“FIFA-2018” болон “FIFA-2022”-ын нийслэл өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“FIFA-2018” болон “FIFA-2022”-ын нийслэл өнөөдөр тодорно

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр орой хөлбөмбөгийн 21 болон 22 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах азтай улс орнуудыг тодруулах болно. Энэхүү чухал арга хэмжээнд оролцохоор 2018, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн улсдаа зохион явуулах хүсэлт гаргасан улс орнуудын төлөөлөгчид Цюрих хотноо хүрэлцэн ирээд байна.

Мэдээж олон жилийн туршид энэ хүндтэй эрхийн төлөө бүхий л хүчээ дайчилсан тул санал гарахаас хэдхэн цагийн өмнө улсаа орноо төлөөлж, олон улсын тавцанд нэр нөлөөтөй эрхмүүд Швейцарийн Цюрих хотноо хүрэлцэн ирсээр байна. Европын аварга шалгаруулах тэмцээнээр од болон гялалзаж, “Арсенал Лондон” багийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай гэрээ хийсэн Андрей Аршавин өөрийн улсдаа хөлбөмбөгийн их баяр наадмыг зохиох эрхийг авахын тулд хөл тавьсан бол нэгэн цаг үед “Оддын цуглуулга” хэмээн нэрлэгдэж байсан “Реал Мадрид”-ын гишүүн Луиш Фигу Португалийг төлөөлөн Цюрихын нисэх онгоцны буудалд газарджээ. Харин тэдний холбоотон хөлбөмбөгийн их гүрэн Испанийг төлөөлөн Европын болон дэлхийн аварга хаалгач Икер Касильяс өөрийн улсаа дэмжихээр ирсэн байна. 2018 онд хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Буурал тивд зохион байгуулагдах учир Англи, ОХУ, Нидерланд-Бельгийн холбоо болон Испани-Португалийн нэгдэл санал тодрох агшинг сэтгэл догдлон хүлээж, сүүлийн танилцуулгатаа аль болох их оноо авахыг хичээн ажиллаж байна. Мэдээж бүхий л өрсөлдөгчид сайн төсөл өргөн бариад байгаа ч ОХУ болон Англи ялах магадлал өндөр байгаа юм.

Харин 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө Катар, Өмнөд Солонгос, Япон, АНУ, Австрали зэрэг улсууд нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. 1994 онд АНУ-д анх удаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байсан бол 2002 онд Япон, Өмнөд Солонгос хамтдаа энэ нэр хүндтэй тэмцээнийг амжилттай зохион явуулж байлаа. Харин эдийн засгийн хувьд асар өндөр чадавхтай Катар, шинэ тивийн төлөөлөл Австрали улсууд энэ эрхийн төлөө анх удаа өрсөлдөж байгаа юм.  Энэ ч утгаараа энэ хоёр улсад хөлбөмбөгийн их баяр наадам зохион байгуулагдах магадлал хамгийн өндөр байгаа юм. Ойрын жилүүдэд Катар улс спортын томоохон арга хэмжээг улсдаа зохион явуулах тал дээр маш анхааран ажиллаж байгаа. Ердөө 1.6 сая хүн амтай энэ улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болвол нэгэн өвөрмөц амжилт болон үлдэх билээ. Зуны улиралд 40 хэм хүртэл халдаг ч зохион байгуулах хорооны тэргүүн Шех Мохаммэд ал Танни цэнгэлдэх хүрээлэнгүүдэд агааржуулах төхөөрөмж суурилуулан 30 хэмээс хэтрүүлэхгүй байх боломжтой гэдгийг мэдэгджээ. Харин тэдний хүчтэй өрсөлдөгч Австрали улс 2000 онд зуны олимпийн наадмыг өндөр төвшинд зохион байгуулж байсан туршлагатай улс тул ялна гэдэгтээ итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.
2018 болон 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах улс орнуудыг тодруулах ёслолын ажиллагаа Монголын цагаар өнөөдөр 23.00 цагт Цюрих хотноо эхлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж