Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмыг хуульчилна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмыг хуульчилна

Үндсэн хуулийг дархлаатай болгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байв. Уг асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн  85,7 хувийн саналаар дэмжлээ. Ийм хууль гаргаснаар Үндсэн хуульд зайлшгүй гар хүрэх тохиолдолд яах вэ гэдгийг хуульчилж өгч, Үндсэн хуулийг илүү хамгаалалт, дархлаатай болгох аж.  Хуулийн төслийг Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг нарын есөн гишүүн санаачилж, жил гаруйн өмнөөс хэлэлцүүлэгт бэлтгэн Хөдөлмөрийн баатар хуульч Б.Чимидээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж багагүй хөдөлмөр заржээ. Дэлхийн 54 орон Үндсэн хуульдаа ямар байдлаар өөрчлөлт оруулж байсныг судалж төсөлд тусгасан байна. “Арван найман жилийн өмнө баталсан Үндсэн хуульд цагийн эрхээр оруулах өөрчлөлтүүд бий. Түүнийг хэрхэн хийхийг энэ хуулиар зохицуулна” гэж төсөл санаачлагчид хэлж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр 1999 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг буцаан авч Үндсэн хуулийг эхний хэлбэрт нь оруулах саналыг зарим гишүүн дэвшүүлж байв. Үүнд Ч.Сайханбилэг гишүүн хариу болгож “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуультай болсноор Үндсэн хуульд хамаагүй халддагийг хязгаарлана. Өөрчлөлтийг яаж хийх вэ гэсэн зарчмыг одоо бид ярьж байна. Аль болохоор субъектив байдлаас ангид байх ёстой. Долоон өөрчлөлтийг би хийлцэж байсан. Түүн дотор зайлшгүй хийх ёстой өөрчлөлтүүд байсан. Жишээ нь, хуучин бол УИХ-д 51 суудал авсан нам засгийн эрх барих эрхтэй болдог байсныг 39 суудал болгосон. Үндсэн хуулийн шинэчлэлтийг хэрхэн хийх вэ гэсэн зохицуулалтыг энэ хуулиар тодорхой болгох ёстой” гэлээ.

Гишүүн Х.Тэмүүжин гадаад орнуудад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа засаглалын хэлбэр, эрх мэдэл хуваах зарчим, хүний эрх зэрэг үндсэн гол зарчмууддаа гар хүрдэггүйг анхааруулж энэ хууль шилжилтийн үеийн хууль болохыг хэлж байв. Гишүүн Д.Балдан-Очир шинэ Үндсэн хуулийг 1992 онд АИХ-ын 300 гаруй депутатын оролцоотой баталсныг онцолж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Үндсэн хуулийн Цэцтэй урьдчилан зохицуулалт хийж байж шийдэх ёстойг хэлэв. Төсөл санаачлагч гишүүн Ө.Энхтүвшин Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулж болохыг үгүйсгэхгүй гээд Үндсэн хууль дахь Цэцийн үүргийг тодорхойлох ёстой гэсэн юм. Цэцийн өнөөгийн байдал шүүх ч биш, зөвлөл ч биш байгааг гишүүн С.Баярцогт хэлж байв. Гишүүн Л.Гүндалайн “Улс орнууд Үндсэн хуульд гар хүрэхдээ болгоомжтой ханддаг. Үндсэн хуулиас яг юуг өөрчлөх вэ гэсэн судалгаа гаргасан уу. Хууль гармагц Үндсэн хуулиа өөрчлөөд эхлэх юм уу”  гэсэн асуултад Ө.Энхтүвшин гишүүн хариулахдаа “Болгоомжтой хандахын тулд л энэ хуулийг гаргах гэж байна. Дэлхийд ийм хуультай орон цөөн байдаг. ОХУ саяхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуультай болсон байна. Манай Үндсэн хуульд маргаантай асуудлууд бий. Тухайлбал, хот гэдэг асуудлаар 20 жил маргаан өрнөлөө. Хөвсгөлд Хатгал гэдэг хот байсан. Гэтэл Үндсэн хуульд хот гэдэг ойлголт байхгүй болсноос одоо Алаг-Эрдэнэ сумын баг болчихоод байж байна. Өмнө нь хотын статустай байсан олон газарт ийм маргаан гарсаар байгаа. Энэ мэт дахин авч үзэх асуудал Үндсэн хуульд бий. Хууль гарснаар Үндсэн хуулиа өөрчилнө гэсэн үг биш. Журамтай болж байгаа юм” гэлээ. Гишүүн С.Баярцогт “Монгол парламентын засаглалтай гэдэг ч сонгодог утгаар нь тодорхойлоогүй. Засаглалыг зөв хуваарилаагүйгээс ажлын гацаа гардаг. Үндсэн хуулийн хямрал үүсэх дөхсөн үе ч бий. Ц.Элбэгдоржийн Их эвслийн Засгийн газрыг 2006 онд огцруулахад 38 гишүүн санал өгсөн бол асуудал үүсэх байсан. Гэтэл яг тулсан 39 гишүүн санал өгч огцорч байсан. Хуульд тунхаглалын чанартай заалтууд оруулж болохгүй” гэсэн тайлбар өглөө.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тохиолдолд  хүний эрхийг өнөөгийнхөөс дордуулахгүй байх, засаглалын хэлбэрийг өөрчлөхгүй байх зэрэг чухал асуудалд анхаарах ёстойг гишүүд сануулж байв. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор ирэх долоо хоногт хэлэлцэх юм.

Байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн явцад уг хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон бөгөөд хуулийн төслүүдийг  анхны хэлэлцүүлгээр нь батлав. Мөн Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороо руу илгээсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр Дархан, Сэлэнгийн нутгийн орчим ямар нэг ургамал түүхдээ тухайн газар нутгийн холбогдох газраас зөвшөөрөл авдаг эсэх, говийн ургамлыг нутагшуулах талаар юу хийж байгааг зэрэг асуултыг гишүүдийн зүгээс тавьсан байна. Мөн ургамлын генийн фондын тухай асуудлыг хөндсөн байна. Гишүүд асуулт асуусны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй 10 гаруй саналаар санал хураалт явуулж, чуулганд оролцсон гишүүд дэмжсэн юм.   Мөн байнгын хороогоор дэмжигдээгүй саналуудыг Спикер сонсгож,  дэмжих боломжгүй хэмээсэн томъёоллоор санал хураалт явуулахад тухайн саналууд дэмжигдээгүй байна.

Арай хоёр жил зам барихгүй биз дээ

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг дараа нь хэлэлцлээ. Зээлийн зарим хэлэлцээрийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа талаар энэ үеэр шүүмжлэл гарсан бөгөөд “Өнгөрсөн жилийн Германы төсөл хэрэгжихдээ маш удаан үргэлжилсэн, харин энэ төсөл хэр үргэлжилсэн бол, чанар нь яах бол, ямар шүүлтүүр давсан бэ, зөвлөх үйлчилгээг Монголын тал хийж байна уу, мөн л нөгөө гадныхан ирээд хэдэн төгрөгийг нь аваад алга болох уу” хэмээн УИХ-ын гишүүн Р.Буд онцолсон байна. Мөн гишүүний зүгээс “Замын компаниуд тендерт шалгарахын тулд хямдхан зардал бичиж ороод дараа нь мөнгө хүрэлцэхээ болилоо гээд хойш суудаг” талаар асуудал хөндөв. Энэ бүх шүүмжлэл УИХ-ын гишүүн Н.Энхболдын “Энэ 30 гаруйхан км замыг хоёр жилд барихгүй шүү” гэх анхааруулгад үндсэндээ багтаж байв. Бодит ажил хэрэг удаашралтай байдаг талаарх шүүмжлэлийн дараагаар уг төслийг дэмжих нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Д.ОЮУН, Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж