Монгол шиг аюултай газар алга

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Монгол шиг аюултай газар алга

Уг нь манай Монголыг уудам дэлгэр нутагтай, дайн дажингүй амар амгалан диваажингийн орон гэлцдэг байлаа. Бас дээр нь манайх шиг баян орон байхгүй гэж онгирно. Монгол хүн бүр ийн ярьж, цээжээ дэлдэх дуртай. Гэтэл үгүй юм аа. Бид андуураад байна. Яг үнэндээ Монгол шиг аюултай, эрсдэлтэй газар алга. Саяхан хоёр Солонгос дайтахаа шахаж, дэлхий нийтийг сэртхийлгэсэн. Гэвч 200 удаа гал нээхэд ердөө хоёр хүн эрсдэв. Харин яг энэ үед нөгөө сайхан амар амгалан Монголд маань ганцхан шөнийн дотор нэг гэрийн есийн есөн хүн бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Бүх айл гэр байшингаа галд шатдаггүй, усанд урсдаггүй материалаар барихгүй бол юу ч болж мэдэх нь. Бас гэгээн цагаан өдрөөр ч хаалга үүдээ хэдэн давхар цоожоор түгжиж байхгүй бол хэн ч орж ирээд нухчихаж магадгүй нь. Амны билгээ бодоод тийм аймаар юм арай өдөр болгон гарахгүй байлгүй гэж найдаж болно л доо. Гэхдээ нийгмийн стресс, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болоод жилд 170 хүн өөрийгөө хорлодог гэсэн. Тэдний дийлэнх нь бага насны хүүхэд гэхээр бүр ч аймаар. Монголчууд хэдүүлээ билээ дээ. Амиа хорлочихооргүй арай сэтгэлийн хаттай нь стрессээ тайлах гэж хатуу юм балгаад хордоно. Бас баяр тэмдэглэснийхээ төлөө ч хэдэн арваараа нөгөө ертөнц рүү явж л байсан. Хотын иргэд өвлийн турш хүссэн хүсээгүй өөрийгөө хорт утаагаар утна. Энийг одоо юу ч гэмээр юм. Хүсээгүй амиа хорлолт гэж томъёолмоор ч юм уу. Ёстой л нөгөө ерээд оны хошин шогийнхны “Хоол идье ээ хордоод үхэж байна, идэхгүй байя аа тураад үхэж байна…” гэдэг шиг. ДОХ-ын халдвар тээгсэд ч өдөр ирэх бүр хүрээгээ тэлсээр. Энэ мэтээр муу муухай болгоныг дурьдаад байвал дуусахгүй юм байна. За за, ерөөсөө больё. Ийм аймаар газар хэзээ үхэх бол гэж бэмбэгнэж сууснаас зүгээр л харь гарагт очиж амьдаръя. Бидэнд элдэв эрсдэлгүй сайхан оронд очиж амьдрах шаанс ямар байх биш. Тэр нь хамаагүй дээр биз.          

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж