Үнэгэн сүүлт ҮЗХ мина булж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Үнэгэн сүүлт ҮЗХ мина булж эхэллээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо санаанд оромгүй нам жим хуралдсан. Галт уул дэлбэрэх мэт гайхамшгийг хүлээж суусан ажиглагчдын урмыг хугалсан энэ хурал ардчиллынханд огтхон ч зохихгүй байсан. Яг даруухан “оршуулга” шиг гунигт илтгэл, гэнэт цочтол алга ташаад л хачин хурал болсон. Харин АН-ын хуучин танилуудад дээрх байдал дайны өмнөх их нам гүмийг санагдуулсан юм. Үнэхээр ч теорем батлагдаж сар шинийн өмнөхөн болох ҮЗХ-ны дараагийн хуралдаанаар халуухан үйл явдлууд өрнөх шинжтэй байна.

Өмнөх хурлаар “Катани” маягаар ажиллаж уур амьсгалыг чагнаж суусан Ардчилсан хүчний холбооныхон эдүгээ дараагийн хурал дээр яаж хөдлөх тактикаа боловсруулж сууна. Сонгуулийн мөчлөг дундаа орсон энэ мөчид хуучин даргатайгаар тойрог олж авахгүй нь тодорхой. Тэр тусмаа өөрийг нь огцруулах асуудал сөргүүлж тавьсан нам доторх сөрөг хүчнийхэндээ мандат гардуулах нь юу л бол. Тиймээс Ардчилсан хүчний холбоо одоо болох ҮЗХ-ны хуралдаанаар намын даргаа огцруулах, эсвэл нам дотроо маш том цул болохын тулд гомдогсдын армиар эгнээгээ тэлж хүчирхэгжих хэрэгтэй болж байна. Тиймдээ ч “боевик” Б.Билэгт хүртэл Засгийн газрын үйл ажиллагааг дэмждэг гишүүдэд аархаж сүрийг үзүүлж явсан биз. Өнгөрсөн хаврын ҮЗХ-ны хуралдааны өмнөхөн Р.Амаржаргалын нүдийг цохисон тэрбээр саяын ҮЗХ-ны хуралдааны дараа Засгийн газрыг дэмжиж буй зарим хүнд “ухамсрын шанаа” өгсөн сурагтай. Гэвч “түүнийг нь авсан” хүмүүс дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа. Хааяа ирж журам сахиулдаг “боевик” хүртэл Ардчилсан хүчний холбооны талд зогсох нь ойлгомжтой.

Нөгөөтэйгүүр ҮЗХ-ны хурал болгоноор шинэчлэл ярьдагт гишүүд нь залхаж эхэлсэн. Ерэн настай нам шинэчлэл ярьсаар байгаад хоёр хуваагдчихаад байхад 20 настнуудын шинэчлэл юунд л хүргэх бол доо гэж даапаалах нь ч дуулдлаа. Уг нь парламентын зүгээс ч, Засгийн газраас ч хүйтэн салхи үлээх болсон энэ мөчид эв нэгдэл л тэдэнд чухал баймаарсан даа. Учир нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс Ерөнхий сайд С.Батболдод нэр бүхий сайд нарыг нь ховлосон бичиг илгээсэн. Төсөв батлахад сэтгэл гаргаж ажиллаагүй хэмэээн тодорхойлсон уг бичигт Сангийн сайд С.Баярцогтын нэр буй. Ядахдаа чуулганаар төсөв хэлэлцэж байхад хоцорсон шалтгаанаа замын хальтиргаатай холбож тайлбарладаг нь ч юу вэ. Ёстой л “Уруудахад доройтох” гэгч болсон хэрэг. Дээр нь намынхаа Н.Батбаяртай хүртэл муудалцаад авсан нь сайхан харагдаагүй. Ийм байдал өрсөлдөгч намынханд нь төдийгүй өөрийнх нь намын “Засгийн газраас гаръя” уриа дэвшүүлэгчдэд хэчнээн ашигтай гээч.

Ардчилсан намын дарга одоо юу хийх бол. Нэг Засгийн газарт хамтран зүтгэж, нэгэн завин дээр улс төрийн давалгааг туучиж яваа Ардын намын дарга С.Батболд “минажуулсан” талбайг яаж гаталсныг харсан биз дээ.  Хуваагдсан ч хүчин мөхөстөхгүй том хүч түүнд байсан ч атгасан гар шиг эв нэгдэл, жижиг хэл амыг үл тоон бат зогсох зангараг түүний гол зэвсэг байсан.

Хүссэн хүсээгүй одоо болох ҮЗХ-ны хурлаар танд итгэл үзүүлэх эсэх асуудыг оруулж ирнэ. Сонгуулийн өмнө таныг аргадаж бус огцруулж тойрог олж авах арга сэдчихээд байна. Мөн өмнөх хурал шиг эдийн засгийн хөгжил, монгол хүнийг 2020 он хүртэл хөгжүүлэх тухай ярихгүй. Огт өөр хурал болно. Өмнөх ҮЗХ-ны хурал дээр намын дарга Н.Алтанхуяг “Хагарлыг хүсэгчдийн харцанд хагарахгүй” гэсэн алдарт үгээ хэлснээрээ өөртөө мина бэлдсэн. Ардын нам, Ардчилсан намын рейтинг тун ойр, ердөө 3-5 пунтээр өрсөлдөгчөөсөө илүү байгаа нь түгшүүр төрүүлж байгаа энэ үед тус намынхан хол тасаръя гэвэл сөрөг хүчин болохоос өөр аргагүй гэж жирийн гишүүдийн дийлэнх нь үзэж байгаа.  Үүнийг мэдэрч нэг танхимд гар нийлж ажиллаж байгаа ч гэсэн хааяа шүүмжлэл өрнүүлэх ёстой байсан юм. Ялангуяа төсвийн алдагдалд олон нийт эгдүүцэж буйд мэдрэмжтэй хандахын оронд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Төсөв үргэлж шүүмжлэл дагуулдаг шүү дээ” гээд сууж байхад яаж тэвчих билээ.

Хөнжилдөө, хөрөнгөндөө хамтарсан Засгийн газраас намаа салгах асуудал дахин босч ирэх нь тодорхой. Монголчуудын анхаарлын төвөөс лав зуун жилдээ салахгүй Оюутолгойн гэрээний “но”-г Н.Батбаяр ярьсаар л, Сангийн сайд С.Баярцогт захиа үзүүлж мэлзсээр л байх уу. ҮЗХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намынхаа ахмадуудын нэг, Эрүүл мэндийн  сайд С.Ламбааг “Засгийн газрын хамгийн муу ажиллаж байгаа сайд” хэмээхдээ ямархан гал ноцоосноо өөрөө сайн мэдэж байгаа. Энэ мэтийн өдөөн хатгалгууд дараагийн ҮЗХ дажин дүүрэн байхыг харуулж байсан. Тиймээс намын дарга ҮЗХ-ны гишүүдийн дийлэнх нь Онц их хурлыг дэмжээгүйд баярлах хэрэггүй. Шинээр дэлгэх асуудал ч арвин. Ёстой л “цөмийн зэвсгээ хуримтлуулж” байгаад ниргэх Ардчилсан хүчний холбооны дайралтыг хэрхэн зогсоохыг урьдчилан хэлэхэд амаргүй. Намын даргыг дэмжиж “Сонгуулийн өмнө солиод хэрэггүй. Монгол хүн гарман дээр морио сольдоггүй” гэж хэчнээн хашгираад нэмэргүй л болов уу.

Энэ мөчид “минажуулсан талбай”-г Н.Алтанхуягтай хамтдаа гэтэлж, аюулыг зайлуулах анд нөхөр нь хэнсэн билээ. Бүр түүний өмнөөс “дэлбэрсэн” ч яах вэ гээд өөрийгөө золиослох журмын нөхөр хэд билээ гээд бодохоор үнэндээ чамлалттай. Генсек, Нийслэлийн намын дарга, танхимын хэдэн сайдын зарим нь гээд бодохоор гарын арван ч хуруу ихдэхээр  байна л даа. Нөхөрлөлийн шалтгаан нь өрөвдөлтэй. Албан тушаал, ашиг сонирхол төдийхнөөр тайлбарлагдаж буй нь бүр ч хэврэгийн шинж. Яана даа, Н.Алтанхуяг дарга аа. “Минажуулсан талбай”-г яажшуухан туулна даа.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж