МАН-аас МАХН салах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

МАН-аас МАХН салах нь зөв үү?

Монгол Ардын Хувьсгалт Нам нэрээ өөрчлөн Монгол Ардын Нам нэртэй болсон. Харин тус намын хэсэг бүлэг хүмүүс үүнийг эсэргүүцэн Монгол Ардын Хувьсгалт Нам нэрээ эргүүлэн авах асуудлаар түр хороо байгуулсан ажиллаж байгаа. Энэ тал дээр иргэдийн саналыг асуусан юм.

Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн И.Жав:

-Намын нэрийг сольсноороо чанарт өөрчлөлт орохгүй шүү дээ. Хуучин нэрээрээ байсан нь дээр гэж бодож байгаа.

Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн З.Эрдэнэбилэг:

-Би МАХН-ын түр хороог дэмжиж байгаа. Майкл Жексоныг харангуутаа нөхрөө
түүн шиг болгож болохгүй шүү дээ. Нөхөр бол нөхрөөрөө байдагтай утга нэг
байхгүй юу. Одоо Монгол ардын нам боллоо гээд сонгуульд нүүрээ пудрдээд
орсноос ялгаа байхгүй. Би хувьдаа нүүрээ будсан гэдэг утгаар нь ардын
намд таалал муутай байгаа. Тэртээ тэргүй Хүрэлсүх, Улаан, Идэвхитэн,
Баярсүх ч гэдэг юм уу хэн ч огцроогүй хэн ч байраа тавьж өгөөгүй байж л
байна шүү дээ. Магадгүй хамаагүй нэрээ солиод удирдлагуудаа бүгдийг нь
сольсон бол тэр өөрчлөгдөж ээ гэж бодож болох юм. Тэгтэл удирдлагууд нь
бүгд хэвээрээ л байна. Тэгвэл Баяр дарга өөрийнхөө нэрийг Баатар
болгочихгүй яасан юм бэ? Болно шүү дээ. Миний хувийн бодлоор дургүй
асуудал нь тэр л байгаа юм. Мэдээж бууриа сахиад үлдэнэ гэдэг чинь
гарман дээр морио солихгүй гэдэгтээ адилхан юм.

Баянзүрх дүүргийн 6-р хорооны иргэн Д.Батбаяр:

-Би нэрээ өөрчилж байгааг буруу гэж бодож байгаа. Явдаг юм явдаг жамаараа л байсан нь дээр.

Чингэлтэй дүүргийн иргэн Х.Чанцал:

-Намын их хурлаа хийгээд нэрээ өөрчилсөн нь тэдний хувьд зөв л байх.
Гэхдээ ард ард түмний амьдралд тус нэмэр болохгүй байж нэрээ өөрчлөөд ч
яах билээ. Уг нь дассанаараа МАХН хэвээрээ байвал сайн юмсан. Яагаад
гэвэл 70 жил Монгол Улсыг улс шиг улс байлгаж чадсан. Эмээг нь залуу
байхад тодорхой хэмжээгээр нийгмийн, эрх чөлөөний хориг саадтай
хаалттай  зүйлүүд байсан ч бид сайхан амьдарч байсан. Одоо ардчилал
ялсанаас хойш  МАХН –ыг авч яваа хүмүүс өөрсдөө л баяжиж эрх мэдлийг
авсанаас ард түмэнд хэрэгтэй зүйл хийсэнгүй.  Тийм болохоор нэрээ
өөрчилсөнөөр нам шинэчлэгдэнэ гэж байхгүй. Тэгсэнээс нэрээ хэвээр
хадгалаад үйл ажиллагаа, хийж байгаа ажилдаа сэтгэл гаргах нь л ард
түмэнд хэрэгтэй гэж бодож байна.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн Э.Төгсбат:

-Нэрээ өөрчлөөд яах юм бэ. Хэрэггүй шүү дээ. Хуучнаараа байсан нь дээр. Би нэрээ буцааж авахыг дэмжиж байгаа. Болохгүй бол салсан ч болно шүү дээ.
 
Баянгол дүүргийн 10-р хорооны иргэн Ш.Батчимэг:

-Нэрээ солилоо гээд юу өөрчлөгдөх юм бэ. Гол нь юу хийж байгаа нь л сонин. Хуучин нэрээрээ байсан нь дээр байх аа.

Баянзүрх дүүргийн иргэн Ч.Доржсүрэн:

-МАХН-ыг дахин сэргээнэ гэж хэсэг залуус явж байхтай таарсан. Миний
хувьд зөв алхам хийж байна гэж бодож байгаа. Ард түмний амьжиргааны
түвшин доогуур байна.  Өргөн уудам газар нутагтай, хоёр сая гаруйхан хүн
амтай улс орныг зөв сайхан аваад явж чадахгүй байна. Ард түмний төлөө
хийх ёстой зөндөө ажил байхад нэр усаа өөрчилж дэмий юм хийж байна.
Иргэд шашны байгууллагын гадаа очиж хоолонд оочирлож байна.
арчаагүйгэээсээ ард түмнээ гадны хүний цаай харуулаад амьдруулж байна.
Гэтэл хуучин МАХН нам байхад ийм юм болж байгаагүй. Хуучин нэрээрээ
байхад юу нь буруу гэж. Монголын ард түмний төлөө анхаарахаасаа илүү
өөрсдөө баяжиж, төрийн эрх мэдэл авчихаад одоо нэрээ өөрчилж байгааг
буруу гэж бодож байна. Би МАХН гэдэг нэрээрээ байгаасай гэж хүсч байна.

Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэн Л.Амартүвшин:

-Хуучин нэрээрээ байвал зүгээр юм шиг санагддаг. Тиймээс МАХН гэдэг нэртэйгээ байя гэж байгаа хүмүүс МАН-аас салах хэрэгтэй.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Д. Туяацэцэг:

-МАХН –ыг дахин сэргээнэ намаа аврана гэж хэсэг хүмүүс нэгдэж байгааг
зөв гэж бодож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд МАХН-ын нэрээр төрийн
толгойд гарсан намын гүшүүд нэр үзэл баримтлалын өөрчлөлт халхавчин дор
энэ намын нэрийг МАН болгосон.  Төрийн нэрээр баяжсан олигархууд МАХН
–ыг устгаж, монголын ард түмнийг ядууруулан туйлдуулж байна. Иймд
олигархуудаас намаа аварч, шударга ёсны төлөө тэмцэнэ гэсэн тэдний
уриатай санал нэг байгаа тул  тэдэнтэй нэгдэхэд бэлэн байна. 

Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн Б.Оюунчимэг: 

-Ер
нь бол ард түмнийхээ төлөө ажиллаж чадаж байвал нэр хамаагүй шүү
дээ.Солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй.Баянзүрх дүүргийн иргэн Э.Лхамаа:

-Нэрээ өөрчиллөө гээд үндсэн чиглэлүүд нь өөрчлөгдөөгүй болохоор хэвээрээ байсан нь дээр гэж бодож байна.МАХН салах нь зөв.

Баянзүрх дүүргийн иргэн С.Дамдиндорж

Миний хувьд хуучнаараа байсан нь л дээр юм шиг санагдаж байна. Монгол ардын нам гэж нэрээ өөрчлөхдөө намын шинэчлэл хийж байна, Ард түмний төлөө үйлчилдэг намаа аварч байна гэж ярьж байгаа ч үнэн чанартаа сонгуулийн өмнөх бэлтгэл гэж бодогдож байна.

Г.В. Плехановын сургуулийн багш Л.Уранчимэг:

-Нийт
гишүүдийнхээ саналыг аваагүй болохоор бусад хүмүүсийн эсэргүүцэлд орж
байгаа байхгүй юу. Түүнээс  биш нийт гишүүдийнхээ саналыг аваад нэрээ
өөрчилсөн бол асуудал байхгүй ээ. Олонх нь дэмжээгүй юм чинь хуучин
нэрээрээ байсан нь дээр гэж бодож байна.

Хан-Уул дүүргийн иргэн  А.Даваасамбуу:

-Монголд улстөрийн соёл гэж зүйл харагдахгүй байна. Дэлхийн улс төрийн соёл  маш хурдтай өөрчлөгдөж байхад,  бие биенээ үгүйсгэж, шүүмжилсэн, арцалдсан намууд  улстөрд байна. Өндөр хөгжилтэй улс оронд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд  ард түмэн нь өртлөө гэхэд төрийн тэргүүн нь огцорж,   хариуцлага хүлээж чадаж байна. Энэ бол улс төрийн том  соёл. Харин Монголд улстөрийн соёл гэж зүйл харагдахгүй байна. Тийм болохоор МАН гэж нэрээ өөрчлөхийн оронд МАХН нэрээрээ шударга, зарчимч, жинхэн ард түмний төлөө нам гэдгээ харуулах хэрэгтэй. Нэрээ өөрчилж байгаа нь эрх баригчид 2012 оны согуульдаа бэлдэж байна гэж харагдаж байна даа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж