Засгийн газар тамирчдаа дэмжин ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Засгийн газар тамирчдаа дэмжин ажиллаж байна

Өнөөдөр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан Биеийн тамир, спортын ордныг Монгол Улсад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болсон юм. Уг ёслолд оролцон, баяр хүргэсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын үгийг хүргэе.
                                
Эрхэм хүндэт зочид оо,

Монгол хүний алдар сууг олимп, тив дэлхийн дэвжээнд мөнхөлсөн их спортын салбарынхан, багш, дасгалжуулагч, тамирчид аа! 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж баяр бахархал, амжилт омогшлоор дүүрэн байх их спортын ордны нээлтэнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.

Олимпийн их наадам, тив дэлхийгээс алт, мөнгөн медальтан олноор төрөн гарч, монгол хүний эрч хүч, эр зориг, авахаалж самбааг дэлхийн дэвжээнд дуурсгасан энэ он жилүүдэд спортын шинэ ордон баригдаж эдүгээ ашиглалтанд орж байгаа нь ирээдүйн их амжилт, ялалтын нэгэн бэлгэдэл болж байна.

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар манай Засгийн газраас баримтлах бодлогын нэгэн чухал зорилт бол нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг эрүүл аж төрөх ёсны хэв маяг болгох явдал юм. Энэхүү зорилтыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлуудын нэгэн хэсэг нь өнөөдөр нээлтээ хийж байгаа спортын шинэ ордны бүтээн байгуулалтын ажил  мөн юм. Энэхүү шинэ ордонг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу манай талд хүлээлгэн өгч байна. 

Манай хоёр орны найрамдалт харилцаа биеийн тамир, спортын салбарт үр бүтээлтэй өрнөж ирсний тод жишээ нь үе үеийн спортынхны бэлтгэл сургуулилалтаа хийн, амжилт ялалтаа дуурсгаж ирсэн тамирчдын маань хоёр дахь гэр болсон Спортын төв ордон болон Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд БНХАУ-ын тусламжаар баригдан ашиглалтанд орж байсан явдал билээ. Энэ бүхний үргэлжлэл болж Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2006 онд хийгдсэн Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн гэрээний дагуу 115 сая юаны буцалтгүй тусламжаар орчин үеийн спортын ордон барихаар шийдвэрлэсэн. Манай Засгийн газар уг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу улсын төсвөөс 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэхүү спортын ордонд зарцуулсан.  Ирээдүйн аваргуудын хичээл зүтгэл, амжилт алдрын хөлс, ард түмний минь баяр хөөрөөр дүүрэн байх энэхүү шинэ спортын ордныг барихад хамтран ажилласан БНХАУ-ын Засгийн газар, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, дэмжиж ажилласан бүх хүмүүст, барилгын ажлыг өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад өгч байгаа  “Шанхай констракшн” группын хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс  гүн талархал илэрхийлье.

Энэ оны 9 дүгээр сараас хойш тив, дэлхийн аварга болсон тамирчид, тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч нарт 297 сая төгрөгийг олгохоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.

Цаашид спортын ордон, биеийн тамирын танхим, цэнгэлдэх хүрээлэнг төрөлжүүлэн барихын зэрэгцээ эх орондоо Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулахад шаардлагатай 30,0 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн бүхий спортын цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн төлөө байна.

Ийнхүү биеийн тамир, спортын салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлж, нийтийн биеийн тамир спортыг түгээн дэлгэрүүлэх аливаа санал санаачилгыг дэмжиж, эрүүл чийрэг өсвөр залуу үеийг төлөвшүүлэх, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй зөв тогтолцоо, биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллана.  Дасгалжуулагч, тамирчид та бүхэн идэвх чармайлт гарган бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, “Лондон 2012” Олимпийн наадамд Монгол түмний омогшил, бахархлыг төрүүлсэн бахдам амжилтуудыг гаргах учиртайг энэ баярт мөчид сануулъя.

Энэхүү их спортын өргөөнд Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужил, ур ухаан, мөрөөдөл тэмүүлэл цэцэглэж, Монгол хүний бахдал, хийморь, уухайн түрлэгээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж