авсан байна.

АНУ-ын Конгресс Хол­бооны нөөцийн сангийн үйл ажиллагааг ард түмэндээ нээлттэй байлгах үүднээс эдийн засгийн хямралын үеэр олгосон зээлийн хэмжээ болон банкуудын нэрийг ил болгохыг үүрэгджээ. Холбооны нөөцийн сангийн мэдээлснээр нийт тус улсын банкууд нийт есөн триллион ам.долларын зээл авсан байна. Тэдгээрээс дийлэнх нь бөгөөд хамгийн их зээл авсан нь Уолл Стрийтийн санхүүгийн фирмүүд байжээ. Дотооддоо төдийгүй олон улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Сити­групп 2.2, Меррил Линч 2.1, Морган Стэнли хоёр, Бэнк ов Америка 1.1 триллион ам.долларын зээл авсан байна. Эдгээр болон бусад зээлдэгч банкууд эргэн төлөлтөө хугацаа хэтрүүлэлгүй хийж буй нь Холбооны нөөцийн сангийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлээгүйг албаныхан онцлов. Тус сангийн зүгээс зээлдэгч талуудад 118 тэр­бум ам.долларын актив хө­рөнгөтэй бөгөөд энэ нь найдвартай эх үүсвэртэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан юм. Хямралын үеэр АНУ-ын хамгийн том санхүүгийн аппарат болох AIG даатгалын фирм ч гэсэн зээл авахад хүрч байжээ. Тус даатгалын нүсэр компани нь 2008 оны есдүгээр сард алдагдлаас үүдэлтэй өрөө дарах үүднээс 62 тэрбум ам.долларын зээлийг дангаар авсан байна. Мөн Барклэйс, Шотландын эзэн хааны банк, Дойч банк зэрэг гадаадын банкууд ч хямралаас гарахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн сангаас зээл авч байжээ.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж