Байршил тогтоох төхөөрөмжтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Байршил тогтоох төхөөрөмжтэй боллоо

Монголын Мянганы сорилтын сан байнгын ажиллагаатай суурин болон явуулын GPS станцуудыг өнөөдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд гардуулан өгөв. Хиймэл дагуулаас байрлал тодорхойлох байнгын ажиллагаатай эдгээр зургаан суурин станц, 16 ширхэг GPS нийтдээ тэрбум гаруй төгрөгийн үнэтэй юм байна. Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд Улаанбаатар хотод дөрвөн ширхэгийг, Дархан, Эрдэнэт хотуудад тус бүр нэг нэг станц суурилуулсан ба бүсийн төв тус бүрд хоёр ширхэг GPS нийлүүлжээ.

Суурин станцууд нь  орчин тойрондоо байрлалынхаа засварын дохиог тогтмол илгээдэг бөгөөд энэхүү дохиог хүлээн авсан GPS төхөөрөмж нь газар дээрх объектын байрлалыг 1.5 см ийн нарийвчлалтай тодорхойлдог байна. Эдгээр төхөөрөмжийг ашиглан гэр хорооллын хашааны газрын кадастрын зургийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай гүйцэтгэх боломжтой болж байгаа бөгөөд   энэ нь газар өмчлөл ид явагдаж байгаа өнөө үед иргэд, айл өрхөд нэн хэрэгтэй төхөөрөмж ажээ. Суурин станц бүр 15-25 километрийн радиус дотор дохио цацах хүчин чадалтай. Улаанбаатар хотод байгаа дөрвөн станцын нэгийг ЗТБХБЯ-ы дээвэр дээр байрлуулсан байна.

Дээрх хиймэл дагуулаас байрлал тодорхойлох Байнгын ажиллагаатай суурин станц хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд 12.00 цагт болсон юм. Ёслолын ажиллагаанд ЗТБХБ-ын сайд С.Баттулга болон Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд нар оролцлоо.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж