Роберт Дауни мюзиклд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Роберт Дауни мюзиклд тоглоно

Ер бусын хүчирхэг, супер баатруудын сүүлийн үеийн нүүр царай болсон Tony Stark нь “Шинийг санаачлагч, эрдэмтэн, тэрбумтан-хуяглагдсан Төмөр хүн” билээ. Энэхүү гайхалтай супер баатрыг дэлгэцнээ амилуулсан нэрт жүжигчин Роберт Дауни  мюзиклд тоглож, дуулах авьяасаа гайхуулахаар болжээ.
Warner Bros-ын хийж буй "Next to Normal" хэмээх мюзикл нь Brian Yorkey и Том Китт, “Пулитцер” болон “Тони авардс”-ын шагналт хөгжмийн зохиолчид болох Брайн Иорки, Том Китт нарын бүтээл бөгөөд гол дүрд нь Роберт Дауни тоглох аж.
Роберт Дауни бол олон гайхалтай киноны гол болон туслах дүрийг бүтээж байсан чадварлаг жүжигчин юм. Анх 1985 онд “Weird Science” киноны Ланы дүрийг гайхалтай бүтээснийх нь дараа түүнийг Холливуудын архаг найруулагчид анхараалдаа авчээ. 1986-1990 онд Дауни цуцалтгүй хөдөлмөрлөж, карьераа хадгалсаар байсан юм. Түүний нөхөрсөг, хөдөлмөрч, аливаад ихэд хичээл зүтгэлтэй, сэтгэлээсээ ханддаг зан чанар нь хамтран ажилладаг уран бүтээлчдэд тааламжтай байлаа. Ялгуусан баатраас арчаагүй урвагч, сэтгэцийн өвчтэй залуугаас догшин хэрцгий этгээд гээд бүхий л дүрд хувирсаар эдгээр жилүүдэд 13 кинонд гол болон туслах дүр бүтээжээ. “Sex and City” киногоороо олноо алдаршсан хайрт бүсгүй Сара Жессика энэ үед нь түүнд маш их сэтгэлийн дэм, урам зориг өгдөг байсан тухай тэрбээр залуу насныхаа дурсамжид бичсэн байдаг.
1990 онд Дауни Холливудын хүндтэй зочин болсон байлаа. Тэр ондоо Мел Гибсонтой хамт Вьетнамын дайны сэдэвт “Air America” кинонд тоглож, шуугиан дэгдээлээ. Дараа жил нь түүний хувийн амьдралд хүндхэн үе тохиож, Сарагаас салсан ч уран бүтээлээ үргэлжлүүлсээр байсан юм.


1992 онд Ричард Атенбоуны бүтээл “Chaplin” кинонд домогт жүжигчний дүрийг бүтээсэн нь Даунигын хувьд ур чадварыг нь сорьсон томоохон дүр болсон юм. Ямархуу авьяаслаг жүжигчин болохоо ч тэр сайн харуулж, кино академийн дээд шагнал болох “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшин, дуулиан тарьж байлаа. Дэлгэцийн ард хувийн амьдрал нь сонирхолтойгоор өрнөж, жүжигчин Дебора Фолкенартай гэрлэлээ. Гэр бүлдээ цаг заваа зарцуулах нь ихэссэнээр хэсэг хугацаанд уран бүтээл нь зогсонги байдалд орж, тоглосон кинонууд нь ч хангалттай амжилтад хүрсэнгүй. 1993 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын тухай “The Last Party” баримтат кинонд гол дүрийг бүтээсэн бөгөөд тэрбээр хуучин амраг Саратайгаа үе, үе нэр холбогдож байснаас гэр бүлдээ таагүй харьцаатай болжээ. Энэ байдал нь үргэлжилсээр тэд таван жил тусдаа амьдарсны эцэст 2001 онд гэр бүлээ цуцлуулжээ.


Энэ хугацаанд Дауни “Natural born killers” /1994/, “Richard III” /1995/,  “One night stand” /1997/,  “The gingerbreadman” /1998/,  “In dreams” /1999/,  “Wonder boys” /2000/ зэрэг хориод кинонд гол болон туслах дүр бүтээж амжжээ. Асар их хөдөлмөрлөж, уран бүтээлээ зогсолтгүй хийсний ачаар тэрбээр толгой эргэм амжилт, нэр хүндийг эргүүлэн олж 2003 онд “Gothika” аймшгийн кинонд тоглож байхдаа Сьюзан хэмээх үзэсгэлэнт бүсгүйд дурлаж, улмаар хоёр жилийн дараа гэрлээд өдгөөг хүртэл хамтдаа амьдарч байна. 
  
Сүүлийн жилүүдэд түүний тоглосон кинонууд бүгд хит болсоор байгаа билээ. 2008 он түүний хувьд гялалзсан амжилтаар дүүрэн байлаа. Инээдмийн киноны жүжигчин Бен Стиллерийн найруулсан “Tropic Thunder” хэмээх элэг хөшөөм кинонд дүр бүтээсэн.


Харин өнгөрсөн жил алдарт “Sherlok Holmes”-ыг дэлгэцнээ амилуулсан бүтээлд эртний найз Жуд Лоутaйгаа хамтран тоглосон нь саяхныг хүртэл хитийн эхний эгнээнүүдэд жагссаар л байлаа.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж