Спортод ийм бүтээн байгуулалт үгүйлэгдэж байлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Спортод ийм бүтээн байгуулалт үгүйлэгдэж байлаа


Хүн төрөлхтний хөдөлгөгч хүчний нэг спортоос мэдрэх баяр бахдал дуусашгүй юм. МЭӨ 884 онд Элида хаан, Спарт омгийнхонтой эвийн гэрээ байгуулсан баяр тэмдэглэснээс улбаалан Олимп уулын хормойд /МЭӨ 774 онд/ эртний олимпийн бамбарыг бадамлан асаасан түүх бий. Тэр цагаас энэ ертөнцийг спортын амьд мэдрэмжгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Монголчууд бид ч дэлхийн сая сая хүний адил спортын гайхамшигтай түүх бүтээгчид. Монголчуудын олимпийн түүхийг эхлүүлсэн Токиогийн олимпийн жим, монгол хүн олимпийн анхны медалийг энгэртээ гялалзуулсан Мехикогийн олимп, Монголын тамирчид алтан соёмбот далбаагаа тэртээ дээр мандуулсан Бээжингийн олимп гээд бидний спортын бахархал их ээ.

Спортоос авч болох бидний үндэсний бахархал өчигдөр бас нэгэн түүхэн үйл явдлаар баяжлаа. Монголын тамирчид, Монголын ард түмэн төсөөлж байсан спортын сүрлэг ордныхоо өрхийг татаж, үүдийг сөхөв. БНХАУ-ын Засгийн газрын 111 сая юанийн буцалтгүй тусламжаар Яармагийн дэнжид сүндэрлүүлсэн Спорт цогцолборыг Хятадын талаас хүлээж аван, нээх ёслол хөл ихтэй, спортынхон магнай тэнэгэр байв.

Олон улсын, тив, дэлхийн чанартай, зэрэглэл өндөр уралдаан, тэмцээнийг эх орондоо зохион байгуулаад зогсохгүй эх орныхоо нэрийг дэлхийн тэртээ дуурсгаж яваа үе үеийн тамирчдад маань үр өгөөжөө өгөх Спортын шинэ ордны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт нарын төрийн түшээд, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Юй Хун Яао, барилгын ажлыг гүйцэтгэгч Шанхайн барилгын ерөнхий группын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс гээд хол ойрын, төр засгийн зочид их спортоо хүндэтгэн олноор цугласан байв.

Ирээдүйн тив, дэлхий, олимпийн аваргуудыг бэлтгэж буй Биеийн тамир, спортын дунд сургуулийнхан, Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, Монголын спортын өнгө төрхийг тодорхойлж явсан үе үеийн тамирчид, урлаг соёлынхон гээд 5045 хүний суудалтай, Монголын хамгийн том орд харш энэ өдөр сул суудалгүй шахам дүүрсэн байлаа.


Шинэ спортын ордны нээлтийн ёслолыг нээж, УИХ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа үг хэлэв. Тэрбээр спортын шинэ ордон олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн тоноглогдсон онцгой бүтээн байгуулалт болсныг онцлоод, Монголын тамирчдын ирээдүйн амжилтад чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн. Мөн нээлтийн ажиллагаанд зориулж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Юй Хуа Яао нар мэндчилгээ дэвшүүлж, эрхэм Юй Хуа Яао энэ үеэр хойр орны хамтын ажиллагааны үр дүнд сүндэрлэсэн энэ ордон Монголын спортын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, харин БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Юй Хуа Яао нар гэрээнд гарын үсэг зурж, бэлгэдлийн түлхүүрийг ноён Юй Хун Яао С.Баярцогт сайдад гардуулав. Харин Сангийн сайд С.Баярцогт энэхүү бэлгэдлийн түлхүүрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатарт хүлээлгэн өгснөөр шинэ ордны цаашдын үйл ажиллагааг БТСГ хариуцах боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2010.11.23-ны өдрийн хуралдаанаас Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан энэхүү Спортын ордны барилгыг хүлээж авах, цаашид уг барилгыг төрийн өмчид бүртгэж, Биеийн тамир, спортын газрын харьяанд шилжүүлэхээр тэмдэглэсэн тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ нь Биеийн тамир, спортын шинэ ордны үйл ажиллагааг удирдан явуулахаар тогтсон юм. Спортын төрийн байгууллагыг удирдаж буй Ч.Наранбаатар дарга, түүний хамт олны хичээл зүтгэлд талархал илэрхийлэхийг хүсч байна. Мөн цогцолбор барих ажлыг БНХАУ-ын талд уламжлан хөөцөлдсөн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувь нэмэр ч энэ ажилд том үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэе.

Шинэ ордны нээлтийн баяртай давхацсан бас нэгэн таатай мэдээ нь Хятадын талаас манай тамирчдад зориулан сагсан бөмбөг, волейбол, гимнастик, хүндийг өргөлт, бокс, бадминтон, талбайн теннис, ширээний теннис, байт харваа, чөлөөт болон жүдо бөхийн хэрэгслийг бэлэг болгон өгсөн явдал байсан юм.

Төгсгөлд нь шинэ ордны хүчин чадал, зай талбайн талаар дараах мэдээллийг хүргэе. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны арванхоёрдугаар сарын 26, 2004 оны долдугаар сарын 5, 2005 оны тавдугаар сарын 24 болон 2005 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус тус гарын үсэг зурсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн дагуу Спортын ордон барих ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Спортын ордны барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын “Шанхайн барилгын ерөнхий групп” шалгарч, 2007 оны арванхоёрдугаар сарын 24-нд Монгол Улсын Сангийн яам болон БТСГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. “Шанхайн барилгын ерөнхий групп” ХХК нь Спортын ордныг 27 сарын хугацаанд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгагдсан бөгөөд энэхүү ордон нь БНХАУ-ын 111 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан болно. Барилгын ажил албан ёсоор 2008 оны зургадугаар сарын 20-ноос эхлүүлсэн бол өчигдөр ийнхүү албан ёсны нээлтээ хийлээ.

Яармагийн дэнжид сүндэрлэсэн Спортын ордон нийт 5045 хүний суудалтай, тоглолт явуулах гол талбайн хэмжээ нь 2950 кв.метр бөгөөд 260 кв.метр бэлтгэлийн хоёр жижиг заал болон нийт 104 өрөө тасалгаатай юм. Үүнд, албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 32, нийтийн бие засах 35, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах болон хэвлэл мэдээллийн 3, тусгай зориулалт болон техникийн 37 өрөө багтжээ.

Будаг нь ханхалсан цоо шинэ спортын ордон үүднээсээ эхлээд л сүрлэг, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн техник, технологиор тоноглогдсон гайхалтай цогцолбор болсныг дахин дахин тэмдэглэмээр. Гэхдээ Монголын спортын оруулж байгаа энэ үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтыг, Монголын тамирчдын хийморь шингэх шинэ ордноо хайрлан, хамгаалах нь бидний үүрэг гэдгийг хэлэхийг хүсч байна.

Мянган хүний суудалтай спортын шаргал ордонтойгоо мөнхийн байх юм шиг санаж, тив, дэлхийн тэмцээн, тулааныг зөвхөн хилийн дээс алхаж үздэг үе өчигдрөөс эхлээд ард хоцорлоо. Энэ сүрлэг ордноос ирээдүйн олон аваргууд төрөх болтугай.

С.Цэлмэг, Б.Бадмаа.

Гэрэл зургийг “Proline studio”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж