Тамирчдад мөнгөн шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Тамирчдад мөнгөн шагнал гардуулав

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Яармагийн дэнжид баригдсан 5045 хүний суудалтай цоо шинэхэн спортын ордны нээлтийн ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн бөгөөд энэ үеэр тив, дэлхийн тавцанд амжилт гаргаж, Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг харийн тэнгэрт мандуулсан тамирчдад олгох Засгийн газрын мөнгөн шагналын батламжийг гардуулан өгсөн юм. Амжилт гаргасан тамирчдын төлөөлөл болгож, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Г.Наранчимэг, сонирхогчдын сумогийн дэлхийн аварга Я.Дулмаа, кикбоксын дэлхийн аварга Б.Мягмарсүрэн, Ч.Шижир-Эрдэнэ, шатрын өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, жүдо бөхийн дэлхийн цомын аварга Ц.Мөнхзаяа нарын аварга тамирчдад Засгийн газрын мөнгөн шагналын батламж гардууллаа.

Дашрамд сонирхуулахад, 2010 он гарсаар Монголын тамирчид олон улсын чанартай 270 тэмцээнд оролцож, 188 медаль хүртсэн амжилт гаргажээ. Түүнчлэн насанд хүрэгчид, залуучууд болон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 20 дэлхийн аварга төрсөн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж