“Williams” баг Малдонадог нисгэгчээрээ сонголоо

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Williams” баг Малдонадог нисгэгчээрээ сонголоо

“Формула нэг”-ийн Williams баг 2010 оны GP2-ын аварга Пастор Малдонадог багийн хоёрдугаар нисгэгчээр сонгож, 2011 оны дэлхийн аваргад оролцохоор болжээ. Харин тус багийн нэгдүгээр нисгэгчээр өнгөрөгч улирлыг хамтдаа үдсэн Рубенс Баррикелло багтаа үлдэж, Williams-ын нэр дээр уралдахаар болжээ.

Ингэснээр Пастор Малдонадо “Формула нэг”-т уралдсан Венесуэль гаралтай хоёр дахь нисгэгч болох боломжтой болж байгаа юм. Тэрбээр тус багийг орхисон Нико Хюлькенбергийг орлож, ирэх жил Williams-ын хоёрдугаар нисгэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Хюлькенберг 2009 онд GP2-т түрүүлж, улмаар “Формула нэг”-ийн гараагаа Williams багаас амжилттай эхлүүлсэн ч тэргүүн ангилалд авчирсан багтайгаа гэрээ хийлгүйгээр орхисон билээ. Ингээд Williams хоёр дахь жилээ дараалан GP2-ын аваргыг багтаа элсүүлж байгаа юм.

“Энэ олон нисгэгчид дундаас Williams намайг сонгосонд үнэхээр баяртай байна. Формула нэгийн хамгийн алдартай багуудын нэг намайг сонгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж Венесуэль нисгэгч хэлжээ.

Williams-ын босс Франк Уиллиамс Малдонадог 2007 онд GP2-т дебют уралдаанаа хийж байхад нь анхаарлаа хандуулж байсан бөгөөд улмаар аварга цолонд хүрснийх нь дараачаар багтаа авчирч байгаа нь энэ юм.

Долоон настайгаасаа эхлэн карт уралдаанд оролцож эхэлсэн Малдонадо энэ улиралд нийтдээ зургаан гараанд түрүүлснээр 87 оноотой тэргүүн байрт бичигдэж байна. Одоо түүнд энэ улирлын 21 дэх гараа буюу Валенсиягийн уралдааныг сэтгэл өөдрөгөөр багтаа ялалт авчрах л ажил үлдэж байна. Ингэснээр тэрбээр авто спортын хаан гэгдэх” Формула нэг”-т хөл тавих юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж