Ассанж: АНУ-ын хамгийн том банкийг овоо хараандаа авсан

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Ассанж: АНУ-ын хамгийн том банкийг овоо хараандаа авсан

Цагтаа хакер явсан, одоо ч гэсэн өөрийгөө хакер гэдгийг хүлээн зөвшөөрсөн Wikileaks вэбсайтын үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Жулиан Ассанж улс төртэй холбоотой олон нууц материалыг ээлж дараалан дэлгэснээр дэлхий дахинд өөрийгөө таниулж чадсан юм. Хамгийн сүүлд л гэхэд АНУ-ын эрх баригчид бусад харилцагчаа тагнасан, Саудын Арабын хааны хүсэлтийг биелүүлсэн зэрэг 250 мянган нууц баримтыг дэлхий нийтэд дэлгэсэн билээ. Тэрбээр “Форбес” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа байгууллагынхаа цаашдын үйл ажиллагааны талаар ярьж, зарим нэг асуудалд үзэл бодлоо илэрхийлсэн байна. Ж.Ассанжийн ээлжит бай АНУ-ын банк  санхүүгийн байгууллагууд байх юм байна. 

Афганистан, Иракт явуулж буй АНУ-ын дайнтай холбоотой 460 мянга гаруй нууц материалыг дэлгэсэн Wikileaks вэбсайтынхан өн­гөрсөн ням гарагт тус улсын олон улс дахь Элчин сайдын яамны 250 мянган нууц материалыг дэлгэж ээлжит шуугианыг тарьсан юм. Wikileaks вэбсайтын захирал, ерөнхий эрхлэгч Жулиан Ассанж “Форбес” сэтгүүлийн сурвалжлагч Энди Грийнбергт сайтынхаа ирээдүйн талаар ярилцлага өгчээ.

-Танд хараахан олон ний­тэд дэлгээгүй нууц ма­те­риалууд байгаа гэж дуулсан?

-Байгаа. Бид нууц мате­риал дэлгэх ажилдаа багагүй амжилт олсон. Гэхдээ бид­ний нийтлэх хурд болон материал илрүүлж, олж авах хурд хоёрын дунд бага зэрэг саад гарч байгаа. Ма­най сайтын материал дэлгэх явц нэр хүнд өсөхтэй зэрэгцэн сайжирч байгаа юм. Ингэснээр бидний нийтлэх боломж ч илүү нээлттэй болж байна.

-Өнгөрсөн удаагийнхаас илүү том асуудалтай хол­боотой материал дэлгэх үү? 

-Тийм ээ. АНУ-ын банкны талаар.

-Таны бай?

-АНУ-ын том банкууд.

-Хамгийн томыг нь уу?

-Энэ талаар тайлбар өгөхгүй.

-Тэгвэл хэзээ олон нийтэд дэлгэх вэ?

-Ирэх жил. Би үүнээс өөр зүйл яримааргүй байна.

-Та үүнээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Сайн хэлж мэдэхгүй бай­на. Ямар ч байсан банкууд хэрхэн үе шат ахиж, хөрөнгийн шалгалт хийж, шинэчлэл явуулдаг талаар гүнзгий ойлголтыг олон нийтэд өгнө. Ингэснээр ямар нэгэн тухайлсан тохиолдол, зөрчлийн тухай ил болно шүү дээ. Ийм зүйлд “Энроны шуудан”-гийн жишээ л хан­галттай. Яагаад энэ бүхэн үнэ цэнэтэй гэхээр Энроныг дампуурахад шүүх хурлынх нь үеэр тус банкны гадаад болон дотоод ажилчдаас төдийгүй холбоотнуудаас ч гэсэн нууц үйл ажиллагааг нь илчилсэн мянга мянган шуудан илгээж байсан шүү дээ. Үүний хүчинд л Энроны асуудлыг шийдвэрлэж чад­сан юм. Wikileaks-ийн хувьд ч яг үүнтэй адил байх болно. Ингэснээр бид Ира­кийн дайны явц болон гарз хохирол, амиа алдагсдын ту­хай олон нийтэд ил болгосон шүү дээ. Хамгийн гол нь аливаа асуудлын талаар маш тодорхой мэдээлэлтэй болно гэсэн үг. 

-Тэгвэл банкууд хэр их хөрөнгө алдсан бол?

-Бид шалгаж байгаа. Миний хэлж чадах зүйл гэвэл банкууд ёс зүйгүй аашилдаг. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн гээд хэлчихвэл хэтэрхий эртдэнэ. Тиймээс бид маш болгоомжтой хандах хэрэгтэй.

-Та өмнө нь Wikileaks-т “ВР” групптэй холбоотой материалууд хадгалагдаж байгаа гэж хэлж байсан?

-Маш их материал бий шүү. Гэхдээ хэвлэл мэ­дээл­лийнхэн, шүүхийнхэн, ир­гэ­дийн ирүүлдэг маш олон мэ­дээллийн хэчнээн нь үнэн болохыг мэдэхгүй. Тий­мээс шалгаж үзэх шаард­лагатай.

-Оросын хэвлэлүүдэд та­ныг тус улсын компаниуд болон улс төрчдийг онилж байгаа гэж мэдээлсэн байна лээ. Харин би Wikileaks-ийн эх сурвалжууд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан гэж дуулсан?

-Хэрэв Оросын Холбооны улсын аюулгүйн алба хөнд­лөнгөөс оролцоогүй бол эх сурвалжууд маань мэдээллээ харамгүй өгөх байлаа. Гэхдээ  бидэнд Оросын Засгийн газар, бизнес эрхлэгчидтэй хол­боо­той маш олон баримт бий. 

-АНУ, Хятадын тухайд?

-АНУ аль хэдийнэ хо­хирогч болчихсон шүү дээ.

-Байгаль орчны асууд­лаар материал бий юү. Жишээ байвал хэ­лээч?

-Энэ тал дээр бүх асуудлыг хөндөнө. Нэг жишээ дурьдъя. “Техас Канадын газрын тос”-ны компани надаас зугтаж байсан. Яагаад гэвэл тус компаний Албани дахь хэд хэдэн цооног дэлбэрсэн мэдээлэл ирсэн юм. Энэ бол ноцтой асуудал. Уг компанийн Албанид ажилладаг инженер нь энэ талаар анх надад мэдээлэхдээ хорлон сүйтгэх ажиллагаа гэсэн. Олборлолт явуулж байсан газарт хоёр том ком­пани өрсөлдөж байсны нэг нь Албанийн Засгийн газрын оролцоотой компани байсан юм билээ. Би энэ талаар мэдээлсэн ч гарчиг өгөөгүй. Хэнд хамааралтай талаар ч дурьдаагүй өнгөрсөн юм.

-Мэдээлэл хүрэлцээгүй байсан юм уу?

-Тухайн үедээ бол тийм байсан. Гэхдээ одоо бүх нарийн ширийн зүйлийг нь мэдчихсэн.

-Санхүүгийн асуудлыг сөхөх үү?

-Санхүү маш ач хол­богдолтой асуудал учраас бид үүнтэй холбоотой маш олон материал цуглуулсан. Дубай зэрэг томоохон хотын банкуудыг дам­пуурахаас өм­нө бид нүсэр аппаратууд ялзарсан байдгийг харуулсан материал дэлгэж байсан шүү дээ. Харин үүнийхээ хариуд заналхийлэл хүлээж авсан даа.

-Таны дэлгэж буй ма­териалууд зах зээлтэй хэрхэн зохилддог вэ?

-Маш энгийн. Зах зээл бий болгохын тулд мэдээллээр хангадаг. Төгс зах зээл төгс мэдээллийг шаарддаг.

-Та өөрийгөө чөлөөт зах зээлийг хамгаалагч гэж хэлэх үү?

-Мэдээж тэгэлгүй яахав. Би капитализмыг олон талаас нь авч үздэг хүн л дээ. Гэхдээ би зах зээлд дуртай.

-Та бол компьютерийн хакер хүн. Хэрхэн нууц мэдээлэл олж авах аргачлал бий болгосон юм бэ?

-Үнэндээ энэ их дургүй хүрмээр асуудал л даа. Яагаад гэвэл би хүмүүсийн хамгийн ихээр ярьдаг хэрхэн хакер болох тухай болон үүнтэй уялдаатай баримтуудыг дурьд­сан ном бичдэг хүн. 20 жилийн өмнө зүгээр л “cut” хийгээд “paste” хийчихдэг байсан бол орчин үед бидэн шиг хүмүүсийг хакер гэж нэрлэхэд дурамжхан ханддаг болжээ.  Гэхдээ би үүнд гутдаг бус харин бахархдаг. Би 1993 онд Австралид ISP-ийг анх нэвтрүүлснээсээ хойш нийтлэлч болсон. Бидний хийдэг ажил бол зөвхөн хэвлэн нийтлэх биш. Биднийг олон улс, сэтгүүл зүйн идэвхт­нүүд бүрэн хамгаалдаг. Харин компьютерийн хакер биднийг хуулиас салгаж, хамгаалалтгүй болгож байна.

-Маджийн талаар асуу­маар байна? /Мадж бол домог болон мөнхөрсөн компьютерийн хакер/

-Мадж бол чанга залуу.

-Мадж одоо Пентагоны Батлан хамгаалахын су­дал­гааны агентлагийг тол­гойлж байгаа гэсэн. Тэр танай байгууллагын нууц материал дэлгэх явдлыг тас­лан зогсоохын төлөө ажил­лаж байгаа юм уу?

-Тийм л дээ. Гэхдээ би илүү тайлбар хиймээргүй байна. Тэгээд ч манай бай­гууллагын эсрэг явуулж бай­­гаа аливаа ажиллагааны талаар би юу ч мэдэхгүй.

-Wikileaks-ийг хуулбар­лагчид болон даган дуу­райгчдын талаар юу гэж бодож байна вэ?

-Тэд бол маш том аюул бас бэрхшээл. Тиймээс тэдний эсрэг зөв алхам хийх амаргүй. Саяхан би Хятадын Wikileaks-ийг харсан. Тэгээд хамтарч ажиллахыг санал болгосон. Мэдээж тэдэнтэй хамтарч ажиллах нь бидэнд сайхан завшаан болно. Хамгийн гол нь тэдэнд итгэл төрүүлэхүйц нэр хүнд байхгүй байгаа нь том бэрхшээл болж байна.

-Wikileaks-т сөрөг стра­теги бий юү?

-Байгаа. “Бусад хүмүүс ч гэсэн зоригтой болдог” гэсэн бодлогыг баримталдаг. Хэрэв хэн нэгэн нууц материал дэлгэх гэж буйг эсэргүүцвэл тухайн хэвлэн нийтлэгч нь шууд л олон нийтийн өмнө ил гар. Ингэж байж л хүмүүст итгэл төрүүлж, өөртөө татаж чадна шүү дээ.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж