“Эй Си Милан”-ыхан Улаанбаатарт ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Эй Си Милан”-ыхан Улаанбаатарт ирнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хотын даргын Вена, Милан хотод хийсэн ажлын айлчлалын танилцуулга хийгдлээ. Хотын дарга Г. Мөнхбаяр Венад айлчлахдаа  тус хотын цэвэршүүлэх байгууламж, хог боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр, утаагүй  нүүрсний үйлдвэр болон газар ухахгүйгээр газар доорхи бохир, цэвэр, халуун хүйтэн усны шугам сүлжээг сайжруулах ажилтай танилцсан байна.

Хотын даргын энэхүү айлчлалын үр дүнд Вена  хотын хог боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн судалгааны баг Улаанбаатар хотод ирэх оны хоёрдугаар сард ирэхээр болжээ.  Тус багийнхан техник эдийн засгийн судалгаа хийх бөгөөд  тэд Европ даяар   хог боловсруулж, улмаар эрчим хүч гаргах 94 үйлдвэр байгуулсан туршлагатай аж. Нийслэл хотод  эрчим хүчний шинэ эх үүсвэр хайж буй энэ цаг үед тун хэрэгтэй ажил болсон гэж хотын дарга дүгнэж байгаа гэнэ. Мөн тэрбээр Италийн Милан хотод усан цахилгаан станц, цэвэр усны байгууламжууд, авто зам, нийтийн тээврийн удирдах газар болон замын компаниудтай танилцжээ. Энэ айлчлалын үеэр  Үндэсний дуур бүжгийн академик театр болон Дэлхийн сонгодог урлагийн төв болсон Ла Скала театрын хамтын ажиллагааны гэрээ, Үндэсний  байгалийн түүхийн музей Милан хотын түүхийн музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Миланы айлчлалын үр дүнд хөлбөмбөгийн хорхойтнуудыг баярлуулах үйл явдал болох нь. Ирэх оны нэгдүгээр сард Миланы хөлбөмбөгийн алдарт баг Эй Си Милан багийн  тоглогчид Улаанбаатар хотод айлчилж ирэхээр болжээ.  Ирэх зургадугаар сард Милан хотын соёлын өдрүүд болох юм байна.  Уг арга хэмжээний үеэр сонгодог урлаг, кино, эстрад, загвар үзүүлбэрийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж