805 тэрбумаа “чулуу” болгох уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

805 тэрбумаа “чулуу” болгох уу?











Ирэх оны
төсвөө алдагдалтай баталсан эрхэм түшээд инээд алдан ордноор сэлгүүцэх зуур
иргэд ч шинэ оноос эхлэн сар бүр зүгээр сууж байгаад л 21 мянган төгрөгтэй
болох нь гээд бас л хөөрцөглөж байна. Монгол Улс саяхан хүн амаа хагас дутуу
тооллоо. Тооллогын эцсийн дүн цагаан сарын дараа гарах юм гэсэн. Хагас дутуу
гэсний учир нь манай ажлын нэг залуу л гэхэд манайхаар тооллого орж ирээгүй гэж
батлаад байгаа. Бас гадаадад суугаа зарим нэг иргэн нэт-ээр бүртгүүлэх гэсэн
чинь ерөөсөө болдоггүй, одоо яах вэ гэж ар гэр рүүгээ ярьж байх жишээтэй. 

За тооллого ч
яахав, тоолоо л биз. Тооны цаана учир их бий. Ирэх нэгдүгээр сараас эхлэн
Монгол Улс иргэн бүртээ сар бүр 21000 төгрөг өгөхөөр болсон болохоор л нарийн
тоо гаргамаар санагдаад. Гэхдээ санаа байвч сачий хүрэхгүй биз. Гэхдээ Засгийн
газар, УИХ 805 тэрбум төгрөгийг хоёр сая гаруй ч байна уу, гурван сая ч байна уу
хүнд өгөх тооцоо гаргаад л гаргасан тоо байх. Нэг хүнд 21 мянга гэдэг их мөнгө.
Нэг ам бүлд ойролцоогоор хэчнээн хүн байх билээ. Манайх л гэхэд ам бүл
дөрвүүлээ.

Сардаа
тэгэхээр 84 мянган төгрөг авна гэсэн үг. Энэ мөнгөөр юу авч гийгүүлэх вэ.
Шуудай гурил, гулууз махны үнэ. Өлсгөхгүй л юм байна, энэ төр бид дөрвийг.
Бүтэн жил хураая л даа, 21 мянган төгрөгөө. Тэгэхээр 1 сая найман мянган
төгрөгтэй болох нь. Сая төгрөгөөр юу авч болох вэ. Юм юм л авах байх. Сар
шинээр амьтан ах дүүсээ нүүр улайхааргүй дайлж цайлаад, барьц өгөөд гаргачихна.
Яахав ээ, төрийн хишиг голоод байх юм алга. Энэ мэтээр бодоод суувал чамлахаар
чанга атга гэгч болно. Иймхэн санаагаар энэ 21 мянган төгрөгийг авахгүй ээ, улс
хэрэгтэй юмандаа зарцуулсан нь дээр гэх хүн олон байгааг News.mn сайтын санал
асуулгаас харж болно. Нийт санал өгсөн хүмүүсийн 70 хувь нь 805 тэрбумыг бүтээн
байгуулалтад зориулъя гэсэн байна. Зарим хүн Ер нь авна гэх байх л даа. Ингэж
ганц хоёр, дөрөв таваараа нийлж аваад идэж уугаад дуусгаснаас хэсэг бүлгээрээ,
овог аймгаараа, дүүрэг хороогоороо нийлж байгаад хороондоо, дүүрэгтээ, багтаа,
сумандаа, аймагтаа хэрэгтэй зүйл хийе л дээ. Би Баянзүрх дүүргийн харьяат.
Манай дүүрэг 276.6 мянган хүн амтай гэж саяын тооллогоор гарсан байна лээ.
Нийслэлдээ хамгийн олон хүн амтай нь гэсэн үг. Манайхан энэ мөнгөө нийлүүлбэл
69 тэрбум 703 сая 200 мянган төгрөгтэй болно. Энэ мөнгөөрөө дүүргийнхээ нутаг
дэвсгэрийн замыг засч, шинэ сургууль, цэцэрлэг барья. Ерөнхийдөө бүтээн
байгуулалтад энэ мөнгөө зарцуулбал ямар вэ.

Энэ мэтчилэн
нэг сум, багаараа нийлье. Овог аймгаараа ч болно. Би хөөврийн буурлынхан
овгийнх. Манай овгийнхон их бага, хөгшин залуу гэлтгүй нийлбэл бараг 200-гаад
хүн болно.  Манай бүл 50 сая гаруй
төгрөгтэй болно гэсэн үг. Нэг нэг гэр бүлээрээ энэ мөнгийг юу ч болгохгүй,
жинхэнэ идээд л дуусах биз. Харин нийлүүлж байгаад “чулуу” болгосон нь дээр.
Жижиг дунд үйлдвэр байгуулчихаж болно. Хөдөө байгаа хэддээ түшиглээд сүү,
цагаан идээ боловсруулдаг үйлдвэр, эсвэл махны үйлдвэрлэл эрхэлж болно. Ашгаа
хуваачихна л биз. Ажилгүйчүүд нь ажилтай болчихно. Чихэнд чимэгтэй л сонсогдож
байгаа биз дээ. Энэ мэтээр улсаас зүгээр өгч байгаа мөнгийг ходоодоороо
оруулаад доогуураа гаргачихын оронд “юм болгох” нь л зөв. Монгол Улс иргэдээ
харж үзэж байна аа, хөөрхий. Харин энэ их хөрөнгийг үр ашиггүй зүйлд л
зарцуулмаар байна. Сар бүр 21 мянган төгрөгөө аваад идэж уух, өмсөх зүүхдээ
зарцуулаад дуусгаж байхаар чухам “чулуу” болгох хэрэгтэй. Иргэд гар дээрээ
бэлэн мөнгө авахаар тэр мөнгө Эрээн рүү урсч, урд хөршийн бүтээн байгуулалтад
хөрөнгө оруулаад л зүйл дуусна. Нэгдэж, нийлээд 21 мянгаа юм болгож чадахгүй
бол улс 805 тэрбумаар чинь ийм үйлдвэр байгуулж, ийм бүтээн байгуулалт хийлээ
гээд нарийн тооцоо судалгаа гаргачихвал үгүй гэх хүн гарахгүй л болов уу.
Намайг ингэж бичсэний төлөө олон хүн харааж зүхэх байх л даа. Ямар баян хүн бэ.
Улсаас зүгээр өгч байгаа мөнгийг дуугүй суугаад авахын оронд дэмий донгослоо,
ядарсан сэтгүүлчээ мэдэхгүй энэ тэр гэж баалах биз. Бид алийн болгон улсаа
муулж, төрийн түшээдээ зүхэж, юм бүрийг хараар будах вэ. Хааяа ч гэсэн төр
засгийн шийдвэрээ хүндэтгэе л дээ. Ядуу буурайгаараа дуудуулж байдаг Монголын
маань нэг иргэн ч гэсэн гэдэс нь цатгалан яваг гэж зүгээр мөнгө өгч байгаа биз.
Үүнийг нь үр ашигтай зарах уу, үрэн таран хийх үү гэдгийг та бид шийдэж чадна.
Энэ Монголын өмч, баялгийг хүртэх ёстой юм чинь өгөлгүй яадгийм, авалгүй
яадгийм гэх хүн захаас аван олон. Энхэл донхол замаар явж машин тэргээ эвдэж,
хүүхдүүд нь нэг ангид 40-50-иараа чихэлдэж сурсан сураагүй хоёрын хооронд явж,
бага насны хүүхдүүд нь цэцэрлэгийн хүрэлцээ байхгүйгээс гэртээ цоожлуулж, гадаа
шороон дээр тоглож өнгөрөөснөөс тэр нь дээр шүү дээ, уг нь.

Сар бүр 21
мянган төгрөг, жилд 252 мянган төгрөг авлаа гээд баяжина гэдэг юу л бол. Цувж
явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг үг бий. 805 тэрбум гэдэг бидэнд
их мөнгө. Гагцхүү энэ мөнгийг зүгээр л цацаж байснаас цуглуулж, нийлүүлээд
“чулуу” болгох эсэх нь бидний л асуудал.

Б.ОЮУНГЭРЭЛ.

Зохиогчийн эрх:

“Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж