Ажлыг удаашруулахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Ажлыг удаашруулахгүй байхыг анхааруулав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон бөгөөд хуулийн төслүүдийг  анхны хэлэлцүүлгээр нь батлав.  

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг дараа нь хэлэлцлээ. Зээлийн зарим хэлэлцээрийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа талаар энэ үеэр шүүмжлэл гарч байсан бөгөөд УИХ-ын гишүүн Р.Буд “өнгөрсөн жилийн Германы төсөл хэрэгжихдээ маш удаан явагдсан, харин энэ төсөл хэр явагдах бол, чанар нь яах бол, ямар шүүлтүүр давсан бэ, зөвлөх үйлчилгээг Монголын тал хийж байна уу, мөн л нөгөө гадныхан ирээд хэдэн төгрөгийг нь аваад алга болох уу” гэсэн байна. Мөн гишүүнийн зүгээс “замын компаниуд тендерт шалгарахын тулд хямдхан зардал бичиж ороод дараа нь мөнгө хүрэлцэхээ болилоо гээд хойш суудаг” талаар асуудал хөндөв. Төслийн хүрээнд баригдах 30 гаруй км замын ажлыг удаашруулж болохгүй, хэмээн анхааруулснаар санал дүгнэлт өндөрлөсөн юм. Ийнхүү хэлэлцээд дэмжих нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж