Орон нутгийн анхны өнгөт сонины “эцэг”

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Орон нутгийн анхны өнгөт сонины “эцэг”

Социализмын үед “Эвлэл Бямбаа” хэ­мээх  алдрыг  түмэн олноосоо хүртэж, МХЗЭ-ийн зааварлагчийн ажлыг үлгэр жишээ гүйцэтгэж явсан энэ эрхмийг Лувсандагвын Бямбаа гэдэг юм. Өнөөдөр тэр Сэлэнгэ аймагтаа төдийгүй орон нутагтаа анхны тогтмол хэвлэл болох “Шинэ ГЭГЭЭ” хэмээх өнгөт сонины эрхлэгчийн албыг хашиж байна. Сэлэнгэ аймаг бол хувьсгалын өлгий, анхдагч бүхний түүчээ гэдэг утгаараа их түүхийг өгүүлдэг, бас хадгалан үлдсэн аймаг. Ийм ч учраас Монгол Улсдаа анхны орон нутгийн өнгөт сониныг өлгийдөн авч анхдагч бүхний эхлэл болсон түүхээ зузаалсан юм.

“Шинэ ГЭГЭЭ” сонин анх гурван хүнтэй байгуулагдсан бүрэлдэ­хүү­нээ­рээ өнөөдөр ажилласаар таван нас хүрлээ. Эрхлэгч Л.Бямбааг өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад хийж байгаа ажилдаа үнэнч тууштай ханддаг, авьяаслаг удирдагч төдийгүй манлайлагч байж чаддаг хэмээн түүний хамтран зүтгэгчид ярьдаг юм билээ. Галтай цогтой, хөдөлмөрийн уухай хаана хадна тэнд тэргүүн эгнээнд явдаг байсан соц нийгмийн үеийн залуусын нэг энэ эрхэм тухайн цаг үед тэднийг үлгэр жишээ удирдан зохион байгуулж явсаар зэх зээлийн нийгэмтэй золгосон нэгэн.

“Эвлэл Бямбаа”-гийн үед одоотой адил бүжиг диско явуулахад өнгө өнгийн гэрэл гэж байсангүй. Бүх зүйлийг өөрсдөө сэтгэн хийж, залуучуудынхаа чөлөөт цагийг өнгөрүүлдэг байжээ. Ямар сайндаа л өнгөт плёнк гэрлийнхээ урдуур тавиад, дөрвөн мөчиндөө утас уяад, ээлжлэн татаад анивчдаг гэрэл хийхэв дээ. Ингэж нэгэн оройн диско бүжгийг явуулж дөрвөн мөчөө хөдөлгөхийн хажуугаар амаараа залуусаа уриалан дуудсан ухуулга яриагаа явуулдаг байсан гээд л бод доо. Тухайн үедээ их л гоё арга хэмжээ болсон гэдэг. Өнөөдрийн бидний үетэй харьцуулахад инээдтэй санагдах биз. Гэтэл тэр үеийн залуус ямар их хөдөлмөрч, сэтгэлгээ сайтай байсныг ганцхан энэ жишээ ха­руулна. Ингэж явахдаа тэрбээр “дис­ко Бямбаа” нэр авсан гэдэг. Дараа нь зах зээлийн шуурганаар МХЗЭ гэдэг бай­гууллага маань үгүй болж, олон хүн ажил­гүй болсон байна. Залуу хүн тэр дун­даа ажлын фронтод үргэлж шинийг сэдэж явдаг тэрбээр Сэлэнгэ аймагтаа анхны баар гэгчийг байгуулж “Далайн Од” хэмээн нэрлэжээ.
Ингэж анхны баарны үйл ажиллагааг Сэлэнгэчүүдэд таниулж, мэдрүүлснээр “Bar Бямбаа” нэр авсан. Харин энэ ажлаа удаан хийгээгүй. Хар багаасаа л хөлд орсон цагаасаа ээжийгээ даган “Хангай” хэвлэх үйлдвэрийн босгоор алхан орж ээжтэйгээ сонин хэвлэх ажлыг хийсээр ирсэн түүний сэтгэлийн учиг нь “сонин” хэмээх их хөдөлмөрийн фронттой хувь заяагаар нь холбон өгчээ. 2002 онд “Сэлэнгийн мэдээ” сонин Сэлэнгэ аймагт байгуулагдахад менежерээр нь орж ажиллаж байгаад 2005 онд сэтгүүлч Ч.Отгонцэцэг, Д.Одонтунгалаг нартай хамтран аймагтаа анхны өнгөт сонин байгуулахаар зориг шулуудан зүтгэсэн. Ийнхүү үзэгнээс өөр эд хогшилгүй “гурав”-ын зорьсон зорилго, хүссэн хүсэл биеллээ олж өнөөдөр орон нутагтаа анхны тогтмол, чөлөөт хэвлэл “Шинэ ГЭГЭЭ” хэмээх өнгөт сонинг гаргаж Сэлэнгэчүүддээ оюуны асар том хөрөнгө оруулалтыг хийсээр явна.

Оюуны хөрөнгө оруулалт гэдэг бол маш том буяны ажил байдаг. Хүн төрөлхтөнд гэрэл гэгээ аз жаргал хайрласан мэдээллээр сонорыг нь мялааж, хийсэн бүтээсэн гавьяатныг олон түмэнд үлгэр жишээчээр таниулан хүргэнэ гэдэг юунаас ч чухал үнэтэй эрдэнэ. Сонины ажил асар их нэр хүндтэй, нарийн чимхлүүр хөдөлмөр. Тэр дундаа зах зээлийн энэ хүнд хүчир нөхцөлд ивээн тэтгэгч, хэн нэгэн томоохон компанийн ивээл дор бус өөрсдийн бор зүрхээрээ хөдөө орон нутагт бие даасан сонин гарган ажиллана гэдэг амаргүй. Энэ бүхэнд нарийн менежмент, холч ухаан чухал. Бүгдийг гардан гүйцэтгэж  гурван  хүний ажлын байр гарган олон мянган хүнд оюуны хөрөнгө оруулалт хийж буйг буян гэлгүй яах билээ. Үндсэн мэргэжил нь орос хэлний багш тэрбээр хуучнаар ЗХУ-д Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн. Одоо түүнийг хүмүүс “Сонины Бямбаа” гэдэг болжээ.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж МСНЭ-ээс Хэвлэл мэдээллийн бай­гуул­лагын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан. Гэрэлт ирээдүйг зөгнөн мөрөөдөж, өөдрөг амьдралд зорин тэмүүлсэн хүслээр сониноо “Шинэ Гэгээ” хэмээн нэрлэсэн юм. Түүний эрхэлдэг “Шинэ Гэгээ” сонин гэрэлтэй, гэгээтэй мэдээллийг ард түмэндээ хүргэж, хөдөлмөрч Сэлэнгэчүүдийнхээ дусал хөлсний үнэ цэнийг нийтэлдэг юм. Энэ нь ч тэдний нийтлэлийн бодлогын нэгээхэн хэсэг. Ийнхүү орон нутгийн анхны цорын ганц өнгөт сонин таван нас хүрчээ.

Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж