
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг танилцуулж, санал солилцох уулзалт зохиогдлоо.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг болон Улсын Их Хурлын гишүүд, Монголын Оюутны Холбооны төлөөлөл, хуулийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд оролцож санал солилцов.
Өдгөө дэлхий дахинд дээд боловсролыг зардлаа олон дахин нөхөх хөрөнгө оруулалт, эдийн засгийн нэг салбар хэмээн үзэх хандлага өсөн нэмэгдэж байгааг энэ үеэр онцолсон байна. Түүнчлэн “Европын холбооноос 2008 онд хэвлүүлсэн Брюгэлийн тайланд (BruegelPolicybrief, 2008) Европын орнуудад дээд боловсрол эзэмших оюутан жилд дунджаар 8700 евро зарцуулж байхад АНУ-д 36,500 евро зардаг, америкийн сургуулиуд бие даасан өргөн эрх мэдэлтэй байгаа нь Европын их сургуулиудын хоцрогдлын үндсэн шалтгаан хэмээн дүгнэсэн талаар, Европт дээрх зардлын 84 хувийг, АНУ-д 47 хувийг нь Засгийн газрын эх үүсвэрээс санхүүжүүлсэн талаар танилцуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дээд боловсрол эзэмшинэ гэдэг бол нэг хүний юм уу, нэг өрхийн асуудал биш. Дээд боловсрол нь өөрөө салбар биш, нийгмийн баялаг юм. Энэ бол улс орныг хөгжил рүү хөтөлдөг баялаг. Бүх газар бүх салбарт оролцдог нийгмийн баялаг. Боловсрол өөрөө нийгмийн дундаж иргэнийг төлөвшүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэдэг байх ёстой. Бид салбарын хэмжээнд асуудалд хандах биш, харин нийгмийн баялгийг бүтээхэд оролцож байна гэж харж асуудалд хандах хэрэгтэй.
Монголд өнөөдөр нийт өрхийн 65-70 хувьд нь оюутан байна гэсэн судалгаанаас харахад ч дээд боловсрол нь нийгмийн асуудал болжээ. Чухал хэрэгцээтэй, ховор мэргэжлээр гадаадад боловсрол эзэмшээд ирсэн бол суралцсан зардлыг төр шууд гаргаж өгдөг систем рүү бид орох ёстой. Дэлхийн 500 топ сургуулийн эхний 20 сургуулийн аль нэгэнд монгол залуучууд магистр, докторын зэрэг хамгаалсан бол төр тэр зардлыг нөхөн олгодог болох ёстой” гэсэн байна. Уулзалтад оролцогсод “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, гаргасан саналыг хэлэлцүүлгийн үеэр авч үзэх шаардлагатай гэсэн байна.
Э.Мандах