“Коктейльтэй уулзалт” хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Коктейльтэй уулзалт” хийлээ

Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хоёр долоо хоног тутамд зохион байгуулдаг “Коктейльтэй уулзалт”-анд Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчид оролцлоо. Төрийн аль нэг байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөллийг урьж оролцуулан ширээний ард чөлөөт ярилцлага өрнүүлдэг уг арга хэмжээ нь ихээхэн үр дүн, ач холбогдолтой болдог аж.

Энэ удаагийн “Коктейль уулзалт”-аар Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдварт судлалын хяналтын улсын байцаагч С.Дагиймаа,  Хүнс үйлчилгээ, худалдаа, нийтийн хоолны хяналтын улсын байцаагч Б.Энхтуяа, Д.Мөнхтуяа, Газар тариалан, ургац хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Лхагважав, Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Туул нар байгууллагынхаа үйл ажиллагааны тухай танилцуулж, гишүүдийн сонирхсон  асуултанд хариуллаа. Мөн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Наранцэцэг халдварт шар өвчний тухай мэдээлэл өгч, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөлөө.

Уулзалтанд оролцогдсод ихэвчлэн орчны эрүүл ахуйн талаар хийж буй ажлыг сонирхож, төв захыг нүүлгэх, эсэх тухай санал солилцсон юм. Түүнчлэн захыг нүүлгэх шийдвэр  гаргаснаар “Мөнх-Ариун” зэрэг захууд шинээр баригдсан. Гэтэл тэнд нь очсон худалдаачид ганц ч алга. Юм хийж бүтээж байгаа хүмүүсийнхээ итгэл, урам зоригийг ингэж мохоож болохгүй” гэсэн шүүмжлэлүүд яригдаж байлаа. Мэргэжлийн хяналтын зүгээс “Бид зах төрөлжүүлэх, цэгцлэх талар олон удаа санал, хүсэлт тавьж, идэвхитэй оролцсон. Харин аймгийн удирдлагууд хориг тавьж хойшлуулсаар өнөөдрийг хүрч байна” хэмээн мэдэгдсэн юм.

Захыг нүүлгэж, цэгцлэх ажлыг олон нийт хүсэн хүлээж байгаа нь тэдний төлөөллийн ярьж буй ярианаас илэрхий байв.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж