Нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөв


Бид хоол хүнснийхээ 70 хувийг гадаадаас авч байна. Өөрөөр хэлбэл өглөөний унд, өдөр, оройн хоолны маань ихэнхийг гадаадаас импортлон оруулж ирдэг гэсэн үг. Хэдийгээр улс орны хэмжээнд хүнснийхээ 35-40 хувийг гадаадаас авч байвал аюулгүй байдал хөндөгддөг гэж үздэг ч манайд энэ норм норматив бүр нэг дахин өсчихөөд байгаа нь түгшүүр төрөхгүй байх аргагүй. Тиймээс Эрүүл мэндийн яам, ХААХҮЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “Номхон далайн баруун бүсийн хүнсний аюулгүй байдлын стратеги” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ДЭМБ-ын суурин төлөөлөч Др.Виват, хүнсний аюулгүй байдлын  бүсийн зөвлөх А.Хазард нар оролцсон юм. Бүсийн зөвлөх Антони Хазардын үнэлж буйгаар манай улс бүс нутагтаа хүнсний аюулгүй байдлаар тийм ч доогуур оронд тооцогдохгүй бөгөөд “алтан дундаж”-ийг баримталж байгааг онцолсон. Харин одоогийн байдлаар хамгаас хэрэгтэй зүйл бол хүнсний хяналтын систем ажээ. Хүнсний хяналтыг сайжруулснаар хүн амынхаа эрүүл мэндийг найдвартай хамгаалаад зогсохгүй, хуурамч, чанаргүй бүтээгдэхүүнээс сэргийлэх, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдээс татгалзах боломжтойг ноён А.Хазард хэлж байлаа.
 Дэлхийн олон оронд хоол, хүнсний бохирдлоос үүдэлтэй өвчлөл элбэг гарч байгаа аж. Ялангуяа, хүнсэн дэх химийн бодис хүний эрүүл мэндэд аюул занал учруулах болсон  байна. Ганцхан жишээ дурдахад төмс, хүнсний ногоог 120 хэмээс дээш градуст шарахад акрилимид хэмээх бодис үүсдэг байна. Хүний удамд нөлөөлж хавдар үүсгэдэг нь тогтоогдсон энэ бодисыг бид хэрэглэдэггүй гэж ам бардам хэлэх ямар ч боломжгүй билээ.

Меламинтай сүү, хачигтай алим гээд урд хөршөөсөө бид хоол бус хор маш ихээр оруулж ирдэг. Ийм нөхцөлд хүнсний аюулгүй байдал гэдэг нь зөвхөн нэг өрх айл, улс орны асуудал бус бүс нутгийн хэмжээнд анхаарал татдаг учраас энэ удаагийн хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм байна. 2015 он гэхэд Номхон далайн баруун бүсийн хэмжээнд улс орнууд үндэснийхээ хүнсний хяналтын тогтолцоог бэхжүүлж, эрүүл аюулгүй хүнсний худалдааг эрхэмлэсэн байх зорилтыг дэвшүүлээд байгаа ажээ. Тиймээс Засгийн газруудын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь хамгаас чухал гэж ДЭМБ-ынхан үзэж байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг иргэн нэг бүрийн санаачлагаас гадна гүйцэтгэх засаглалын идэвхээс ихээхэн хамаардаг гэж тэд онцолсон. Ууж идэж буйдаа  бус өмсгөл, гоёлдоо илүү анхаарах болсон  энэ цагийн монголчуудын хувьд “Илд бамбайны доор үхсэн хүнээс  идэшнээсээ болж үхсэн нь олон”  гэсэн зүйрлэл илүү оновчтой сонсогддог. Тиймээс ч ирэх оноос эхлэн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах анхаарч ажиллахаа холбогдох яамныхан хэлж байв.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж